Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Өрөмдлөгийн холбоо 20 жилийн ойгоо тэмдэглэлээ

Монгол Улсын Өрөмдлөгийн холбооны 20 жилийн ойд зориулсан “Өрөмдлөг-2016” олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XVIII хуралд өчигдөр ШУТИС-ийн Төв номын  сангийн хурлын танхимд боллоо.

Хурлын нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзориг, Өрөмдлөгийн холбооны тэргүүн, доктор (Ph.D),  дэд профессор М.Наранбат, Монголын өрөмдлөгийн үе үеийн төлөөллүүд  болон гадаадын  өрөмдлөгийн салбарын мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцсон юм. 

1990-ээд оноос төрийн бус байгууллага, түүний дотор мэргэжлийн ТББ-ын үүрэг, ач холбогдол шинээр бий болж, өсөн нэмэгдсэн он жилүүдэд буюу 1996 онд Монголын Өрөмдлөгийн холбоо анх байгуулагджээ. Өнгөрсөн хугацаанд тус холбоо мэргэжлийн 81 гишүүн байгууллага, 300 гаруй гишүүд, 500 гаруй дэмжигчтэй болсон байна.

Монголын Өрөмдлөгийн холбооны Гүйцэтгэх захирал, доктор, профессор, өрмийн зөвлөх инженер Ж.Цэвээнжав “Монгол улсын өрөмдлөгийн холбоо-20 жил” илтгэлийг хурлын эхэнд  тавилаа. Тэрээр, Өрөмдлөгийн холбооны өнгөрсөн хугацаанд туулсан замнал, хийсэн ажил, хүрсэн үр дүн, амжилт бүтээл, алдаа оноогоо цэгнэн үзэхэд үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл үйл ажиллагаагаа зөвхөн гишүүн байгууллага, мэргэжлийн салбар, албаны хөгжил дэвшлийн төлөө зориулж ирсэн.

Энд ямар ч улс төр, эдийн засаг,  бизнесийн ашиг сонирхол байгаагүй. Төрийн бус байгууллага маань эрх мэдэлгүй ч  хүлээн зөвшөөрөлттэй, эд хөрөнгөгүй, ТББ-ын орон тоо, оффис контор гэхээсээ илүү үйл ажиллагаа, ажил үйлчилгээ л явуулах ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн хэмээн тодотголоо.

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер Л.Төвхөө “Монголын Өрөмдлөгийн холбоо анх байгуулагдах үед улсын хэмжээнд геологийн салбар татан буугдсан. Геологийн ажил байхгүй болбол өрөмдлөгийн ажил дагаад зогсоно. Өрмийн ажил байхгүй болсноор боловсон хүчин бэлтгэх ажил саарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд өрийн асуудлыг зангиддаг яам байхгүй болсон. Иймд үед М.Наранбаатар, Ж.Цэвээнжав, Л.Дүгэржав нарын өрмийн инженер, багш нар цуглаад мэргэжлийн холбоог байгуулсан.

Холбооны санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, холбооны бичиг баримт хөөцөлдөх зэрэг тэр бүх ажлыг манай холбооны Ерөнхийлөгч М.Наранбат гүйцэтгэсэн. Санхүү талаасаа ч дэмжлэг үзүүлсэн. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тухайн үед биднийг дэмжиж байлаа” хэмээн  хурлын үеэр дурссан юм.

“Өрөмдлөг-2016” олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XVIII хуралд МГХ, МГеоф, МГЭХ, СГИ төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Баатар “Геологийн салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам”  сэдвээр сонирхолтой илтгэлийг тавилаа.

Тэрээр салбарын хэмжээнд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчинг боловсронгуй, тогтвортой болгох зорилгоор Газрын хэвлийн тухай багц хуулийг боловсруулах саналыг дэвшүүлсэн юм.

Газрын хэвлийн багц хууль боловсруулахаас гадна Үндэсний геологийн алба байгуулах, “Геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил”-ыг бодит үндэслэлтэй төлөвлөх, бүс нутгуудыг хөгжүүлэхэд чиглэсэн геологи-геофизикийн нэгдсэн боловсруулалт, тайлалтын төслүүдийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа бага хуралд оролцогчдод дуулгалаа.

“Өрөмдлөг-2016” олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XVIII хуралд Геологи, уул уурхайн яамны сайд асан Ч.Хурц, Монгол улсын Байгаль орчны гавъяат ажилтан З.Жанжаадорж, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ж.Сүрэнхүү, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Цэвэл, Л.Лхагвасүрэн нарын ахмадууд, тус салбарын дунд, залуу үеийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.  Хурлын төгсгөлд үе үеийн өрөмдөгчдийн түүхэн замналыг харуулсан “Монголын өрөмдөгчид” баримтат киноны нээлт болсон нь хуралд оролцогчдын дурсамжийг сэрээсэн  юм.

Г.Идэр