Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад 6 тэрбум юанийн зээл Орост олгоно

2016 оны эхний долоон сарын байдлаар Орос, Хятад улсын нийт худалдааны эргэлт 33.6 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 6,8% буурсан үзүүлэлт аж. Өмнөх түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын хэмжээнд анхаарах хэрэгтэйг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Москва дахь уулзалтын үеэрээ онцолжээ.

Уулзалтын үеэр талууд хамтран Оросын Алс Дорнод болон Хятадын зүүн, хойд бүс нутгийг  хөгжүүлж, хоёр улсын жижиг дунд бизнесийг дэмжих асуудлаар ярилцсан байна. Энэ хүрээнд тус бүс нутгуудыг хөгжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулахаар тохиролцсон юм.

Хятадын тал Оросын Алс Дорнодын бүс нутагт дэд бүтэц, зам тээвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой гэдгийг Ли Көцян мэдэгджээ. Харин Оросын тал Хятадын компаниудад таатай нөхцөл бүрдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Орос улсын хувьд Алс Дорнодын бүс нутгийг гадны хөрөнгө оруулалтаар хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Өнөөгийн байдлаар тус бүс нутаг дахь гадаадын нийт хөрөнгө оруулалт 1 их наяд рублийг давсан бөгөөд дийлэнх хувийг Хятадын хөрөнгө оруулагчид бүрдүүлж буй. Алс Дорнодод байгалийн хий дамжуулах хоолой болоод боловсруулах үйлдвэрийн хоёр ч том төслийг Орос, Хятад хамтран хэрэгжүүлж байгаа билээ.  Хятадын талаас шинээр хөрөнгө оруулахаар анхаарч байгаа 60 гаруй төсөл бий аж.  

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Москва хотноо хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 20 баримт бичгийг үзэглэлээ. Сансар судлал, эрчим хүч, цөмийн салбарт, хил орчмын бүс нутагт хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдэд 6 тэрбум юань буюу 900 сая ам.долларын зээлийг Оросын талд олгохоор тохиролцсон байна.

Э.Од