Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Өнөөгийн амиа аргацаасан үйлдвэрлэл, экспортоор бид цаашид хол явахгүй

Уул уурхайн зөвлөх инженер Б.Нэргүйтэй ярилцлаа.

Монголын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг Та энэ салбарын мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж, дүгнэж байна вэ?

Энэ оны аравдугаар сарын байдлаар  Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 35,8 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70,9 хувийг уул уурхайн салбар эзэлж байгааг Үндэсний статистикийн газрын албан мэдээнд дурдсан байна.

Манай улс алт, зэс, молибдени, цайр, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш, цагаан тугалга, гянтболд, барилгын материалын түүхий эд зэрэг 10 гаруй нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ихэнхдээ  анхан шатны боловсруулалт хийн, зарим нэр төрлийн хүдрийн баяжмалыг экспортод гаргаж байгаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тэргүүлэх улс орнуудын улс төр, эдийн засгийн хөгжлийн бодлогоор тодорхойлогддог зах зээлийн ханшнаас гадна технологийн дэвшлийн түвшнээс ихээхэн хамаардаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүн экспортлогч орны үйлдвэрлэлийн технологийн дэвшлийн түвшин. Технологийн түвшин өндөр байх тусам бүтээгдэхүүний боловсруулалтын зэрэг дээгүүр, борлуулалтын үнэ өндөр байж, тэр хэрээрээ зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байх боломжтой.

Энд зөвхөн хоёрхон төрлийн эрдсийн гаралтай бүтээгдэхүүний талаар саналаа хэлье. Уул уурхайн үйлдвэрлэлийн голлох бүтээгдэхүүний нэг болох нүүрсний Улсын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн нөөц 2016 оны 10 дугаар сарын  байдлаар 39.4 тэрбум тонн байна. Манай улсын экспортын багагүй хувийг нүүрсний салбарын бүтээгдэхүүн эзэлдэг боловч бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин доогуур учраас  Австрали, Индонез зэрэг улсын нүүрсний бүтээгдэхүүний үнээс хамаагүй доогуур борлуулагддаг.

Сүүлийн үед улс орнууд эрдсийн түүхий эдийн үйлдвэрлэл, экспортын талаар явуулж буй  бодлогодоо өөрчлөлт оруулах боллоо. Тухайлбал, Австрали улс олох ашгаа бууруулахгүйгээр бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, экспортын хэмжээг тодорхой хэмжээнд багасгаж байгаа бол дэлхийд нүүрсний экспортоор тэргүүлэгч орны нэг болох Индонез нүүрсний экспортоо бууруулж, дотоодын хэрэгцээг илүү ихээр анхаарч эхлээд байна.

Тэгвэл манай улсын нүүрс олборлолт, экспортын тоо хэмжээ өсгөж байгаа боловч олох ашгийн хэмжээ нэмэгдэхгүй байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар 24.4 сая тонн нүүрс олборлож, 18.3 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олборлолт 115.9%, экспорт 154.7% болж өссөн.  Оны эцэст энэ хэмжээ нэмэгдэх нь тодорхой  ч   олох ашиг нь тэр харьцаагаар нэмэгдэхгүй нь бололтой.

Үйлдвэрлэл, экспортын хэмжээ өссөн нь манай гол зах зээл болж байгаа өмнөд хөрш нүүрсний үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт баримтлах бодлогодоо шат дараалсан өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Таны хувьд?

Энэ бодлого хэрэгжих хугацаанд манайхаас экспортолж буй нүүрсний бүтээгдэхүүний үнэ ханш хэсэгхэн хугацаанд л өндөр байх боломжтой. Ашигт малтмалын түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн нөхцөл байдал доройтож, үнэ унах нь манай улсын нүүрсний үйлдвэрлэл, экспортод шууд нөлөөлнө.

Тиймээс бид нүүрсний салбарын үйлдвэрлэл, экспортын талаарх угтвар төлөвлөгөө, хөтөлбөрийг УИХ-аас 2014 онд баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд тодорхой эзэнтэй, хугацаатай, санхүүгийн эх үүсвэртэй, дэд бүтцийн хөгжлийн уялдаатай боловсруулж, богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

Богино хугацааны энэхүү хөтөлбөрт нүүрс угаахаас эхлээд гангийн үйлдвэрүүдийн тодорхой стандарт хангасан коксжих нүүрс, дагалдах бүтээгдэхүүн хий, шингэн түлш зэрэг бусад бүтээгдэхүүн гарган авч экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, зах зээлд өрсөлдөх чадварыг өсгөх бэлэн төслүүдийг хэрэгжүүлэх талаар тусгахад анхаарах цаг болжээ.

Нөгөө талаар уул уурхайн салбарын хөгжилд нөлөө үзүүлэх өртөг зардлыг хэмнэх тал дээр ихээхэн ажил зохион байгуулах хэрэгтэй. Юуны өмнө Засгийн газрын зүгээс тээврийн зардал, тээврийн төрлийн талаар нэн даруй шийдвэр гаргах, компани, аж ахуйн нэгжийн зардлыг аль байж болох хэмжээнд хязгаарлаж, зохистой түвшинд байлгах, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт технологи оруулж ирэх нь чухал байна.

Таны хэлсэнчлэн уул уурхайн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлөх хоёр дахь бүтээгдэхүүн нь ямар бүтээгдэхүүн бэ?

Боловсруулалтын түвшинг дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх уул уурхайн салбарын өөр нэг төрлийн бүтээгдэхүүн нь өнөөдөр бидний багагүй хэмжээгээр экспортлож байгаа төмрийн хүдэр, ангилал хийсэн хүдрийн  баяжмал.  
Монгол улс төмрийн хүдрийн нөөцөөр баян орон биш. Өнөөдрийн байдлаар төмрийн хүдрийн нөөцийг 1.0 тэрбум тонноос ихгүйг манай геологичид тогтоосон. Гэхдээ 1.0 тэрбум тонн хүдрийн чанар тийм ч өндөр биш, экспортлох тоо хэмжээ нь өмнөд хөршийн гангийн үйлдвэрийн хэрэгцээний өчүүхэн хувийг бүрдүүлнэ. Түүнээс гадна төмрийн хүдрийн  боловсруулалтын түвшин доогуур учраас  зах зээл дээрх үнэ нь  хамгийн хэвээр байдагт гол учир  байна.

Нөгөө талаас, Монгол улс нь ган, төмөр болон төмөрлөгийн бүтээгдэхүүнээ үндсэнд нь импортоор хангаж байна. Уг нь манай орны төмөр болон төмөрлөг бүтээгдэхүүний хэрэгцээ их биш, өрдөө л жилдээ 300 000 тн, хэрэглэх салбар нь ч  маш хязгаарлагдмал.

Тэгэхээр үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэргүүн  зорилт болгон дэвшүүлээд байдаг Хар төмөрлөгийн үйлдвэрийн суурь болох хайлуулах үйлдвэрийг дагалдах хадааснаас эхлээд барилгын төмөр эдлэл, төмөр замын рельс төмөр, хөдөө аж ахуйн машин механизмын сэлбэг хэрэгсэл гээд хэрэгцээт бүтээгдэхүүний үйлдвэрийг хамтад нь барих ёстой. Ингэснээр төмөрлөгийн хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой болно.

Дунд хүчин чадлын ийм хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг барихад тийм ч их хөрөнгө оруулалт шаардагдахгүй. Төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр, концессын гэрээгээр барих арга бий. Зөвхөн төмөрлөг бүтээгдэхүүнийг импортлоход 2015 онд 166.8 сая ам.доллар гадагшаа урссан байна. Цогцолбор ашиглалтад орсноор энэ урсгалыг дотогшоо эргүүлэх болно.

Хар төмөрлөгийн үйлдвэр барих тооцоо, судалгааг бид бүхэн олон жил хийсэн, техник эдийн засгийн үндэслэл, урдчилсан судалгаа зэрэгт төсвийн болон Дэлхийн банк, олон улсын банк санхүүгийн эх үүсвэрүүдээс боломжийн хөрөнгө зарцуулсан. Үр дүн нь хангалттай. Гэхдээ үүнийгээ бодит ажил болгох цаг нь болсон.

Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл  сүүлийн жилүүдэд нэлээд хийгдсэн. Цаашид анхаарах зүйлс бий юу?

Уул уурхайн салбар хөгжлийн бодлогогүйн дээр Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль, Жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоол зэрэг  хууль тогтоомжууд салбарын хөгжлийг чөдөрлөж байсан үе бий. Тэгвэл өнөөдөр салбарын хөгжлийн бодлого, чиглэл тодорхой, ил тод болсон.

Мэдээж дэлхий дахины эдийн засгийн хурдацтай хөгжлийн явцад манай улсын уул уурхайн салбарт зарим сайжруулах хууль эрх зүйн асуудал байгаа. Эрх зүйн орчныг зах зээлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулан сайжруулах ажлыг салбарын яам хийж  байгаа байх. Гэхдээ  нэгэнт батлагдсан салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх бодит ажлуудыг өрнүүлэх нь юу юунаас илүү чухал байна.

Эдийн засгийн хямралын үед уул уурхайн салбарт цаг алдалгүй хийх ёстой хүндрэлийг боломж болгож ашиглах ямар гарц харагдаж байна вэ?

Дотоодын эдийн засагт хямрал нүүрлэсэн энэ үед гадаад зах зээл дээрх эрдсийн бүтээгдэхүүний үнэ ханш боломжийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэ тогтвортойгоор өсөж байгаа цаг үеийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, өндөр үнэтэй, овор хэмжээ багатай, эрдсийн бүтээгдэхүүнээс ихээхэн ашиг олоход анхаарах цаг нь болсон.  Дэвшилтэт технологи нь бэлэн, хөрөнгө оруулагчид нь бэлэн. Хамгийн гол нь  хэрэгжүүлэх сэтгэл зориг хэрэгтэй. Өнөөгийн амиа аргацаасан үйлдвэрлэл, экспортоор бид цаашид хол явахгүй.

Энд нэгэн хүчин зүйлийг тооцох хэрэгтэй. Уул уурхайн салбарын хөгжилд нөлөө үзүүлэх өртөг зардлыг хэмнэх тал дээр ихээхэн ажил зохион байгуулах хэрэгтэй. Юуны өмнө Засгийн газрын зүгээс тээврийн зардал, тээврийн төрлийн талаар нэн даруй шийдвэр гаргах, компани, аж ахуйн нэгжийн зардлыг аль л байж болох хэмжээнд хязгаарлаж, зохистой түвшинд байлгах, нэмүү өртөг шингээсэн, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэвшилтэт технологи оруулж ирэх нь чухал байна.

Ингээд ярилцлагын төгсгөлд Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Уурхайчдын баяр”-ын өдөр мөдхөн тохиох гэж буйтай холбогдуулан геологи, уул уурхай, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмал, хүнд үйлдвэрийн болон уул уурхайн салбарт ажил үйлчилгээ үзүүлдэг нийт хамт олонд, уурхайчдадаа баярын мэнд хүргэе.


Ярилцсан Г.Идэр