Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Б.Түвшинтөгс: Төсвийн тогтвортой байдлыг хангах үзэл баримтлалаа дагахгүй байна



The Mongolian Mining Journal /2016.10/
095


МУИС-ийн дэд профессор, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор Б.Түвшинтөгстэй MMJ-ийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ ярилцлаа.


Монгол улс “Стэнд Бай” хөтөлбөрт хамрагдах талаар ярьж байна. Хэрвээ хамрагдахаар болвол  энэ хөтөлбөрөөс бид юу хүлээх ёстой вэ?

“Стэнд Бай” хөтөлбөрийн талаар олон нийтийн дунд хоёр буруу ойлголт байх шиг байна. Нэгдүгээрт, шууд л хатуу бодлого явуулаад эхэлнэ гэсэн төөрөгдөл байна. “Стэнд Бай” бүх оронд яг адилхан загвараар хэрэгждэг хөтөлбөр биш. Олон улсын валютын сан /ОУВС/ 1998 оны Азийн хямралаас хойш бүх оронд нэг загвар тулгадаг байснаа болиод тухайн оронд тохируулж хөтөлбөр боловсруулдаг болсон. Азийн хямралаас өмнөх ОУВС-гийн хөтөлбөрүүд Вашингтоны хэлэлцээрээр тохирсон өгөгдлүүдийн хүрээнд явагддаг байсан бол Азийн хямралын дараа энэ загвараасаа татгалзаж эхэлсэн. Улс орон бүрт төсвийн өсөлт, мөнгөний бодлогыг нь хязгаарлаад, төрийн өмчийг хувьчлаад байж болохгүй гэдгийг ойлгосон. Тухайн орон бүрт өөрийн гэсэн онцлог бий. Институцийн чанар нь ч өөр өөр гээд олон зүйлийг бодолцох ёстой болсон.

Бидэнд хамгийн ойрхон жишээ бол 2008-2009 оны хямралын үеэр хэрэгжүүлсэн “Стэнд Бай” хөтөлбөр. Тухайн үед тийм ч айхтар бүсээ чангалсан зүйл байхгүй. Хөтөлбөрийг хэрэгжих явцад зэсийн үнэ хурдацтай өсөөд эхэлсэн нь хатуу бодлого явуулах хугацааг богиносгож өгсөн ч ийм төрлийн хөтөлбөр амжилттай хэрэгжих боломжтой гэдгийг бид харсан.

ОУВС-гийн хөтөлбөрийн гол онцлог нь төсвийг сахилга баттай болгож өгдөг. Төсвийн орлогын бааз сууриа өргөтгөх, зарлага болон алдагдлыг тодорхой хэмжээнд барих шаардлага тавигддаг. Уг нь ОУВС байсан, байгаагүй ямар ч Засгийн газар хэрэгжүүлэх ёстой бодлого юм. Төсвийг сахилга батжуулахын тулд заавал гадны хүнээс туслалцаа авах шаардлага байхгүй шүү дээ.

Хоёрдугаарт, “Стэнд Бай”-д хамрагдсан тохиолдолд 1-1.5 тэрбум доллар орж ирнэ гэж яриад байна. Тэр мөнгийг улсын төсөвт өгдөггүй. Валютын сангийн мөнгө ярихаар төсвийн орлого болж, төсвийн алдагдлыг нөхөх нь гэж ярьж байгаа нь төөрөгдөл. “Стэнд Бай” бол  төлбөрийн тэнцлийн хүндрэлийг давахад зориулж хэрэгжүүлдэг болохоос төсвийн хүндрэлд зориулдаг хөтөлбөр биш. Энгийнээр хэлэхэд валютын орох, гарах урсгалд дэмжлэг өгдөг гэж ойлгож болно. Түүнээс биш Засгийн газрыг зардлаа санхүүжүүл гээд өгдөг мөнгө биш.

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр валютын нөөц нэмэгдэж, ханшийн дарамт буурдаг. Төсвийн алдагдлыг хөтөлбөрийн хүрээнд бусад донор орнууд, байгууллагуудтай ярьж санхүүжүүлдэг. Жишээ нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка гэх мэт ОУВС-гаас бусад санхүүгийн байгууллагууд, донор орнуудаас төсвийн орлогод дэмжлэг үзүүлдэг.

Төсвийн алдагдлыг дотоодоосоо шийдсээр   хязгаараас давж, одоо тэсэрч байх шиг байна?
Тийм. Нэг ёсондоо хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр байгаад дахиж нөхөх боломжгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр гадны байгууллагаас биднийг сахилга баттай болгоод өгөөч гэж гуйж байгаа хэрэг. Энэ бол үнэхээр харамсалтай. Бид зах зээлийн эдийн засгийн горимд шилжээд 25 жил болчихлоо. Нийгмээрээ суралцах хугацаа тодорхой хэмжээнд байсан. Төсвийн сахилга бат тодорхой хэмжээнд зохистой байх боломжтой байсан ч тэгж чадахгүй байсаар өдий хүрчихлээ. Бид алдаанаасаа сайн суралцаж чадахгүй байна.

Өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэхгүйдээ ийм байдалд хүрчихээд байгаа хэрэг биш. Сангийн яам, Монголбанк улс төрийн нөлөө багатай орчинд төсвийн бодлого, мөнгөний бодлогыг явуулсан бол бид мөчлөг сөрөх бодлогыг чөлөөтэй аваад явчих боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн чадавх, эрх зүйн орчин нь аль хэзээний хангалттай бүрдчихсэн гэсэн үг. Зөвхөн тэднээр ажлыг нь хийлгэж, эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Харамсалтай нь улс төрийн шийдвэр давамгайлж байгаа болохоор мэргэжлийн хүмүүс дагахаас өөр замгүй болчихоод байна. Институцийн тогтолцооны ийм гажиг бат тогтчихлоо. Зургаа, долоон жилийн өмнө хямраад нэг хөтөлбөр авсан. Өнөөдөр бас авахаар ярьж байна. Таван жилийн дараа хямарвал дахиад л гадныхан руу хандах юм уу. Тэгэхээр дотооддоо нэгдмэл ойлголтод хүрэх хэрэгтэй байна.

Миний хувьд сонирхол татаж байгаа асуудал бол өнөөдрийн хямралаас яаж гарах вэ гэхээсээ илүүтэйгээр урт хугацаандаа бид ийм хүндрэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог төлөвшүүлж чадах уу гэдэгт байгаа. Урьд өмнө төсвийн хүндрэлд орж л байсан. Энэ удаагийнх хамаагүй том гэдгийг бүх түвшинд ойлгох ёстой ч энэ хүндрэлийг даваад л гарна. Гол нь бид суралцаж чадах уу гэдэгт л асуудал байх шиг.

Өнгөрсөн удаагийн “Стэнд Бай” хөтөлбөрөөс гарахдаа бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсон шүү дээ. Урт хугацаанд төсвийг тогтвортой байлгаж, хямралаас урьдчилан сэргийлэх бодлоготой болсон. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна вэ?
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол яг үүнд чиглэсэн хууль. Төсвийг сахилга батжуулах, эдийн засаг сайн үед хуримтлал үүсгэж, муудсан үед хуримтлалаа ашиглах гэсэн энгийн зарчимтай. Бид 2009 оны хямралаас суралцаад энэ зарчим руу оръё гээд 2012 онд Төсвийн тогтвортой байдлын хууль баталсан. 2013 оноос бүрэн хэрэгжиж байгаа хууль. Өнгөрсөн гурван жилд энэхүү хуулиа үзэл баримтлалынх нь хувьд дагаж мөрдсөн бол өнөөдрийн хүндрэл хамаагүй хөнгөн тусах боломж байсан. Яг ямар хэмжээний байх тооцооллыг хэн ч хийгээгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг төсвийн алдагдал 20 хувьд хүрэхгүй, өрийн тааз 80 хувь давахгүй байсан гэдэг нь үнэн.

Та яам болон Төв банкны газрын дарга нарын хэмжээнд асуудлаа мэдэж, харж чадаж байгаа гэлээ. Тэгэхээр асуудал улстөрчдөд байна гэсэн үг. Тэдний гаргаж буй шийдвэр хуульд нийцэх ёстой. Гэтэл манай улстөрчид шийдвэрээ гаргачихаад дараа нь түүндээ тааруулж хуулиа өөрчилдөг “заль мэх” гаргадаг болчихлоо. Үүний шалтгааныг та юу гэж дүгнэж байна вэ? Яаж засч залруулах ёстой юм бэ?
Би төгс хариултыг мэдэхгүй. Хаана, юу доголдоод байна гэдгийг судлаад явж байгаа хүмүүсийн нэг.  Ерөнхий томьёоллоор бол институцийн чанарын асуудал гэж бид ярьдаг. Аль аль түвшиндээ хуулиа сахидаг, гэрээгээ биелүүлдэг, хувь хүний хоорондын харилцаанд ярьсан хэлсэндээ байдаг тэр харилцаа алдагдаад байгаа. Ерөнхийд нь хэлвэл институцийн чанар алдагдаж байна гэсэн үг.

Жишээ нь бид өрийн таазыг 40 хувь байсныг өнгөрсөн жил 58 хувь болгосон. Одоо 88 хувь болгож нэмж байна. Энэ нь хуулиа үзэл баримтлалынх нь хувьд дагахгүй байгаатай шууд холбоотой.

Үзэл баримтлалыг нь бүх системээрээ дэмжиж байгаа бол өрийн таазыг 88 хувь хүргэх шаардлага үүсэхгүй байсан.

Төсвийн тогтвортой байдлын хуулийг мөрдөхгүй байгааг би хувьдаа үзэл баримтлалыг нь орхигдуулаад байна гэж ажиглаж байгаа. Төсөв батлахад цаасан дээр бүх тоо нь хуулийнхаа дагуу байдаг. Хэрэгжилтийн явцад өөрчлөгдчихдөг. Хөгжлийн банк юм уу, Төв банк Засгийн газрын хамтарсан хөтөлбөрүүдээр дамжаад төсөвтэй адилтгах зардлууд их гарч байсан. Төсвийн алдагдал нь цаасан дээрээ 2 хувьдаа байгаад байдаг. Төсөвтэй адилтгах зардлуудаа оруулахаар 15, 16 хувьтай болчихдог. Энэ бол өнгөн талдаа Төсвийн тогтвортой байдлын хуулийг дагаж байгаа юм шиг харагдавч үнэн төрхөндөө тэр хуулийн үзэл баримтлалыг дагахгүй, ойшоохгүй байгааг харуулж байгаа юм. Үүнийг тухайн үедээ олон улсын байгууллагууд, дотоодын эдийн засагчид олон удаа ярьсан, ойшоогоогүй. Та нар   цаасан дээр 2 хувь гээд бичээд байгаа болохоос биш төсвийн алдагдал чинь 16 хувьд хүрчихсэн шүү гээд хэлээд байхад хүлээж авдаггүй.

Ирэх оны төсөвт энэ шүүмжлэлийг тусгаад Хөгжлийн банк, Концесс гээд бүх зардлаа нэг таазанд багтаагаад оруулаад ирлээ. Энэ нэг алхам байх. Гэхдээ түр зуурынх уу, эсвэл том бодлого нь цаашид ийм байх уу гэдэг тодорхойгүй байна. ОУВС-тай хамтарч ажиллахаар бол үүнийг тогтвортой урт хугацааны бодлого болгоход юун дээр анхаарах ёстой вэ? Хуулиа сайжруулах ёстой юу?
Та бид хоёр энэ чиглэлээр ямар ч мэдээлэлгүй сууж байна. Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрт орох байх. Миний ойлгож байгаагаар ОУВС-гийн хүмүүс бодит байдлыг мэдэх зорилгоор ирчихсэн байгаагаас биш хэлэлцээрт орохгүй. Тэгэхээр үүнийг ярих эрт байна. Хэлэлцээр тийм ч амархан болохгүй байх. ОУВС-гийн хэлснийг шууд хүлээгээд авчихгүй байх. 2008-2009 оны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дүгнэгдсэн учраас Монгол улс ОУВС-тай сайн харилцаатай.

Харин манай Засгийн газар хямралыг даван туулах төлөвлөгөөгөө боловсруулж баталбал энэхүү яриа хэлэлцээрт ороход манай талын хувьд илүү дөхөмтэй. Орлогоо ингэж өсгөж төвлөрүүлнэ, зарлагаа ингэж танана, алдагдлаа ингэж үе шаттай бууруулна гэдгээ зарлаад бэлэн төлөвлөгөө, хөтөлбөртэйгөө ОУВС-тай хэлэлцээрт орвол давуу   болох талтай. Энэ нь нийгэмд, хөрөнгө оруулагчдад Засгийн газар ийм хөтөлбөртэй юм байна, ОУВС түүнийг нь дэмжиж байгаа юм байна гэсэн хүлээлт үүсгэнэ. Ингэвэл байдал маш тодорхой болно. Ямар нэг хөтөлбөргүйгээр хэлэлцээрт орж, Валютын сангийн санал орж ирвэл нийгэмд гадныхны амаар яваад байна гэсэн ойлголт бий болно. Манай улсад хямралыг давах хөтөлбөр боловсруулах хүний нөөцийн чадавх хангалттай бий. Түүндээ найдаад урьдчилж алхам хийх нь зөв байх.

Төсөвт орлогоо үргэлж өндөр тооцдог. Бараг мөрөөдлийн ч гэмээр. Орлого нь хүрэхгүй болохоор дотоод бонд гаргаж алдагдлаа нөхдөг. Дотоод бонд 6 их наяд төгрөг гарч, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна?

Засгийн газрын гадаад өр 11 их наяд гаруй төгрөг байгаа бол дотоод өр нь 6.2 их наяд төгрөг байна. Дотоод өр нь гадаад өрөөсөө бага байгаа ч өрийн үйлчилгээний төлбөр маш өндөр болсон. Концесс дээр 4.6 их наяд төгрөгийн өртэй байна. Энэ жилийн төсвийн орлого 5 их наяд гаруй төгрөг байгаа гэвэл зөвхөн концесс нь бараг бүтэн жилийн төсвийн орлоготой дүйх гээд байна. Энэ бол маш их өр. Маш их дарамт.

Сүүлийн 3-4 жилд төсвийн төлөвлөлтөд таны ярьсан шиг хандлага яах аргагүй ажиглагдаж байгаа. Төсвийн орлогын төлөвлөлт бодит гүйцэтгэлээс үргэлж өндөр явж ирсэн. Бодит гүйцэтгэл нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй гардаг гэвэл төлөвлөлт, гүйцэтгэл хоёрын дунд 20 хувийн зөрүү байнга гарч байсан. Нэг удаа ингэж алдаж болно. Хоёр удаа ч байж болно. Байнгын ийм алдаатай төлөвлөнө гэдэг чинь системийн шинжтэй гажуудлыг харуулж байна.

Батлагдсан төсвийнхөө дагуу оны эхнээс зарлагаа шууд санхүүжүүлээд явдаг. Орлого дутаад эхлэнгүүт түр зуур гэж бодоод дотоод бондоор санхүүжүүлээд явчихдаг. Оны эцэст зарлагаа бондоор нөхсөөр биелүүлчихсэн байхад орлого нь дутчихдаг. Ийм дүр зураг 3-4 жил үргэлжиллээ. Жил болгон 20 хувийн гүйцэтгэлийн дутагдалтай төсөв баталж, алдагдлаа дотооддоо бонд гаргаж нөхсөөр байгаад дотоод өр 6.2 их наяд төгрөг болчихсон гэсэн үг.

Уг нь Төсвийн тогтвортой байдлын хуулиар тэнцвэржүүлсэн орлогыг тодорхой томьёогоор бодох ёстой. Сангийн яам яах аргагүй энэ томьёогоор бодож байгаа байх. Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй. Яагаад гэхээр систем нь орлого их төвлөрүүлэхээр үнэлээд байгаа юм. Хүнээс хамаарахгүйгээр. Манай хууль Чилийн хуулийн сайжруулсан хувилбар. Чилид төсвийн орлогод ашиглагдах зэсийн ханш гээд гол параметрүүдийг Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл шийддэг. Ийм төрлийн зөвлөл нь манай улсад тохирохгүй, улс төрийн нөлөөнд орно гэж болгоомжлоод томьёогоор бодох хувилбарыг сонгосон. Магадгүй Чилийн хүнээс хамааралтай буюу мэргэжлийн зөвлөл тогтоодог зарчим руу орох нь зөв ч юм шиг.

Хүнээс хамааралгүй томьёогоор тооцдог гэлээ. Гэтэл хүнээс хамааралтайгаар орлогыг өндөр тавьдаг байдал жил бүр гарч байна шүү дээ. Жишээ нь 2014 оны төсөвт “Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт оруулж, 400 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ гээд бүтээгүй. Өнгөрсөн хоёр жил Тавантолгой, Гацуурт, Оюутолгойн гүний уурхайг эргэлтэд оруулж, импортын татварыг өснө гэсэн, бас л бүтээгүй. Ирэх  жилийн төсөвт бас л Тавантолгой, Гацуурт гээд 5 том төслийг хөдөлгөж, татварын орлогыг нэмэгдүүлнэ гээд тавьчихсан. Энэ чинь хүний нөлөө биз дээ?
Бид хоёрын ярьж буй параметрүүд бол зөвхөн зэс, нүүрс, алт гээд төсвийн орлого бүрдүүлэгч түүхий эдийн үнэ дээр ярьж байгаа зүйл. Ямар төсөл ажиллаж, тэр төслийн бодит гүйцэтгэл ямар байх вэ гэдэг нь цэвэр үнэлгээний асуудал. Жишээ нь Тавантолгой ордоос 20 сая тонн нүүрс олборлоно гэж компани нь гаргаж өгвөл түүгээр л төлөвлөхөөс өөр аргагүй. Тэгэхээр энэ бол хүний нөлөө гэхээс илүүтэй Сангийн яам үйлдвэрлэл талд хэр сайн таамаглал хийж чадаж байна вэ гэдэгтэй холбоотой.

УИХ-ын чуулган дээр Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байхад Сангийн сайд “2017 онд 23 сая тонн нүүрс экпортолно,  УУХҮЯ болгоомжлоод 17 сая тонн гэж ярьж байгаа ч бид ярилцаад 23 сая тонн болгосон” гэж хэлж байна. Сангийн сайд хэдэн тонн нүүрс экспортлохыг салбарын яамнаас нь илүү мэддэг болчихсон. 2016 оны төсвийг хэлэлцэж байхад нүүрсний экспортыг бас л ингэж өндөр тавьсан. Азаар биелж байх шиг байна. Ирэх жил ийм аз дайрахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ байдлыг яаж засах ёстой юм бэ?
Яах аргагүй ийм байдал сүүлийн 3-4 жил гарч байгаа. Тавантолгойн олборлолт, экспортыг дандаа давуулж төсөөлдөг. Үйлдвэрлэл нь яах аргагүй л хумигддаг. Асуудал хуульдаа байна уу гэвэл үгүй. Сангийн яам, чиглэлийн яам хоёрын хоорондын харилцааны асуудал. Үүнийг УИХ дээр зогсоож, засч залруулах ёстой. Эцсийн шийдвэрийг УИХ гаргаж, батална шүү дээ. УИХ мэргэжлийн, зарчимч, зөв шийдвэр гаргаж чадаж байна уу гэдэг асуудал.

Гэтэл УИХ дээр Засгийн газрын оруулж ирсэн төсвийн орлого, зарлагыг дураараа нэмж, өөрчилдөг. Сайжруулах биш улам дордуулдаг гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн төсвийг зардлаа танахаар оруулж ирэхэд нэмээд л баталж орхисон?
Өнгөрсөн есдүгээр сард гарсан тодотголыг харахад хөрөнгө оруулалтын зардлыг танана гээд оруулж ирж байхад 1.5 их наядаар баталчихсан. Тодотгол хийгээд байхад хүртэл зардлыг өсгөөд байдаг. Энэ бол төсвийн сахилга батыг хангах, төсвийг тогтворжуулах үзэл баримтлалдаа үнэнч байж чадаж байна уу гэдэг л асуудал. Миний хувьд УИХ-ыг төсвийн нарийн задаргаа руу оруулах нь буруу юм байна гэж боддог. Багцалсан байдлаар шийддэг байвал зүгээр юм шиг. Одоо бол аймаг сумаар нь, төсөл нэг бүрээр нь УИХ хэлэлцдэг. Үүнийг болиулаад аль болох багцалж ярьдаг болгомоор байна. Өөрөөр хэлбэл УИХ төсөвт хэт их оролцдогийг болиулах ёстой. Энэ бол эргээд сахилга батын асуудал. Манайх шиг хөгжиж буй орон бол том үзэл баримтлалаа дагаж, тодорхой хэмжээний сахилга баттай байвал төсвийн алдагдал, түүнээс үүдсэн хямралаас сэргийлэх боломж бий. Тийм эрх зүйн орчин нь ч манайд бий. Түүнээс биш хуулийн цоорхойг хүсвэл хүн хэзээ ч олно. Наад захын жишээ бол өнгөрсөн жил улсын өрийн томьёоллыг өөрчилсөн. Энэ бол үзэл баримтлалдаа үнэнч биш байгаагийн илрэл.

Төсвийн тогтвортой байдлын хуулиар тодорхой чиглэл гаргаж, хүрээ тогтоож өгсөн шиг дахиад хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын оролцох, нөлөөлөх хүрээг нь илүү тодорхой болгож болохгүй юу?
Миний бодлоор Төсвийн тогтвортой байдлын хууль бол маш сайн хийгдсэн хууль. Бусад улс орнуудад ажиглагдсан хүндрэлүүдийг бодолцож, маш сайн хүний нөөцийг ашиглаж боловсруулсан. Үзэл баримтлалыг нь баримталж чадах юм бол бидэнд нэмэлт хууль батлах шаардлагагүй. Өмнө хэлсэнчлэн төсвийн зарлагын өсөлт, төсвийн алдагдал, өрийн хэмжээ гээд гол үзүүлэлтүүдэд хязгаар тавиад өгчихсөн. Та нар шийдвэрээ гарга, гэхдээ ийм хүрээнд гэсэн хайрцаг шүү дээ. Гэтэл төсөвтэй адилтгах хэний ч санаанд оромгүй зүйлүүдийг гаргаад ирж байна. Монголбанкны Засгийн газартай хамтарсан хөтөлбөрүүд, Хөгжлийн банкны зардал гэх мэт. Хөгжлийн банкийг анх байгуулж байхад зөвхөн ашигтай төсөлд арилжааны зарчмаар хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан. Арилжааны банкуудын хүү 20 хувь байсан болохоор улсын хувьд ач холбогдолтой гэж үзсэн төслүүдэд хөнгөлттэй зээл өгөх гэж л Хөгжлийн банкийг байгуулж, Чингис бондыг босгосон. Гэтэл “Гудамж” төслөөс эхлээд эргэн төлөлт нь тодорхойгүй төслүүдэд мөнгө гаргаад эхэлсэн. Төсөвтэй адилтгах зардал гаргасан гэсэн үг. Анх Хөгжлийн банкинд хараат бус ТУЗ томилоод, Солонгосын Хөгжлийн банкны багийг удирдлагад нь тавьсан ч урт наслаагүй.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд дөрвөн салбарт Монголбанк­наас шууд зээл өгсөн. Энэ бол мөнгөний уламжлалт арга хэрэгсэл биш. Уламжлалт бус арга хэрэгсэл гэдэг нөгөө үзэл баримтлалаасаа буцаж байгаагийн л илрэл. Ипотекийн зээлийн хөтөлбөр  бол хамгийн том буюу 3.2 их наяд төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр. Үүнийг төсөвтэй адилтгахад хэцүү. Гэхдээ арилжааны банк хэзээ ч үүнийг хийхгүй. Төв банк шууд төгрөг хэвлээд санхүүжүүлсэн ч энэ бол мөнгөний бодлого биш. Энэ мэтчилэн үзэл баримтлалаасаа буцсан шийдвэрүүд гараад байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд болоод дотоодын эдийн засагчид шүүмжилсээр ирсэн.