Индонезийн эрх баригчид ирэх гурван жилд нүүрсний экспортоо хоёр дахин бууруулахаар төлөвлөж байна.
Энэ нь тус улсын дотоодын нүүрсний хэрэглээ өсч, олборлолт буурч байгаатай холбоотойг Эрчим хүчний яамнаас нь мэдээлжээ. Яамны урьдчилсан тандалтаар 2016 онд 308 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй аж. Тэгэхээр дээрх бодлогын хүрээнд 2019 онд нүүрсний экспорт 160 сая тоннд хүрч буурах юм байна.
Нүүрсний экспортыг бууруулах бодлого хэрэгжүүлснээр 2019 онд нүүрсний олборлолт жилдээ 400 сая тонн хэвээр байж, ДЦС-ын хэрэглээ нэмэгдэж, экспортын хэмжээ буурах болно хэмээн Индонезийн Эрчим хүчний яамны төлөөлөгч Херсоньо Вибово мэдэгджээ.
2019 он гэхэд Индонезийн ДЦС-уудын гол түүхий эд болох нүүрсний хэрэглээ 119 сая тоннд хүрч өсөх тооцоотой байна. Өнгөрсөн онд тус улс нь 460 сая тонн нүүрс олборложээ. Индонез нь нүүрсний экспортоор тэргүүлэгч орны нэг бөгөөд 2012 онд Австралийг гүйцэж түрүүлэн дэлхийд нэгдүгээрт орж байсан билээ.
Э.Од