Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэр зэвсгээс... эмийн үйлдвэрлэл хүртэлх “Ростех”-ийн түүх



The Mongolian Mining Journal /2016.october /

Э.Оджаргал

Хог хаягдлыг дахин боловсруулж, бүх Орос орныг эмээр хангаж, дотоодын ухаалаг утас үйлдвэрлэх зэрэг сонирхолтой төслүүдээрээ сүүлийн үед “Ростех” корпораци анхаарлын төвд орж ирэв. Төрийн өмчит энэ корпораци өдгөө цэргийн зэр зэвсгээс эхлээд нисэх онгоц, уул уурхай, эмийн үйлдвэрлэл эрхлэх үндэснийхээ 700 аж ахуйн нэгж, 15 холдингийг өөртөө нэгтгэж буй. Ажилчдын тоо 500 мянга дөхсөн тус корпорацийн цэвэр ашиг 1 их наяд рубль юм.

Тус корпорацийн хуучны Зөвлөлтийн үеэс эзэмшилтэй “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг Монголын талд гэнэт худалдсан шуугиан өнөө хэр манай улсад намжаагүй улам дүрэлзэж байна.

1990-ээд оны эхээр Орос орон арми дахь цэргийн тоогоо цөөрүүлэх үеэр илүүчлэх зэр зэвсгийг хилийн чанадад худалдах зорилготой “Промэкспорт” компани байгуулагджээ. Компанийн удирдлага нь Ардчилсан Германд байх үеэс Владимир Путинтай танил, цөмийн салбараас гаралтай Сергей Чемезов байсан юм. Түүний орлогчоор мөн л одоогийн Ерөнхийлөгчийн танил, Ардчилсан Герман улс дахь Оросын элчин сайдын яамны ажилтан, тагнуулч асан Андрей Бельмянов ажиллаж байлаа. Тухайн үед “Промэкспорт-оос илүү томоохон өрсөлдөгч “Росвооружения” компани хэдийнэ цэрэг армийн бүтээгдэхүүн экспортолж байжээ. 2000 онд тус хоёр компанийг “Рособоронэкспорт” нэрийн дор нэгтгэж, шинэ холдингийг Бельмянов тэргүүлж, Чемезов түүнийг орлосон юм. Холдинг нь цэргийн зэр зэвсэг экспортлохын зэрэгцээ дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийг худалдан авах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байлаа. Тэдгээр нь зөвхөн цэрэг армийн салбараар хязгаарлагдалгүй техниктэй холбоотой бүхий л үйлдвэрүүдийг “залгиж” байв. Ингэхдээ “АвтоВаз”, дэлхийн титаны томоохон үйлдвэрлэгч “ВСМПО-Ависма”-г хүчний байгууллагуудын оролцоотой, татвар санхүүгийн шалгалтын “дарамт”-аар холдингтоо нэгтгэн авсан нь нэгэнт нууц биш.

Кремлийн удирдлагууд цэргийн аж үйлдвэрлэлийг шинэчилж хөгжүүлснээр тус салбараас олох ашиг орлогоор улс орныхоо эдийн засгийг өөд нь татах бодлого хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн юм. Энэ шийдвэрээр “Рособоронэкспорт” холдингийн орлогоос илүү өрөнд баригдсан хуучны томоохон үйлдвэрүүдийг худалдан авах асуудал зогсчээ. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц хүчирхэг корпорациудыг төрийн оролцоотой байгуулах бодлого Орос оронд ид яригдаж эхэлсэн үе. Гэхдээ засгийн энэ бодлогыг эсэргүүцэгчид цөөнгүй байлаа. Жишээлбэл, энэ талаар Сангийн сайд Алексей Кудрин “Бүх хувьцааг нэг корпорацийн мэдэлд шилжүүлнэ гэдэг төсвийг бүрдүүлэх төрийн хувьцааны орлогыг шамшигдуулах боломжийг шууд нээсэн далд хувьчлал юм. Төрийн корпорацийн орлогыг хянах ямар ч боломж байхгүй байна” гэсэн утга бүхий захидлыг Засгийн газарт бичиж байжээ. Төрийн мэдлийн корпораци байгуулах төлөвлөгөөгөөр “Хөгжлийн банк ВЭБ”, “Ронанотех”, “Росатом”-ын дараагаар хамгийн сүүлд “Ростехнологи”-ийг байгуулах шийдвэрт хүрсэн байдаг.

Оросын төрийн өмчийн агентлаг “Росимущество”-д өгсөн мэдээллээр Ерөнхийлөгчийн 2008, 2015 оны хоёр удаагийн зарлигаар “Ростехнологи” корпорацийн мэдэлд 496 аж ахуйн нэгжийг шилжүүлжээ. Ерөнхийлөгчийн “зарлиг” нэрийн дор цагтаа Зөвлөлт орны бахархал болсон, тэргүүлэгч аж үйлдвэрийн бүх л байгууллагыг өөрийн мэдэлдээ авч байсан “Ростехнологи”-ийг төрийн “тоос сорогч” гэж хүртэл хэвлэлүүдээр бичиж байжээ. Төрийн корпорацийн монопольчлох амбиц тухайн үедээ Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр худалдааны яам, Холбооны монополийн эсрэг алба зэрэг байгууллагын дургүйцлийг ч хүргэсэн юм. Төрийн гэх тодотголтой корпораци нь “даварч” бүр цаашлаад КамАз, УАЗ, Уралын вагон үйлдвэр, Тверийн вагон угсралтын үйлдвэр, Авто машин болон автомоторын шинжлэх ухаан-судалгааны төв хүрээлэнгээс гадна хэд хэдэн нисэх онгоцны үйлдвэрийг өөрийн мэдэлдээ авахаар зүтгэж байлаа. Энэ асуудлыг  тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Эльвира Наибулинна эрс эсэргүүцсэн юм.

Анхнаасаа цэргийн зэр зэвсгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан учир “Ростехнологи”-ийн мэдэлд КамАз болон авто машин, техник угсралтын үйлдвэрлэлийн өөр бусад 120 байгууллагыг өгөх шаардлагагүй гэж сайд үзжээ. Уралын вагон үйлдвэр болон төмөр замтай холбоотой бусад үйлдвэрүүдийг төрийн корпорацийн мэдэлд өгөхөөс РЖД-ийн тэргүүн Владимир Якунин эелдгээр татгалзсан аж. Яг энэ маргаантай үед 2007 оны арваннэгдүгээр сарын 23-нд “Өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг боловсруулах, хөгжүүлэх, экспортыг дэмжих төрийн корпораци” хэмээх “Ростехнологи”-ийн тухай хууль батлагдан гарсан юм. Аварга бүтэцтэй энэ том аппарат нь юу ч үйлдвэрлэдэггүй, ердөө асар их хөрөнгийн урсгал, санхүүгийн орлогыг л хянах үүрэгтэй. Корпорацийн тэргүүнээр Сергей Чемезовыг томилсугай...

Ноён Чемезов Путины хүрээний хүн гэдгээрээ өнөөг хүртэл олны хараанд өртөж, монополь корпорацийг байгуулагдсан цагаас нь удирдаж ирсний хувьд төрийн хөрөнгийг хувьдаа хэр завшсан талаар бусдын амны бай болсоор ирсэн юм. Тэрээр хөдөлмөрийн гараагаа Эрхүү хотын Өнгөт болон газрын ховор металын шинжлэх ухаан-судалгааны улсын хүрээлэнгээс эхэлсэн аж. Ордын эдийн засгийн үнэлгээний инженерээр ажиллаж байжээ. Газрын ховор, өнгөт металаас гадна тэрээр Цөмийн цэнэг үйлдвэрлэл, цөмийн салбар хариуцсан яамны удирдлагын аппаратад ч багтаж байсан нэгэн. Хоорондоо салшгүй холбоотой эдгээр стратегийн түүхий эдийг хариуцсан бүхэл бүтэн яамдыг ЗХУ-ын үед байгуулсан бөгөөд холбоот улс салан задрах хүртэл Сталины “төмөр” хүмүүс удирдаж байсан гэдэг. Сталины томилгоогоор өнгөт метал хариуцсан яамыг Петр Ломако, Цөмийн салбар хариуцсан яамыг Ефин Славский нар удирдаж байхдаа хоёулаа Лаврентин Бериягийн удирдлага дор Зөвлөлт Оросын анхны цөмийн болон устөрөгчийн бөмбөгийг зохион бүтээхэд гар бие оролцсон мэргэжилтнүүд юм.

Шинжлэх ухаан-судалгааны хүрээлэнгийн дараагаар Чемезов ЗХУ-ын цөмийн салбарын чухал байгууллагын нэг “Луч” хэмээх туршилт-аж үйлдвэрийн холбоонд Зүүн Германы Дрезден дэх төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Энд Радебергер-штрасс дүүрэг дэх байшинд тэрээр Путинтэй хөршүүд болж, тэдний урт удаан “бат бэх” нөхөрлөл эхэлжээ.

Чемезовын удирдлага дор “Ростехнологи” корпорацийн мэдэлд 496 аж ахуйн нэгжийн төрийн хувьцаа очих үед 18-20 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв. Энэ нь Орос орны  60 орчим бүс нутагт байрлах үйлдвэрлэл явуулах 663 байгууллага бөгөөд ихэнх нь цэргийн зэр зэвсгийн үйлдвэрүүд юм. Корпораци байгуулагдсан 2008 онд Чемезов “Бид цэргийн техникийг 5 дугаар үед хүргэх нэн шаардлагатай. Гэтэл Орос улсын одоогийн цэргийн аж үйлдвэрлэл 3 дугаар үеийн техник үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмж “аймшигтай” хуучирч, технологийн хувьд өнөөг хүртэл өнгөрсөн зууны 1970-1980 онд боловсруулсан Зөвлөлтийн эрдэмтдийн шинжлэх ухааны нээлт, бүтээлээс хэтрээгүй. Машин угсралтын үйлдвэрүүд дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадахгүй байна” хэмээн тодорхойлж, цаашдын бодлого төлөвлөгөөгөө танилцуулсан байдаг. Тэрхүү төлөвлөгөөгөөр 2008-2012 онд Ил-96, Ту-204, “Хуурай Супержет 100”, Ту-334, Ан-148 зэрэг загварын 430 онгоц шинээр үйлдвэрлэж, 2015 онд Орос улс дэлхийн иргэний агаарын техникийн зах зээлийн 10%-ийг эзлэх зорилт тавьсан байлаа. Зорилтдоо хүрч чадаагүй ч Чемезовын “амласан” 430 онгоцноос 159-ийг шинээр үйлдвэрлэсэн юм.




Байгуулагдсан цагаасаа өнгөрсөн найман жилийн хугацаанд корпорацийн цэргийн зэр зэвсгийн бүтээгдэхүүнтэй холбоотой улсын захиалга 60%-иар өсчээ. Өнөөдөр “Ростех” корпораци нь цэргийн аж үйлдвэрээс гадна сансар судлал, өндөр технологи, уул уурхайгаас эхлээд эм ханган нийлүүлэлт, хог боловсруулах үйлдвэр хүртэл Орос улсын эдийн засгийн чухал, тэр дундаа ашиг орлоготой салбаруудад томоохон төслүүд хэрэгжүүлж байна.

Корпорацийн бүрэлдэхүүнд багтах “РТ-инвест” компани улсын хэмжээнд хог шатаах 11 үйлдвэр байгуулах төслийг хариуцаж буй. Уг төслийг нийт 162 тэрбум рубль буюу 2.6 тэрбум ам.доллараар хэрэгжүүлэхээр тооцоолж байгаа юм. Үйлдвэрийн ихэнх тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрлэгчдээс авахаар амлажээ. Төслийн эхний ээлжийн хоёр үйлдвэрийг Москвагийн ойролцоо болон Казаньд ирэх 2017 оны аравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Хог хаягдал шатаах үйлдвэрийн технологийн хөрөнгө оруулагчаар Швейцарь-Японы хамтарсан “Hitachi Zosen Inova” компани хамтран ажиллах юм. Тус компанийн хувьд дэлхийн хэмжээнд өөрийн технологийг нэвтрүүлсэн 600 гаруй үйлдвэр байгуулсан туршлагатай. Энэхүү төсөл нь Оросын Засгийн газраас дэмжигдээд байгаа бөгөөд концессийн гэрээгээр хэрэгжүүлэхээр яригдаж байна. Төслийн зөвлөхөөр “Hogan Lovells” фирм ажиллаж байгаа юм. 

“Ростех” корпорацийн охин компани “Нацимбио” нь Оросын эмийн ханган нийлүүлэлтийн бизнест томоохон өрсөлдөгч болох зорилт тавьжээ. Тус компани нь сүрье, ДОХ, гепатит өвчний эсрэг вакцин, эм үйлдвэрлэх улсын захиалга авсан байна. Эдгээр эмийн дийлэнх нь Орост үйлдвэрлэгддэггүй, гаднаас импортоор авдаг. “Ростех” корпорацийн зүгээс дээрх эмүүдийг үйлдвэрлэснээр дотоодын эрэлт хэрэгцээний 90%-ийг хангана гэсэн тооцоог Ерөнхийлөгч Путинд ноён Чемезов танилцуулжээ. Үүнээс гадна эх орны эмийн салбарт монополь тогтоох бас нэгэн эрхийг Оросын Засгийн газраас “Ростех” корпорацид өгсөн нь тус салбарын бусад бизнес эрхлэгчдийн шүүмжлэлийг дагуулаад буй.

Учир нь өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газраас өгсөн эрхийн дагуу “Нацимбио” компани нь 2015-2017 оны үндэсний хүн амын вакцинжуулалтын хөтөлбөрийн Оросын вакцинаар Эрүүл мэндийн яамыг хангах цорын ганц нийлүүлэгч болсон юм. Тус хөтөлбөрт дотоодын вакцин нийлүүлэлт 80%-ийг бүрдүүлдэг байна. Өнөөдөр Орос улс гадны вакцины импортод жил бүр дунджаар 5 тэрбум рубль буюу 80.4 сая ам.доллар зарцуулдаг гэсэн статистик бий. Зөвхөн 2015 оны худалдан авалтад Эрүүл мэндийн яам 10 тэрбум рубль зарцуулсан бол улсын эмийн захиалга 150 тэрбум рубль давжээ.
Сергей Чемезовын мэдэгдсэнээр, “Ростех” корпораци нь улсын эмийн захиалгын 25%-ийг хариуцаж, эмийн ханган нийлүүлэх салбарын 8%-ийг дангаар хангах гэнэ. Ингэснээр төрийн өмчит корпорацийн эмийн салбараас олох орлого 2020 он гэхэд 50 тэрбум рубль буюу 804,7 сая ам.доллар болно гэсэн тооцоог гаргажээ.

Төрийн корпорацийн хувьд эрүүл мэндийн салбарт анхдагч биш юм. “Ростех”-ийн бүрэлдэхүүнд багтах “Швабе” компани нь 2005 оноос дутуу төрсөн нярай хүүхдийн инкубатор, дутуу төрсөн хүүхдийн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг эх орондоо угсарч үйлдвэрлэж байна. Өнөөгийн байдлаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэлээр  Оросын зах зээлийн 30%-ийг дангаар хангаж буй.    

“Ростех” корпорацийн бүтцийн дор 2009 онд үүсгэн байгуулагдсан “Росэлектроника” компани нь ирэх гурван жилийн хугацаанд iphone-тэй өрсөлдөхүйц дотоодын ухаалаг гар утсыг бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлж байна. 2018 онд худалдаанд гаргахаар төлөвлөж буй шинэ бүтээгдэхүүний үнэ 130 ам.доллар байх гэнэ. Ухаалаг гар утас нөхцөлтэй. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарсны дараагаар жил бүл 10 сая ширхэг утас дотоодын зах зээл дээр борлуулах томоохон зорилт тавьжээ. Бүтээгдэхүүний тодорхой хувийг улсын захиалгаар цагдаа, эмч болон төрийн бусад байгууллагын албан хаагчдад худалдахаар төлөвлөсөн байна.

Үүнээс өмнө Орост ухаалаг гар утас бүтээх оролдлого хийгдэж байсан юм. “Yota Devices” хэмээх мөн л “Ростех”-ийн охин компани бүтээсэн “YotaPhone” ухаалаг гар утасны анхны загварыг 2013 онд Ерөнхий сайд Дмитрий Медведевт Сергей Чемезов өөрийн биеэр гардуулан өгч байлаа. Гэвч дотоодын анхны ухаалаг гар утас нь тухайн үед 353.35 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан нь  хэрэглэгчдэд хэт үнэтэй туссан байна. Тус компани өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхийн зах зээлд 70 мянган ширхэг “YotaPhone” брэндийн гар утас гаргажээ. YotaPhone, YotaPhone 2 ухаалаг гар утсыг бүтээж, зах зээл дээр гаргахад “Yota Devices” компани нь нийт 50 сая ам.долларыг зарцуулсан аж. “J’son & Partners Consulting” компаниас хийсэн судалгаагаар 2015 онд оросууд 25.3 сая ширхэг ухаалаг гар утас худалдан авсан байна.

Төрийн монополь эрхтэй “Ростех” корпораци нь өндөр технологийн оролцоотой бүхий л салбарт өөрийн эрх мэдлийг тогтоохдоо уул уурхай, тэр дундаа газрын ховор элемент болон өнгөт металын орд газар, төслүүдэд онцгой анхаарч ирсэн юм. Үүний нэг нь Монгол улсын “Эрдэнэт” үйлдвэр дэх 49%-ийн эзэмшил байсан юм. Эзэмшил хувиа нэмэгдүүлэх гэсэн элдэв оролдлого, ногдол ашиг гэх зэрэг Монголын талтай холбоотой маргаан нэгэнт ард хоцорч, илүү том төслүүдэд “Ростех” анхаарлаа хэдийнэ хандуулжээ. Хятадын хилийн ойролцоох 25.7 сая тонн зэсийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх Удоканы ордын 25%-ийг эзэмших нь нэгэнт тодорхой болсон. Дэлхийн түүхий эдийн зах зээлд тохиромжтой үе бүрдэхэд энэхүү томоохон төслөө хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Харин одоо төрийн корпораци нь Эрхүү муж дахь алтны ихээхэн нөөцтэй “Сухой Лог” орд газрыг эзэмших компанийг шалгаруулах тендерт оролцох эрхээ аваад буй. 2015 оны наймдугаар сард Байгалийн нөөцийн яамнаас мэдэгдсэний дагуу “Сухой Лог” ордын тендерийн анхны үнэ 5 тэрбум ам.доллар рубль буюу 80.4 ам.доллар аж. Эл орд нь 2752 тонн алт /97 сая унц/ болон 1541 тонн мөнгө /54.3 сая унц/ нөөцтэй бөгөөд хүдэр дэх алтны агууламж нь 1,1-2,8 гр/тонн юм. Ордын 80%-ийг ил аргаар олборлох боломжтой. Ашиглаж эхлэхэд 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Төслийг хэрэгжүүлснээр жилд 80-90  тонн алт болон 20-25 тонн мөнгө гарган авах юм. Тус ордын 25%-ийг Хятадын “Zijin Mining” компани худалдан авах сонирхлоо Оросын Засгийн газарт илэрхийлсэн байдаг. Зөвшөөрөгдөх магадлал тун өндөртэй гэж яригдаж байгаа юм. Энэ тохиолдолд “Ростех”, Хятадын компани түншүүд болох учиртай. “Zijin Mining” компанийн тухайд алтны олборлолтын хэмжээгээр Хятад улсдаа нэгдүгээрт, зэс олборлолтоор гуравдугаарт ордог. Одоогоор  Канадын “Айвенхоу Майнз” компанитай хамтран Конго улс дахь зэсийн “Камоа” төслийг хэрэгжүүлж байна.

Оросын төрийн өмчит “Ростех” корпораци нь 2025 он хүртэлх хөгжлийн стратегиэ боловсруулаад байгаа билээ. Энэхүү төлөвлөгөөнд өөрсдийн гол өрсөлдөгчдийг АНУ-ын “General Electric”, Өмнөд Солонгосын “Samsung” гэж тодорхойлсон бөгөөд санхүүгийн үзүүлэлтүүдээр гүйцэх зорилт тавьсан байна. Үүний тулд эхний ээлжинд ашиг орлогоо жил бүр нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж, 2035 он гэхэд корпорацийн цэвэр ашгийг 4 их наяд рубльд хүргэхээр төлөвлөжээ.