Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулаад байна.
Анхны сургалтаа өнгөрсөн оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулсанаас хойш нийт 6 удаагийн цуврал сургалтад 15 аймгийн 60 гаруй сэтгүүлч хамрагдсанаас 30 гаруй сэтгүүлч тогтмол оролцож ирсэн юм.
"Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн Орон нутгийн сэтгүүлчдийн семинарын хаалтын нэгдсэн уулзалт өнөөдөр "Блю Скай" зочид буудлын "Кристалл" танхимд эхэллээ. Семинарын үйл ажиллагааг нээж Хөгжлийн төлөө сэтгүүл зүй ТББ-ын Орлогч захирал Н.Ариунтуяа, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн Дэд захирал О.Батболд үг хэллээ.
"Өнгөрсөн жилийн сургалтаас ихээхэн дэвшил гарсаныг сэтгүүлчдийн ирүүлсэн бүтээлээс харахад таатай байна. Цахим сэтгүүл зүй өөрийн онцлогтой. Сүүлийн үед нийгмийн сүлжээг ашиглаж, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа хүмүүс олон бий. Жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч тэднээс юугаараа ялгаатай болохыг та бүхэн Бернард Освальд багшийн хичээлээс мэдэж авах болно" хэмээн О.Батболд дэд захирал онцоллоо.
Энэ удаагийн сэтгүүл зүйн сургалтын сургагч багшаар ХБНГУ-ын Мюнхен мужийн сэтгүүлч Бернард Освальд ажиллаж байгаа бөгөөд тэрээр "Интернэтийн сүлжээний хайлтын үр дүнг сайжруулах нь", "Timeline, инфографик хийх аргачлал", "Нийгмийн сүлжээг сэтгүүл зүйд ашиглах нь" зэрэг сэдвээр бүтэн өдрийн сургалт хийж байна.
Сургалтын хоёр дахь өдөр Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал, профессор С.Давааням нар "Уул уурхай ба хэвлэл мэдээлэл" сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлэх юм. Мөн сургалтын мэдээллийн цаг хэсэгт Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Баатарцогт холбогдох мэргэжилтнүүдийн хамт геологи, уул уурхайн салбарын цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй санал солилцож, мэдээлэл хийнэ.
Үүний дараа МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн дэд профессор, доктор Б.Наранбаатар "Мэдээллийн тренд VS үзэл бодлын сэтгүүл зүй" сэдвээр, "Глоб интернэшл" ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэх явцдаа учирч болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм.
"Орон нутгийн сэтгүүлчийн сүлжээ" төслийн хүрээнд "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ нь орон нутгийн сэтгүүлчдийн дунд сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн хаалтын семинарын төгсгөлд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн шагналын эзнийг тодруулах юм.