Бразилийн “Vale”, Австрали-Их Британийн “BHP Billiton”компаниуд хамтарсан “Samarco Mineracao SA ” компанид зориулан тус бүр 115 сая ам.долларын богино хугацааны зээлийн шугам нээхээр болжээ. Энэхүү зээл нь хамтарсан компанийн 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг дэмжихэд зориулагдах аж.
Түүнчлэн, “Vale” компани нь ирэх жилийн эхний хагаст нэмж 181 сая ам.долларын хөрөнгийг уурхайд гарсан ослын улмаас бохирдсон бүс нутгийн байгаль орчныг нөхөн сэргээхэд зориулахаар төлөвлөжээ. Сануулахад, 2015 оны арваннэгдүгээр сард Бразилийн Минас-Жейрас мужид “Samarco Mineracao SA” компанийн үйл ажиллагаа явуулж байсан төмрийн хүдрийн уурхайн Германо цогцолборын хаягдлын хоёр далан задарч, 19 хүн амь үрэгдэж, бүс нутгийн байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулсан билээ.
Ослын дараа жилд 30 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүчин чадалтай төмрийн хүдрийн төслийг үйл ажиллагааг шууд зогсоосон бөгөөд 2017 оноос үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байгаа тухай “Vale” компаниас мэдэгдсэн байна.
Э.Од