Бидний амьдардаг ертөнцөд хамт байхгүй байгаа ч жилийн өмнөх энэ л сард өөр нэг ертөнц рүү эргэж ирэхээргүй томилолт авч очоод, онцгой увидас агуулсан үг өгүүлбэрүүдийг хэлхэн, жир бус нийтлэлүүдээ бичсээр байгаа гэдэгт итгэдэг.
Арваннэгдүгээр сард ер бишийн их нойтон цас Улаанбаатарыг нэвсийтэл нь дарчихсан. Монголын тал нутаг бүхэлдээ цасан нөмрөгт хучигдаж, нүд гялбам үзэсгэлэнтэй болдог тэр улирал хэдийнэ ирчихэж. Жавар тачигнасан энэ өдрүүдэд бид урьдын адил завгүй, ажил ч урагштай, урам зоригтой ажилласаар байна. Өглөө ажилдаа яарч, өдөр аль болох ихийг амжуулахыг хичээж, өдрийн төгсгөлд дуусаагүй ажлаа цүнхлэн харьдаг.
Гадаа хүйтэн ч долоон давхрын өрөө маань дулаахан хэвээрээ. Цасны гэрэлд бүүдийн цэнхэртсэн өрөөнд маань заримдаа компьютерийн товчлуур шажигнахаас өөр чимээ аниргүй болдог. Мөр мөрөө түшин хамтдаа ажиллаж байх үед дугаар шилжих дөхсөн өдрүүд ийм хэмнэлд орчихдог байсныг санаж байна уу. Бүгд л нухацтай, ул суурьтай бичихийг эрмэлзэн, тийн бичиж суугаа нэгэндээ саад болохгүй гэхдээ чангахан амьсгалахаас ч эмээмээр санагддаг даа. Яг л тийм өдрүүд үдээс хойшхи нар шаргалтан ээдэг өрөөнд минь одоо ирчихсэн. Гэхдээ дугаар шилжсэний дараа нам гүм өрөө юу болов гэмээр дуу чимээ орж, ер бусын хөгжилтэй болж орхидог тэр л янзаараа.
Яагаад ч юм, арваннэгдүгээр сар хэзээнээс л MMJ-ийнхний хувьд хамгийн завгүй өдрүүд байсаар иржээ. Найман жилийн өмнө MMJ сэтгүүл мэндэлж, анхны дугаараа гаргасан болоод тэр үү, энэ сар биднийг их ажлаар сорьдог, бид ч бэрхшээлгүй ард нь гарч сурчээ.
Жил жилийн Mining Jоurnal Awards-ын ард өрнөдөг их ажлыг хамт олноороо энэ л сард нугалсаар ирж. 2010 оны арваннэгдүгээр сард Awards-ыг ёслон эхлүүлснээс хойш он жил нисэх мэт хурдалж, зургаан өвлийн цас унаж, зургаан хаврын цэцэг дэлгэрчээ. Авардсаа хийхгүй юм уу гэж асуух хүн цөөнгүй. Эрдэс баялгийн салбарын хөгжилд эерэг, идэвхтэй уур амьсгал төрүүлэхийн тулд уул уурхайн хөгжлийн эрчмийг, компаниудын эрүүл зөв санаачилгыг урамшуулан дэмжих гэсэн жирийн сэтгүүлч бидний хүслээс Mining Jоurnal Awards төрсөн. Салбартаа тэргүүлэх эгнээнд яваа компаниуд нэрээ дэвшүүлэхдээ өмнөх жилээс шат ахьсан үзүүлэлтээр хүчтэй өрсөлддөг уламжлалаа хадгалж үлдэхийн тулд бид эрдсийн салбар уналттай, компаниуд үйл ажиллагаагаа хумьсан, төсөл хөтөлбөрүүдээ царцаасан ийм цаг мөчид Awards-аа зарлахгүй байхаар шийдсэн.
Эрдсийн салбарт амаргүй өдрүүд үргэлжилсээр л байгаа. Ерөөс салбар төдийгүй эх орны эдийн засаг ээдрээтэй, амаргүй өдрүүдийг туулж явна. Наймдугаар сард Болд-Эрдэнэ “Welcome Standby” гэж бичиж, сэтгүүлийн тэргүүн нүүртээ гаргасан юм. Энэ хавтсыг харах бүр яагаад ч юм 2010 оны есдүгээр сарын сэтгүүлийн хавтсын санааг ярилцаж байсан үеийг санадаг. “Bye Bye, Standby” гэж гарчиглахдаа улс орны эдийн засаг элдэв хүлээс дарамтгүй өндийн босч, том төслүүд хэрэгжих үүд нээгдлээ гэсэн Эрхлэгчийнхээ өөдрөг бодолтой сэтгүүлийн хамт олон санал нэг байж билээ. Харамсалтай нь таван жилийн дараа “Стэнд бай Монгол оронд минь тавтай морилно уу” хэмээн мэхийн залж байгаа нь хувь заяаны шоглоом гэлтэй.
Эх орны хөгжилд ухаалаг бодлого дутаж байна гээд Монголын уул уурхайн салбарынхан гэдрэг суугаагүй, сөхөрч байгаа эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрдэг хэвээр эрвийх дэрвийхээрээ зүтгэсээр л байна. Ирээдүйн боломжид итгэж, уйгагүй хөдөлмөрлөсөөр байгаа. Бас энэ салбар биднийг хамгийн их урам зоригоор тэтгэдэг хэвээрээ.
MMJ-ийн сэтгүүлчид уул уурхайн салбарын хурал, семинарыг хилийн чанадаас сурвалжлан, Монголынхоо уншигчдын хүртээл болгодог уламжлалаа хадгалсаар байна. Сурвалжлан бичээд зогсохгүй Монголын эдийн засаг, уул уурхайн чухал эх сурвалж болдгийн хувьд гадаад, дотоодод болж буй томоохон хурлуудад илтгэгч, чиглүүлэгчээр идэвхтэй оролцоотой байж ирсэн. Энэ жилийн хувьд ч тийм урилгууд олноор ирсэн. Хамгийн сүүлийн, тоймтойгоос дурдвал Төгсбилэгт Тайландад олборлох салбарын ил тод байдлыг хэлэлцсэн хуралд хоёронтаа очиж илтгэл тавив. Оджаргал арваннэгдүгээр сарын завгүй өдрүүдийн дундуур Киргизэд болсон хуралд чиглүүлэгчээр ажиллаж, “Тэнгэр уулын мухардал” хэмээн бичиж байсан газартаа биеэр очиж, сурвалжлах ховорхон томилолтын эзэн болсон.
Хэн хүнд танил дотно болтол нэр нь хоногшсон Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Цагаансуваргаас эхлээд Монголын том жижиг олон уурхайн он дарааллын түүхийг хүүрнэсэн газар дээрээс нь хийсэн сурвалжлагууд MMJ-ийн нүүр хуудсыг амилуулсаар ирсэн. “Үрчгэр уулсын өчил”, “Түүхий нүүрсийг “хорхог” болгох нүргээн”, “Тавантолгойн зулайд хүрсэн тэмдэглэл”, “Хүйтэн өвлийн халуун айлчлал”, “Ухаахудаг ба монгол брэнд”, “Их хүйтрэл ба уурхайчдын тэмцэл”. Энэ гарчгуудыг харахад MMJ-ийн сэтгүүлчдийн очсон газар, уулзсан хүмүүсийн яриа сонстох шиг болдог. Арваннэгдүгээр сарын хүйтнээс шантралгүй Идэрхангай өмнийн говийн уурхайдаар явж, түүхэн цэгээс түүсэн тэмдэглэлээ энэ дугаарт толилуулж байна.
Сэтгүүлийнхээ нийтлэлээс хальсан цөөн гэхээргүй ажлуудаа бид үргэлжлүүлсээр байгаа. Монголын сэтгүүл зүйд үгүйлэгдсэн нэгэн орон зайг нөхөж, уул уурхай, эдийн засгийн сэдвээр мэргэшиж байгаа сэтгүүлчдийг давтан сургах эрмэлзлээ орон нутаг руу тэлсэн ажил маань ахицтай байна. 2015 оны тавдугаар сард эхлүүлсэн “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслөө Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) ЭТИС хөтөлбөртэй хамтран үргэлжлүүлэв. Арванзургаан онд төлөвлөсөн гурван удаагийн цуврал сургалтынхаа сүүлийнхийг Улаанбаатарт ердөө хэдхэн хоногийн өмнө хийлээ. Яг л тэмүүлж, төсөөлж байсан шиг чинь өмнөхөөсөө шат ахиж явааг дуулгая. Гадаад дотоодын туршлагатай мэргэжилтнүүд цуврал сургалтуудад оролцож, орон нутгийн сэтгүүлчидтэй мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан. Хийсэн бүгд маань хий хоосон замхарчихаагүйг орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлийн чансаа харуулсаар байна. Өнгөрсөн жил хэдүүл тойрч суугаад хэлэлцэж асан тэр бүтээлүүдтэй харьцуулахад олон талаараа ахисныг хараад их урамшсан. Сэлэнгэ, Говь-Алтайн хоёр сэтгүүлч сургалтын дараах гэрийн даалгаврыг амжилттай гүйцэтгэж, Австрали улсад богино хугацааны курст хамрагдах болсонд өөрсдөөс нь дутахгүй баяртай байна. Ийм боломжийг Ш.Ханселманн, О.Батболд даргатай GIZ байгууллагын ЭТИС хөтөлбөр олгосон. Зорилго, тэмүүллээр нэгдсэн нэгэн жил манай хамт олныг энэ байгууллагатай улам ойртуулжээ.
Завгүй хөдөлмөрлөсөн нэгэн жилийн төгсгөлд хийж бүтээснээ эргэн санахад урамтай байна. Арванзургаан он бидний хувьд амаргүй байлаа. Магадгүй MMJ-ийн түүхэн дэх хамгийн завгүй жил, шургуу ажилласан өдрүүд байсан байх. Нэг хүн гурван хүн мэт ажиллах ёстой тийм өдрүүд бидэнд ирсэн.
Сэтгүүлийнхээ эрэмбэ чансааг бууруулахгүй ажиллахын зэрэгцээ олборлох салбарын ил тод байдлын тайланг зарим аймгуудын түвшинд хялбаршуулан бичиж, цуврал мэдээллийн хуудас гаргаж, нэвтрүүлэг хийж, бас зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүллээ. Өмнө хийж байснаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинийг бүтээсэн өдрүүдийг туулж явна. Одоо ч бас үргэлжлүүлэн хийх, шинээр бүтээх ажлын уртаас урт жагсаалт ММJ-ийнхний өмнө байгаа.
Хүн бүрийн дотор байдаг хамгийн
нандин дурсамжийнхаа гүнд мөрөөдөл тэмүүллийг чинь хадгалж, эхлүүлсэн ажлыг
чинь өв хэмээн үргэлжлүүлж байгаагаа бид Эрхлэгчийнхээ хүсэл зорилгыг мартаж
бүүдийлгэхгүй хамгийн онцгой ажил гэж бодож, бас итгэдэг.
Н.Ариунтуяа