Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Трампын ялалт зэсийн үнийг огцом өсгөв

АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр тус улсын томоохон бизнесмен Дональд Трамп сонгогдсоны дараах хоёр хоногт аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар өсчихөөд байна.

Шинэ Ерөнхийлөгч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улсынхаа дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай тусгасан нь түүхий эдийн зах зээлд эерэг дохио тархахад хүчтэй нөлөөлснийг хэвлэлүүд онцолж байна. Ердөө сүүлийн хоёр хоногийн хугацаанд Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 5635 ам.доллар/тонн болж өссөн нь өнгөрсөн оны 7 дугаар сарынхаас хойшхи хамгийн өндөр дүн боллоо. Мөн тус бирж дэх зэсийн агуулах дахь нөөц сүүлийн хоёр хагасын хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрч 274.9 мянган тонн болж буурчээ.

Одоо зах зээл шинжээчид Дональд Трампын бодлого ямар байх эсэхийг анхаарал тавин ажиглаж байгаа юм. Хэдийгээр Дональд Трамп энэ сарын 8-нд ялалт байгуулах үед хөрөнгийн биржийн голлох индексүүд багагүй хувиар буурсан ч маргааш нь эргээд өссөн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн томоохон хөрөнгийн биржийн индексүүд харьцангуй тогтвортой байна. Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь ихэнх шинжээчдийн таамгаас зөрсөн ч нэгэнт сонгогдчихсон шинэ удирдагч шилдэг бизнесмений хувьд эдийн засгийг зөв удирдаж чадна гэсэн итгэл найдвар нь хөрөнгө оруулагчдыг бага зэрэг тайвшруулах уур амьсгал зах зээлийг тодорхой хэмжээнд эерүүлж байна гэж хэлж болно.

Трампын ялалтын дараа зэсээс гадна никель, хөнгөн цагааны үнэ тодорхой хэмжээнд өсөөд байна.



Б.Төгс