Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

AББ групп “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лаборатори хандивлав

AББ  групп нь Монголын уул уурхайн салбарын инженер техникийн ажилчид болон оюутнуудад зориулж “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лаборатори хандивлав





Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуульд 250 сая төгрөгийн үнэтэй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторийг С.Эрдэмбаяр захиралтай АББ группын Монгол дахь төлөөлөгчийн газар, АББ группын албан ёсны дистрибьютор болох Б.Бямбадорж захиралтай МонХорус Интернэшнл ХХК, С.Батхүрэл захиралтай “Бодит чадал” ХХК-иуд хандивласан байна.

АББ группын нэрэмжит “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын энэхүү лабораторийг нээснээр уул уурхайн салбарт ажиллахаар цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнуудад хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших боломж олгохоос гадна Монгол улсын уул уурхай, эрчим хүчний салбарын инженерүүдийн мэдлэг, мэргэжлийн чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох юм.

Тус лабораторид Монгол улсын уул уурхайн компаниудын хэрэгцээнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий цахил­гаан хөдөлгүүр, механик хүч дамжуулах эд анги, давтамж хувиргагч, автоматжуулалтын бүрэн шийдэл болох програмчлагдах логик контроллёруудыг (PLC) суурилуулсан байна.  Мөн АББ групп жил болгон нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгааны инженер мэргэжлээр сурч байгаа 1-2 оюутныг шалгаруулан бүтэн жилийн сургалтын төлбөр, зарим тохиолдолд хоёр жил хүртэлх тэтгэлгийг олгодог юм. Энэ жил АББ групп хамрах хүрээгээ тэлж, Геологи уул уурхайн сургуулийн уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг хамруулж гурван оюутанд сургалтын тэтгэлэг олголоо.

“Эрчим хүчний хэмнэлт, үр өгөөж, бүтээмжийг дээшлүүлэхэд хамгийн их нөлөө бүхий тоног төхөөрөмж нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хөдөлгүүр болон давтамж хувиргагч байдаг. Дэлхийн хэмжээнд технологи болон борлуулалтаараа тэргүүлэгч АББ группын цахилгаан хөдөлгүүр, давтамж хувиргагч, автоматжуулалтын бүтээгдэхүүнийг Монголын уул уурхайн салбарт өргөнөөр хэрэглэдэг. Оюутнууд ажил, үйлдвэрлэл дээр очиж ажиллахаас өмнө эдгээр тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж сурах, ач холбогдлыг бүрэн ойлгосноор манай компаниуд чадварлаг боловсон хүчинтэй болох, салбарын инженер, техникийн ажилчдын чадавхийг дээшлүүлэхэд хамгийн том хөрөнгө оруулалт болно” гэж ШУТИС-ийн ректор, доктор Б.Очирбат хэллээ.




Сонирхуулахад, шинэ техник технологи, инновацийн шийдлүүдийг гаргах, хөгжүүлэх, нэвтрүүлэхэд манлайлсаар ирсэн АББ группын судалгааны нэгдсэн долоон төвд орон орны нийт 8500 эрдэмтэн, дизайнер инженерүүд шинэ технологиудыг зохион бүтээх, сайжруулахаар ажилладаг. Мөн тус групп дэлхийн томоохон 70 их дээд сургуультай хамтран ажилладаг ба судалгаа, шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлдэг байна.