Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад импортоо хязгаарласнаар алтны үнэ өсөхөд нөлөөлж байна

Энэ оны нэгдүгээр сараас хойш юанийн ам.доллартай харьцах ханш 5,8%-иар буурч сүүлийн найман жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрээд байна. Юанийг дэмжих зорилгоор валютын нөөцийг ашигласан бөгөөд үүний үр дүнд өнгөрсөн аравдугаар сарын байдлаар тус улсын валютын нөөц 3,12 их наяд ам.доллар болж багасчээ. Юанийн сулралыг зогсоохын тулд Хятадын эрх баригчид гадагш чиглэх хөрөнгийн урсгалыг бууруулахад анхаарах болов.

Юуны түрүүнд улсын компаниудын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтыг хязгаарласан байна. Тэгэхдээ 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гадаадын компаниудыг худалдаж авахаас сэргийлжээ. Хятадын Худалдааны яамны статистик мэдээллээр 2015 онд тус улсын компаниудын санхүүгийн бус салбар дахь шууд хөрөнгө оруулалт 121 тэрбум ам.долларт хүрч “дээд амжилт” тогтоосон байна. Тэгвэл энэ оны эхний 10 сарын байдлаар шууд хөрөнгө оруулалт нь 146 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Зөвхөн аравдугаар сард л гэхэд Хятадын зэс боловсруулах “Xinke New Materials” компани нь Холливудын “Voltage pictures” кино студийг эзэмшигч “Midnight Investments” компанийн 80%-ийг худалдаж авч байгаагаа мэдэгдсэн билээ. Энэхүү хэлэлцээр нь 345-518 сая ам.доллараар үнэлэгдэж буй. Хятадын компаниуд гадаадын зочид буудал, хөл бөмбөгийн баг, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад маш их хөрөнгө зарцуулж байгааг тус улсын шинжээчид онцолж байгаа юм.

Тиймээс гадагшаа чиглэх хөрөнгийн урсгалыг бууруулж, юанийн ханшийн сулралыг зогсоох зорилгоор Хятадын эрх баригчид алтны импортыг хязгаарлаад буй. Банкуудын үнэт метал худалдан авах валютын квотыг бууруулж, алт импортлох тусгай зөвшөөрлийг хязгаарлахад хүрчээ. Энэ нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд банкуудыг гаднаас алт худалдан авахдаа оффшор бүсэд эзэмших юанийг ашиглахыг Хятадын эрх баригчид зөвшөөрсөн байна. Алт худалдан авч, борлуулах эрхтэй Хятадын 15, гадны HSBC, Standart Chartered, ANZ  зэрэг нийт 18 банк байдаг. Энэ оны 1-9 дүгээр сард Хятад улс ойролцоогоор 905 тонн алт импортолжээ. Алтны томоохон хэрэглэгч тус улсын энэ шийдвэр дэлхийн зах зээл дэх алтны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

Арванхоёрдугаар сарын эхний 5 хоногийн байдлаар дэлхийн зах зээл дэх нэг унц алтны үнэ 1173,40 ам.доллараас өсч 1179,20 ам.доллар болсон байна.  

Э.Од