Ярилцлага
Хаагдсан уурхайнуудын нөхөн сэргээлт, хаалтын асуудлыг бүрэн шийдээгүй байгаа
2016-11-30
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн Дэд захирал С.Ган-Очиртой тус үйлдвэрийн үйл ажиллагаа болоод жоншны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар Б.Төгсбилэгт ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд жоншны зах зээл нэлээд уналттай байна. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр энэ уналтад нэлээд өртөж байгаа талаар та “Уурхайн хаалт-Нийгмийн лиценз 2016” хурлын үеэр тавьсан илтгэлдээ хөндсөн. Танай үйлдвэр ямар төлөвлөгөөгөөр хямралыг даван туулж байна вэ?
Манай үйлдвэр жилд 600 мян.тн хайлуур жоншны хүдэр боловсруулж, 120 мян.тн баяжмал үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай. Олон улсын зах зээл дээр хайлуур жоншны бүтээгдэхүүний үнэ унан, борлуулалтын хэмжээ буурч, үйлдвэр “00” зогсолт хийх хүртэл хүндрэлтэй байдалд хүрч байсан үе бий. Хэмнэж болох бүх л зардлыг хэмнэж, түүхий эдийн агуулга, чанарыг сайжруулах зэргээр бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулахад онцгой анхаарч байгаа ч төслийн хүчин чадлын 30 хүрэхгүй хувьд үйлдвэрлэл явагдаж байгаа учир өртөг төдийлөн буурахгүй байна.
Аливаа үйлдвэрлэл их хэмжээний бүтээгдэхүүнийг хямд үнээр үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн хэмжээ багасах тутам нэгжид ногдох зардал өсдөг нь эдийн засгийн энгийн ойлголт юм.
Хямралыг бүрэн давсан гэж хэлэхэд эрт байна. Хямралын үед хийсэн томоохон алхам бол Баргилтын төмрийн хүдрийн ордоо ашиглаж эхэлсэн явдал. Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглан технологийн зарим хувиргалт хийснээр 2013 оноос төмрийн хүдрийн 65% агуулгатай нойтон баяжмал үйлдвэрлэх болсон. Өөрөөр хэлбэл төслийн хүчин чадлыг бүрэн ашиглах шийдэл юм. Мөн уурхайн талбай дээр 52% агуулгатай төмрийн хүдрийн хуурай баяжмал үйлдвэрлэж байна. Гэтэл төмрийн хүдрийн үнэ бас уначихсан, иймээс хямралыг бүрэн даван туулсан гэж хэлэхэд арай эрт байна.
Танай гол худалдан авагч Rusal 2014 оноос танай үйлдвэрээс авдаг бүтээгдэхүүний худалдан авалтаа бүрэн зогсоожээ. Ер нь цаашид зах зээлийн төлөв байдал эерэг болох шинж харагдаж байна уу? Жоншны зах зээлд сүүлийн жилүүдэд өрнөсөн үйл явц болон одоогийн үнэ ханшийн байдлыг тайлбарлана уу?
ФФ-95 маркийн хайлуур жоншны баяжмалын үндсэн хэрэглэгч болох ОХУ-ын “Русал” компани дэлхийн зах зээл дээрх фторт хөнгөн цагааны үнийн уналтаас шалтгаалан 2013 оны I улирлаас худалдан авалтаа бүрэн зогсоосон. Бага хэмжээтэй худалдан авагч гэрээт компаниуддаа баяжмалаа нийлүүлж байгаа. Тухайлбал, ОХУ-ын “Галополимер Пермь” нийгэмлэг жилд 20-30 мян.тн баяжмал худалдан авч байна. “Русал” компанийн зүгээс үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сэргээж, бүрэн хүчин чадлаар ажиллуулах, худалдан авалтаа сэргээх талаар удаа дараа мэдэгдсэн. Мэдээж хэрэг хөнгөн цагааны зах зээл бүрэн сэргээгүй учир хуучин үнээр гэрээ хийх боломжгүй. Тэдний зүгээс санал болгосон үнэ одоогийн манай өөрийн өртгөөс бага байгаа учир худалдааны гэрээг эцэслэн байгуулаагүй байна.
Манай үйлдвэр жоншны баяжмалаа ОХУ-ын 7 аж ахуйн нэгжид дунджаар 315 ам.долларын үнээр борлуулж байна. Зах зээл судлаачид ойрын 5 жилдээ жоншны зах зээл дээрдэхгүй гэж үзэж байна.
Танай компани 95%-ийн агуулгатай жоншны баяжмал борлуулж байгаа нь том амжилт мөн үү? Ер нь Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн зорилт юун дээр төвлөрч байна вэ? Нэмүү өртөг шингэсэн эсвэл бүр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө бий юу?
Манай үйлдвэрийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй ордуудын үйлдвэрлэлийн ач холбогдолтой хайлуур жоншны хүдрийн нөөцийн хэмжээ 15.0 сая тонн. Төслийн хүчин чадлаар тооцох юм бол 25 жил ашиглах боломжтой гэсэн үг. Эдгээр ордын зарим нь нээгдээгүй, зарим нь ашиглаж байгаад түр зогсоосон байдалтай, 2 ордыг ил болон далд аргаар ашиглаж байна.
Жоншны баяжмалын хувьд манай үйлдвэр 97% агуулгатай гаргах боломжтой.
Засгийн газраас Зэс хайлах, цэвэршүүлэх үйлдвэрийг Бор-Өндөрийн бүсэд байгуулж, тус үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг ашиглаж, жоншны баяжмалаас фторт хөнгөн цагаан үйлдвэрлэх замаар хоёр төрлийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Өнгөрсөн хавар энэ төслийн техникийн зөвлөлдөх уулзалт манай үйлдвэр дээр хийгдсэн. Төсөл хэрэгжээд эхэлбэл манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах, бүтээгдэхүүнээ 100% борлуулах боломж нээгдэх дүр зураг харагдаж байгаа. Бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдэг маань бүтээгдэхүүний өөрийн өртөг буурна гэсэн үг.
Худалдан авагчдын хүрээг хэрхэн тэлэх боломжтой вэ? Одоогийн байдлаар нийт худалдан авагчдыг улсаар нь, эзлэх хувиар нь илэрхийлбэл?
Өнөөдрийн байдлаар манай үйлдвэр жоншны баяжмалаа 100% ОХУ-д экспортолж, 7 аж ахуйн нэгжид нийлүүлж байгаа бүтээгдэхүүний 90%-ийг “Галополимер Пермь” нэгдэл худалдан авдаг. Борлуулалт нэмэгдүүлэх зах зээлийн судалгаа хийж байгаа ч төдий л нааштай үр дүн харагдахгүй байна.
Монголын жоншны салбарт одоогийн байдлаар хэдэн компани, үйлдвэр, уурхай үйл ажиллагаа явуулж байна вэ? Эдгээр нь хоорондоо үнээрээ өрсөлдөж, түүхийгээр хэт хямд үнээр гаргах байдал газар авсаар удаж байна. Зах зээл хүндэрсэн өнөөгийн нөхцөлд бүгдээрээ үйл ажиллагаа эрхэлсэн хэвээр байгаа юу? Цөөрөх хандлага байгаа юу?
Сүүлийн жилүүдэд хайлуур жонш баяжуулах үйлдвэрүүдийн тоо их хэмжээгээр нэмэгдэж энэ оны байдлаар улсын хэмжээнд “Бор-Өндөр” УБҮ-ээс гадна 19 үйлдвэр бүртгэгджээ.
Хүчин чадлын хувьд 10.0-300.0 мян.тн хүртэл төлөвлөгдсөн бөгөөд нийт хүчин чадлыг тооцож үзвэл улсын хэмжээнд жилд нэг сая орчим тонн флотацийн баяжмал үйлдвэрлэх боломжтой болсон байна. Гэхдээ эдгээрээс ажиллаж байгаа нь маш цөөн, 3-4 үйлдвэр л ажиллаж байгаа.
Зах зээлд нэгдсэн үнээр өрсөлдөж чадахгүй байгааг шийдвэрлэхийн тулд хэрхэх ёстой вэ?
ФФ-95 маркийн жоншны баяжмалын өөрийн өртөг өндөр байгаагийн үндсэн шалтгаан нь жоншны хүдрийн дундаж агуулга бусад аж ахуйн нэгжийнхтэй харьцуулахад хэтэрхий доогуур, мөн баяжуулах фабрикийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байгаатай шууд холбоотой байна. Өндөр агуулгатай ордуудын нөөцийг бүрэн ашиглахын тулд кальцитийн өндөр агууламжтай хүдэр боловсруулах технологийн шийдэл олох шаардлагатай. Кальцит буюу CaCO3 нь энгийн үгээр тайлбарлавал хайлуур жонш CaF2-той физик химийн шинж чанарын хувьд төстэй ялгаж баяжуулахад түвэгтэй эрдэс юм. “Бор-Өндөр” УБҮ-ийн хувьд 2%-иас доош CaCO3-ын агуулгатай хүдрийг флотацийн аргаар баяжуулах технологитой. Тус үйлдвэрийн түүхий эдийн томоохон нөөц болох Өргөн, Хөх дэлийн ордод CaCO3-ын агуулга 9-12%-тай, зарим хэсэгтээ 50%-тай ч байдаг. Иймд цаашид хайлуур жоншны флотацийн баяжмал үйлдвэрлэлийн технологид CaCO3-ын агуулга өндөртэй хүдрийг боловсруулах шаардлага тулгарч байна.
ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хийсэн судалгааны ажлын үр дүнд лабораторийн нөхцөлд кальцийн карбонатыг хайлуур жоншны хүдрээс ялгах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ үйлдвэрлэл дээр батлагдаагүй байна. Цаашид энэ чиглэлийн судалгааны ажлыг дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэж үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
Уурхайн хувьд Монголын жоншны манлай үйлдвэр гэж хэлж болно. Танай үйлдвэрийн татвар төлөлт энэ оны байдлаар ямар хэмжээнд байна вэ? Зах зээл муудсантай холбоотойгоор татвар бүрдүүлэлт багасч байна уу? Үүнээс гадна нөхөн сэргээлтийг хаагдсан уурхайнууддаа хийж чадаагүй юм байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Манай үйлдвэр жоншны бүтээгдэхүүн гаргалтын хэмжээгээр дэлхийд тавд ордог байсан. Улсын хэмжээнд жоншны салбарт хамгийн олон ажлын байртай, хамгийн өндөр татварын орлого бүрдүүлдэг үйлдвэр. Өнгөрсөн оны байдлаар зөвхөн орон нутгийн төсөвт 3.7 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлсэн байдаг.
Ордын нөөцөөс шалтгаалан ашиглалт зогссон, хаагдсан уурхайнууд хэд хэд бий. Эдгээр уурхайнуудын байгаль орчны нөхөн сэргээлт, хаалтын асуудлыг бүрэн шийдээгүй байгаа. Үйлдвэрийн санхүүгийн байдалтай холбоотой. 30 гаруй жилийн турш үйл ажиллагаа эрхлэхдээ энэ чиглэлийн зардал санхүүжүүлэх сан байгуулаагүйтэй холбоотой. Ийм хууль эрх зүйн орчин ч манай улсад бүрдээгүй. Хуулийн дагуу хаагдсан уурхайнуудын байгаль орчныг нөхөн сэргээх үүргийг манай үйлдвэр хүлээнэ.
Бид уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар зарим санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал далд уурхайн газрын дээрх барилга байгууламжууд болон газрын доорх малталт, тоноглолуудыг ирээдүйд уул уурхайн сургалт, судалгаа, аялал жуулчлалын чиглэлээр ашиглахаар төлөвлөж байгаа.