Монгол улс уул уурхайн салбарын үсрэнгүй өсөлтийн үеийг ардаа орхиод буй энэ цаг үед уул уурхайн төсөл дэх төрийн оролцоог сайжруулах асуудал зайлшгүй чухал зорилтын нэг болж байгаа билээ. Төрийн оролцоо аливаа төсөлд байснаар илүү баталгаатай, улсад үр ашигтай байх магадлал өндөр мэт санагдаж болох ч бодит байдал дээр хүссэн үр дүнг авчрахгүй байх нь бий. Нүүрсний төмөр замын төслийг “Энержи ресурс” хэрэгжүүлсэн бол өдийд төмөр замтай байх байсныг салбарынхан хүлээн зөвшөөрч байна. Улмаар Монголын нүүрсний өрсөлдөх чадвар тээвэрлэлтийн үргүй зардалд улам бүр доошилсоор байгаа нь үнэн. Энэ мэтчилэн цөөнгүй жишээнээс үүдэн төрийн оролцооны нэр хүнд өнөөдөр Монголд их унажээ.
Ийм үед “Уул уурхай дахь төрийн оролцоо” сэдэвт олон улсын семинар энэ (тавдугаар) сарын 16-17-нд Улаанбаатар хотноо боллоо. Уг семинарт Канад, Монголоос гадна Киргиз, Лаос, Мьянмар, Афганистаны уул уурхайн салбарын Засгийн газрын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү семинарыг Монгол улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сан болон Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн /CIRDI/ хамтран зохион байгуулсан юм. Семинарын эхний өдөр Монголын талаас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Оюун, “Эрдэнэс Монгол” компанийн Ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу, “Эрдэнэт” үйлдвэрийн Эдийн засаг, маркетингийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар, “Багануур” компанийн Хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн захирал П.Найданзул, Уул уурхайн яам, МУУҮА болон бусад байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.
Семинарын эхэнд АНУ-д төвтэй Mining Policy Group-ийн Захирал Маттью Женаши “Уул уурхай дахь төрийн оролцоо: Дэлхийн чиг хандлага, төлөв байдал” сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлд дурдсанаар төрийн эзэмшил ашигт малтмалын төслүүдэд газар авах байдал 1960-1970-аад оны үеэс газрын тос экспортлогч орнуудад давлагаалан түрж орж ирэх болжээ. Улмаар 1984 онд дэлхийн улс орнуудад ашигт малтмалын төслүүд дэх төрийн оролцоо оргил түвшиндээ хүрсэн бөгөөд уг хувь хэмжээ /Хятадыг тооцохгүйгээр/ 42.3%-д очсон байна. Үүнээс хойш энэ хандлага аажмаар буурах тал руу эргэсэн нь өндөр хөгжсөн орнуудтай холбоотой байв.
Учир нь хөгжингүй орнуудын хувьд уул уурхайн салбар эдийн засагт нь төдийлөн чухал бус болсон тул төрийн эзэмшлийг энэ салбарт их байлгах шаардлага байхгүй болсон гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр 1990-ээд оны үед уул уурхайн түүхий эдийн зах зээл уналтад орсны сацуу төслүүдийн санхүүжилтийн өртөг нэмэгдсэн нь төрийн эзэмшлийн хувь хэмжээ багасах нөхцөл болжээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд буюу 2004-2011 оны хооронд явагдсан уул уурхайн түүхий эдийн өсөлтийн мөчлөгийн үед төрийн эзэмшлийг зузаатгах сонирхол дахин сэргэх хандлагатай болсон байна. 2008 оны үед Хятадыг тооцохгүйгээр авч үзэхэд дэлхийн улс орнуудын металын төслүүд дэх төрийн эзэмшлийн хувь хэмжээ дунджаар 10.6%-тай байжээ.
Гэхдээ дан ганц хөгжингүй орнууд уул уурхайн төслүүд дэх төрийн эзэмшлийн хувь хэмжээг бага байлгадаггүйн нэг жишээ нь Швед юм. Тус улсын хувьд төмрийн хүдрийн төслүүд дэх төрийн эзэмшлийн хувь хэмжээг маш өндөр байлгах бодлого хэрэгждэг.
Өнөөдөр дэлхий дээр 100%-ийн төрийн өмчийн эзэмшлийн нэлээд хэдэн компани уул уурхайн салбарт ажиллаж байна. Тухайлбал Боливийн COMIBOL, Чилийн CODELCO, Конго улсын Gecamines, Шведийн LKAB зэргийг энд дурдаж болно. Түүнчлэн хяналтын багцыг эзэмшдэг төрийн өмчтэй компаниудын жишээ бол Францын Areva, Замбийн ZCCM-IH, Ботсванагийн Debswana юм.
Гэхдээ төрийн эзэмшлийн компаниудын засаглал хангалттай байж чаддаггүйг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргадаг “Байгалийн баялгийн засаглалын индекс- 2013” харуулжээ. Уг индексийн хүрээнд 58 улсыг судалсны дунд 45 төрийн өмчит компанийг судалжээ. Үүнээс 10-аад нь уул уурхайн компаниуд бөгөөд нийт компаниудын 33 нь засаглалын хувьд хангалтгүй гэсэн дүн авчээ.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан судалгаанд төрийн эзэмшлийн уул уурхайн компанид дараах эрсдэл үүсдэг байна. Тухайлбал, чадавхи сул, зах зээл дутмаг эсвэл олон нийтийн хяналт сул, хөрөнгө босгох боломж хязгаарлагдмал, урамшуулал зөрчилдөх, улс төрийн гар хөл оролцох зэргийг дурдаж болно. Энэ нь улмаар сулхан удирдлага, хяналтыг бий болгож цаашлаад ийм байдал нь төслийг үр ашиггүй нөхцөл рүү түлхэн, орлогын төвлөрүүлэлт хангалтгүй, олон нийтийн орлогын хуваарилалтад хариуцлагагүй хандах, иргэдтэй харилцаагүй байх зэрэг сөрөг асуудлыг дагуулдаг байх юм.
Нөгөөтэйгүүр төрийн өмчийн компаниудын хариуцлагатай байдлыг баталгаажуулахын тулд хийх ёстой алхам гэж бий. Тодруулбал үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, хөндлөнгийн аудит, олон нийтийн хяналт, парламентын хяналт, гадаад хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч түнш зэргүүд нь хариуцлагатай байдлыг дээшлүүлэх механизм болж үйлчилдэг ажээ.
Дэлхийн улс орнуудад ашигт малтмалын төслүүд дэх төрийн эзэмшлийн хувь хэмжээ харилцан адилгүй ч ерөнхий чиг хандлага нь эдийн засагт илүү чухал хувь нэмэртэй эрдсийн салбарт төрийн оролцоог илүү байлгахыг баримтлал болгодог байна. Жишээ нь, бокситын үйлдвэрлэлд Индонез улс гэхэд төрийн эзэмшлийн хувь 65% байхад Энэтхэг улс 77%, Гвиней 40%, очир алмаз олборлолтод Конго 80%, Ботсвана 48%, төмрийн хүдрийн үйлдвэрлэлд Энэтхэг улс 80%, Бразил 5.6% байдаг ажээ. Ийнхүү эрдсийн төрөл зүйлээсээ хамааран улс орнуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ харилцан адилгүй байна.
Улс орнуудын тухайд ерөнхийдөө төрийн өмчийн оролцоо бүхий компаниудын хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргаж арилжаалах, эсвэл тухайн төслийн тодорхой хувийг үнэгүй эзэмшиж, дээр нь нэмж тодорхой хувийг зах зээлийн үнээр худалдаж авах хандлага бас байна. Монголын хувьд Стратегийн орд газрууд дахь төрийн хувь эзэмшлийн оронд тусгай роялти авах зарчмаар төрд ирэх хөрөнгө оруулалтын зардлын ачааллыг хөнгөлөх шийдлийг хэрэгжүүлээд эхэлсэн билээ.
УИХ-ын гишүүн С.Оюун төрийн өмчийн оролцоо уул уурхайд сэдэвт семинарт Монголын уул уурхайн салбарын талаар илтгэсэн юм. Одоогийн хууль эрх зүйн орчинд Монгол улс нь зөвхөн стратегийн ордууд дээр л төр хувь эзэмшихээр заасан нь төрийн оролцоо уул уурхайн төслүүдэд төдийлөн их биш байгаагийн илэрхийлэл гэдгийг онцлов. Ашигт малтмалын тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого дээрээ ч төрийн эзэмшлийг цаашид нэмэгдүүлэхгүй, тогтвортой байхаар заасныг МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н. Алгаа мөн семинарт оролцогчдод тайлбарласан юм.
Семинарт Киргиз, Лаос, Мьянмар, Афганистаны уул уурхайн салбарын Засгийн газрын төлөөлөл өөрийн орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийсэн.
Киргиз улс Монголтой туршлага солилцох зарчмаар нэлээд ойр харилцаатай байдаг билээ. Тус улсын хувьд төрийн өмчийн оролцоо уул уурхайн салбарт гурван компани дээр байдаг байна. Үүнд “Сентерра Гоулд Инк” компанийн 33%, “Алтынкен” компанийн 40%, “Эти Бакыр” компанийн 25%-ийг Киргизийн Засгийн газар “Кыргызалт”-ын төрийн өмчийн компаниараа дамжуулан эзэмшиж байгаа тухай “Кыргызалт”-ын компанийн дэд ерөнхийлөгч Абдрахманов Сагинбек ярилаа. “Эти Бакыр” компанийн хувьд зэсийн томоохон уурхай, үйлдвэр эзэмшдэг бол “Алтынкен” нь алт, өнгөт металын чиглэлд уурхай, үйлдвэрлэл эрхэлдэг компани юм.
Афганистан улсын Уул уурхай, газрын тосны яамны Бодлого, хөтөлбөрийн ахлах зөвлөх Масоума Заргар илтгэлдээ, Афганистаны уул уурхайн салбарын хөгжлийн түүх урт боловч Монгол улстай харьцуулахад уул уурхайн салбарын хамрах хүрээ бага гэдгийг онцолж байлаа. 1950-аад оноос эхлэн АНУ-ын геологийн алба, 1960-аад оноос Англи, Герман улсын геологийн албадтай хамтарч ажиллаж, улмаар Зөвлөлтийн геологийн албатай гар нийлэн ажилласан. Тус улсад уул уурхайн чиглэлд ажиллаж буй төрийн өмчийн компаниуд гэвэл North Coal, Afghan Gas, болон Fertilizer and Power Plant юм. Салбарын яамны хувьд аюулгүй байдал, чадавхийг бэхжүүлэх, түүхий эдийн зах зээл, дэд бүтцийн асуудал хамгийн хүндрэлтэй сорилтод тооцогдож байна. Өнөөдөр Афганистанд газрын тос, байгалийн хий, нүүрс, зэс, төмрийн хүдрийн уурхай ажиллаж буй бөгөөд алт, полиметалын боломжит нөөц тус улсад тогтоогджээ. Үүнд 1.8 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй Hajigak орд, зэсийн Aynak, Zarkashan, Balkhab, Shaida, байгалийн хийн Sheberghan зэрэг ордыг дурдаж болно. Тус улсад Хятадын MCC компани зэсийн Aynak, CNPCWI компани 87 сая баррель газрын тосны нөөцтэй Amu Darya төсөл дээр ажиллаж байгаа юм байна.
Лаосын Эрчим хүч, уул уурхайн яамны Уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны хэлтсийн дарга Wongtong Thimahaxai өөрийн орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийсэн юм. Лаос улсын хувьд мөн л байгалийн баялгийн боломж ихээхэн өндөр улс юм. Тус улсад зэс, алт, полиметалын илэрц ихээр тогтоогдсон байна. Өнөөдөр тус улсад Хятадын MMG компанийн ажиллуулж буй Sepon зэсийн төсөл хэрэгжиж буйн 10%-ийг тус улсын Засгийн газар эзэмшдэг байна. Лаос улсын хувьд уул уурхайн төслүүдэд Засгийн газар нь хувь эзэмшихэд хоёр тал харилцан зөвшилцсөний дүнд хувиа тохиролцдог зарчим үйлчилж байна.
Sepon жилдээ 90 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. 1985-1990 онд тус улсад цагаан тугалга, гөлтгөнө олборлолтын чиглэлд төрийн өмчийн гурван компани ажиллаж байгаад 1991 оноос эхлэн уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх болжээ. Өнөөдөр уул уурхайн салбарын хайгуул, олборлолт тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10.3%-ийг эзэлж байна. Тус улс өнгөрсөн онд 89 мянган тонн катодын зэс, 376 мянган тонн зэсийн баяжмал, 41 тонн алт, 382 мянган тонн поташ, 4.6 сая тонн нүүрс, 987 мянган тонн гөлтгөнө, 202 мянган тонн төмрийн баяжмал, 1 мянган тонн цагаан тугалгын баяжмал үйлдвэрлэжээ. Лаос улсын хувьд түүхий эдийн зах зээлийн бууралт нь тус улсын уул уурхайн салбарт хүндээр тусч буй бөгөөд цаашид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн буюу зэс кабель, бордооны үйлдвэр зэргийг барих нь тэдний дараагийн зорилт болж байгаа юм.
Мьянмар улсын хувьд Засгийн газрыг төлөөлж Mining Enterprise No. 1 буюу ME1 төрийн өмчийн компани ажилладаг бөгөөд тус компани нь хар тугалга, цагаан тугалга, зэс, антимони, никель, төмрийн хүдрийн олборлолтын үйл ажиллагааг хариуцдаг. Гэхдээ 2010 оноос хойш Засгийн газрын тус компани хувийн компаниудтай бутээгдэхүүн хуваах гэрээ байгуулан бүх үйл ажиллагааны удирдлагыг хувьд шилжүүлжээ. Харин одоо ME1 компани бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд гаргасан олборлолтын төлөвлөгөөг компаниуд биелүүлж буй эсэх, байгаль орчны стандартыг мөрдөж буйд анхааран, хяналт тавьж ажиллаж байгаа тухай ME1 компанийн Ерөнхий захирлын орлогч Kyaw Zin Oo ярилаа.
Мьянмарын хоёр дахь төрийн өмчийн компани болох ME2 нь мөн хувийн хэвшилтэй хамтран цагаан тугалга, вольфрам, алтны төсөл дээр ажиллаж байна.
“Уул уурхай дахь төрийн оролцоо” сэдэвт олон улсын семинарын хоёр дахь өдөр Төрийн оролцоог хувийн хэвшлийнхэн ямар өнцгөөс хардаг талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Үүнд МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа, “Энержи ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ, “Хишиг Арвин контракт майнинг сервис” компанийн Гүйцэтгэх захирал М.Тулгат нар зочноор, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь хэлэлцүүлгийн удирдагчаар оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн оролцоо уул уурхайн салбарт байснаар ард нийтэд болон салбарын зөв хөгжилд ивээлээ өгч чадахгүй байгаа дээр санал нэгдсэн юм.
Г.Батцэнгэл: Төрийн оролцоо төсөлд байснаар ард түмэнд ээлтэй байдаг гэвэл цэвэр хийрхэл. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланд хувийн болон төрийн өмчийн компаниудын төлж буй татварын дүнг оруулсан байдаг. Эрдэнэтийн 51%-ийг төр эзэмшдэг тул улс оронд илүү хувь нэмэр оруулдаг гэдэг. Эрдэнэтийн төлсөн татвар хураамжийн 90 гаруй хувь нь татвар байдаг. Яг төрийн эзэмшиж буй хувьд ногдол ашиг хэлбэрээр авсан нь 5-10%-ийг л эзэлж байгаа. Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компани дээр мөн л нийт төлсөн дүнгийнх нь 97% нь татвар хураамж, харин ногдол ашиг нь 2-3% л байгаа.
Төрийн өмчтэй байснаар илүү их ашиг олдог гэдгийг Монголын жишээн дээр харахад үнэхээр домог. Гэхдээ бид төрийн оролцоо огт байхгүй байх ёстой гэж яриагүй. Хуулиа тогтоо, татвараа хураа, салбараа зөв зохицуулж өг, нөгөө талаас үндэсний уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг бүрдүүлж өг, бодлогын дэмжлэг үзүүл гэдгийг л хэлж тайлбарладаг.
Тавантолгойтой холбоотой асуудлын хувьд бид төрийн өмчтэй, орон нутгийн өмчтэй хоёр компанитай зэрэгцээд үйл ажиллагаа явуулдаг. Энд гардаг хамгийн тод жишээ нь төрийн өмчтэй компани хуулиас гадуур ажиллаж болдог. Хувийн хэвшил дээр бүх дүрэм журмаа хатуу тавьдаг.
Мэргэжлийн хяналтынхан хажууд нь ажиллаж байгаа төрийн өмчтэй компаниуд дүрэм журмаа мөрдөхгүй байхад өөгшүүлэхгүй юм гэхэд үл хайхрах тохиолдлууд харагддаг. Нүүрсийг шороон замаар бус автозамаар тээвэрлэх тухай төрийн байгууллагуудаас чиглэл өгсөн. Хувийн хэвшлийн компани хөрөнгө оруулалтаа хийгээд автозам барихад төрийн өмчтэй болон орон нутгийн өмчтэй компаниуд нь бид нүүрс зөөгөөгүй, уурхайн аман дээрээ зардаг, худалдан авагч нь өөрөө зөөж байгаа юм гэсэн тайлбартайгаар шороон замаар нүүрсээ зөөгөөд 2-3 жил боллоо. Хувийн хэвшлийн компани шороон замаар тээвэрлэсэн бол эхний өдөр нь л зогсоох байсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль дээр сорчлон олборлохыг хориглосон байдаг. Гэтэл төрийн өмчтэй компаниуд хамгийн сайн чанарын нүүрсний давхаргыг, хөрс хуулалт багатай, эдийн засгийн үр өгөөжтэй хэсгийг сорчлох жишгээр сүүлийн 5-6 жил ажиллаж байна. Урт хугацаандаа байгалийн баялгийг ашиглах бодлоготойгоо энэ нь зөрчилдөөд байгаа юм.
М.Тулгат: Тавантолгойд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай дээр манай компани оператораар ажиллаж байна. Өмнө нь “Бороо гоулд”, “Саусгоби сэндс”-ийн уурхай дээр оператороор ажиллаж байсан туршлагатай.
Хувийн болон төрийн компанитай хамтарч ажиллах нь ихээхэн ялгаатай байдаг. Төрийн компанитай ажиллахад төлбөр тооцооны асуудлаас авахуулаад хүндрэл их. Хувийн хэвшлийнхэнтэй ажиллахад илүү амар хялбар байдаг.
Манай компани цаашид уул уурхайн төсөл эзэмшихгүйгээр оператороор дагнаад явахыг чухалчилж байгаа. Гэрээт олборлолт хөгжих шаардлага Монголд байна. “Шивээ-Овоо”, “Багануур” гээд төрийн өмчийн компаниудын загвар бий. Төрийн компаниуд асар их хөрөнгө оруулалт хийн байж, хүн хүч, техникээ зохицуулахын оронд оператор компанид энэ бүгдийг даатгах нь илүү зохимжтой гэж үздэг. Тухайлбал, манай компанийн нэг инженерийн хийж буй ажлыг төрийн өмчийн компанид дөрвөн хүн хийх жишээтэй. Өндөр үнээр сэлбэг, түлш худалдан авах, шахааны бизнест өртөх, үгүйдээ гэхэд хардалт үүсэх эрсдэлтэй. Харин оператороор уурхайн ажлаа хийлгээд, уурхайгаа эзэмшиж буй төр үндсэн уулын ажлын даалгавраа өгөөд, хяналтаа тавиад ажиллавал их ашигтай юм гэв.
Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Бороогийн уурхай, Тавантолгойн Ухаахудаг, Оюутолгой гээд томоохон төслүүд хөдөлж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүн өсч эхэлсэн. Монголын төр засаг эдийн засгийн өндөр үзүүлэлт мөнхөд үргэлжлэх юм шиг санасан. Хажуугаар нь уул уурхайн эсрэг хөдөлгөөнүүд эрчимжиж, улстөрчид ч уул уурхайн салбарыг боомилсон хуулиуд гаргасан нь Гэнэтийн ашгийн татварын тухай хууль, Урт нэртэй хууль, Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байсныг онцолсон юм. Түүний үзэж буйгаар, Монголд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал буцаж эргэнэ гэдэг тун эргэлзээтэй болжээ. Монголд хариуцлагатай уул уурхай гэж их ярьдаг. Гэхдээ эцсийн дүндээ хариуцлагатай засаг гэдэг ойлголт маш хангалтгүй байгааг тэрбээр сануулсан юм.
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа, Монголд уул уурхайн салбарт төрийн өмчийн оролцоотой компани байж болно. Гагцхүү засаглалын асуудал маш чухал. Засаглал нь сайн байвал хүндрэлтэй асуудлуудыг шийдээд явах боломжтой гэж үзэж буйгаа тэмдэглэв.
Хөгжингүй улс орнуудад уул уурхайн салбарт төрийн оролцоо, төрийн эзэмшил гэсэн ойлголт бараг огт байхгүй болжээ. Харин хөгжсөн орнуудад төр нь зохицуулагчийн хувиар уул уурхайн салбараас илүү ашиг хүртэж чадаж байна. Австрали, Канадад уул уурхайн төсөлд төрийн эзэмшил гэж ярьдаггүй ч уул уурхайн салбар нь эдийн засгийнх нь маш чухал хэсэг байсан хэвээр. Эдгээр улсын Засгийн газар компаниудаас нийгмийн хариуцлага, татвар хураамж зэргээр ихээхэн ашиг олдог нь үнэн. Мэдээж Монголд бусад орны жишиг яг таг таарна гэсэн ойлголт үгүй ч төрийн чадавхийг оновчтой зүйлд зориулах шаардлагатай бөгөөд уул уурхайн салбарт төр оролцох явдлыг нэмэгдүүлж туйлшрах шаардлагагүй гэдэгт хуралд оролцогчид санал нэгтэй байсан юм.
Монгол улсын хэмжээнд төрийн өмчийн уул уурхайн 9 компанийн засаглалын дундаж үнэлгээг олон улсын дундажтай харьцуулахад хавьгүй доогуур гарчээ. Азийн хөгжиж буй орнуудад төрийн компанийн засаглал 48-77%-тай байгаа бол Монголын уул уурхайн чиглэлийн төрийн компаниудынх ердөө 28%-д шүргэжээ. Уг судалгааны дүнг семинар дээр Ерөнхий сайдын Хувьчлал өөрчлөн байгуулалтын асуудал хариуцсан зөвлөх Д.Байлыхүү танилцуулсан юм. Энэ нь Монголд ерөнхийдөө төрийн компанийн засаглал, тодруулбал, ил тод нээлттэй байдал, хяналтын тогтолцоо, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, ногдол ашиг болон бусад асуудал дулимаг байгааг харуулж байна. Монголд “Эрдэнэс Монгол” компани Компанийн тухай хуулиар үйл ажиллагаагаа явуулахаар болсон нь сайн хэрэг ч бодит байдал дээр ямар үр дүнтэй ажилласнаар нь л төрийн компанийн үр ашгийг шүүх тул баярлахад хэтэрхий эрт байна.
Б. Төгсбилэгт