Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

ОХУ-ын “Эрчим Хүчний Стратеги-2035”-д хийсэн судалгаа



Монгол Улс түлш эрчим хүчний асар их нөөц баялагтай. Манай хойд хөрш ОХУ нь түлш эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол өмнөд хөрш БНХАУ хэрэглээгээрээ тэргүүлдэг. Тиймээс тэдгээрийн бодлогод нийцтэй, зөрчилгүй, харилцан уялдаатай байдлаар Монгол улсын түлш эрчим хүчний салбар хөгжих нь зүй ёсны хэрэг юм. 

Энэ удаад судлаач Ж.Золжаргал, Академич П.Очирбат нарын ОХУ-ын “Эрчим Хүчний Стратеги-2035”-д хийсэн судалгаанаас товчлон танилцуулж байна.


Түлш эрчим хүчний цогцолбор нь ОХУ-ын төсвийн 1/3, экспортын орлогын ойролцоогоор 70%, дотоодын нийт бүтээгдэхүүний 25-26%-ийг бүрдүүлдэг тул энэ салбарын төлөв байдал тус улсын эдийн засгийг бүхэлд нь тодорхойлох суурь өгөгдөл болдог.

Гэтэл орчин үеийн технологийн дэвшил нь эрчим хүчний олон төрлийн эх үүсвэрийг ашиглах, тэдгээрийг хол зайд тээвэрлэх талаар шинэ боломжуудыг нээсээр байна. Үүнээс үүдэн улс орнууд аль болох өөрт байгаа эх үүсвэрээ ашиглах, гаднаас авах эх үүсвэрээ газарзүйн хувьд болон нэр төрлийн хувьд олшруулахыг эрмэлзэж байгаа нь ОХУ-ын зах зээлийг хумих болжээ. Мөн 2014 оноос эхэлсэн геополитикийн хямрал, Оросын эсрэг хориг арга хэмжээ, дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, нефтийн үнийн уналт зэрэг гадаад хүчин зүйлс ОХУ-ыг эрчим хүчний салбарт явуулах бодлогоо эргэн харахад хүргэжээ.

Түүнчлэн тус улсын шатах ашигт малтмалын ордуудын олборлолтын нөхцөл хүндэрч, алслагдмал ордуудыг ашиглах хэрэгцээ шаардлага бий болж байгаа, технологийн хоцрогдол ба гадаадаас хамаарсан байдал, дэд бүтэц, үйлдвэрийн бааз хуучирсан зэрэг дотоод хүчин зүйлсийг тооцоолохын сацуу нөгөө талаас 2035 он хүртэл ДНБ-ийг 1.9 дахин өсгөх эдийн засгийн үндсэн зорилгодоо хүрэхийн тулд түлш эрчим хүчний цогцолборын стратегийн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудаа тодорхойлон гаргасан байна.

Нэн тэргүүнд дотоодын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хэрэгцээг бүрэн хангахын тулд цахилгаанжуулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ ба түгээлтийн ухаалаг сүлжээ байгуулснаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж төлөвлөжээ.

Дэлхийн эрчим хүчний салбарт тэргүүлэх нөлөөгөө хадгалахын тулд Дорнод Сибир, Алс Дорнодод түлш эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлж, Ази Номхон далайн чиглэлд экспортын зах зээлийг өргөжүүлэх. Европын зах зээлд уламжлалт нөлөөгөө бататгаж, Евроазийн эдийн засгийн холбооны  хүрээнд түлш эрчим хүчний нэгдсэн систем бий болгож, Арктикийн эрэг орчмын нүүрсустөрөгчийн нөөцийг ашиглах бэлтгэлийг хангах. Түлш эрчим хүчний цогцолборын гадаадын технологиос хамааралтай байдлаас гарч, Оросын технологийг хөгжүүлж, улмаар дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ гэсэн зорилтууд тавьжээ.

Бүс нутгийн байдлаар авч үзвэл ОХУ-ын Европын хэсэгт ДНБ-ын 70%, эрчим хүчний хэрэглээний 60% төвлөрсөн хэрнээ эрчим хүчний эх үүсвэрийн олборлолтын 80%-иас дээш хэсэг нь зүүн хойд нутагт байрладаг. Түүхий эдийг ингэж олон мянган километр тээвэрлэх нь ихээхэн алдагдалтай тул томоохон боловсруулах үйлдвэрүүдийг ОХУ-ын Азийн хэсэгт шилжүүлэн байгуулах шаардлага үүссэн байна. Цаашдаа Европын хэсэгт эрчим хүчний хэмнэлтэд гол ач холбогдол өгөх бол Урал, Баруун Сибирийн нефть хийн хуучин ордуудын олборлолтын түвшинг барих, харин Зүүн Сибир, Алс Дорнодын нефть, хий, нүүрс, усны баялгийг эргэлтэд оруулах, тэдгээрийг дагасан дэд бүтцийн асар том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.