Байгаль орчин
Байгаль орчны ”баталгаажаагүй” аудит
2017-01-09
Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр
Тогтвортой хөгжлийн тухай эрчимтэй ярилцаж хэлэлцэн байгаа өнөө цаг үед байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг уул уурхай болон үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг чанаржуулахын тулд зарим тодорхой зохицуулалтууд хийх шаардлагатай байна.
Одоогийн нөхцөл байдал
“Байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэнэ” гэсэн ганц заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны шинэчилсэн найруулгаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн дэд зүйл болгон оруулсан боловч байгаль орчны аудит хийгээгүй тохиолдолд хэрхэн хариуцлага тооцох заалт огт ороогүй нь харамсалтай.
2012 оны хуульд дээрх заалт орсноос хойш өнөөг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 350 гаруй уул уурхай болон үйлдвэрлэлийн төслүүд хэрэгжиж байгаа ч 20 хүрэхгүй хувь нь байгаль орчны аудитыг эрх бүхий байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулсан нь тун ч хангалтгүй үзүүлэлт юм.
Байгаль орчны аудит нь бизнесийн үйл ажиллагаа биш. Энэ нь гуравдагч талаас уул уурхайн төсөлд байгаль орчны хөндлөнгийн хяналт хийснээр дүгнэлт гаргаж, шаардлагатай бол засч залруулах зөвлөмж өгөх үйл ажиллагаа юм. Үүнийг төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгө оруулагчдын аль нь ч хэрэгжүүлэхгүй байгаа нь “баталгаажаагүй байгаль орчны аудит” гэж тодорхойлоход хүргэж байна.
Байгаль орчны аудитын байгууллагуудын гүйцэтгэсэн аудитын тайланг хэрэглэгчид яагаад “баталгаажаагүй байгаль орчны аудит” гэж үзэж байгаагийн голлох шалтгаануудыг дор жагсаая. Үүнд;
• Байгаль орчны аудит нь байгаль орчныг хамгаалах бусад хуулиудтайгаа уялдаа холбоо муутай байна. Үүний улмаас аудит хийлгээд илэрсэн зөрчил дутагдлаа засах ажил хийгдэж байхад мэргэжлийн хяналтын шалгалт энэ үйл явцыг зөрчлөө засч байна гэж үзэхгүй торгууль шийтгэвэр ноогдуулах байдал түгээмэл байгаагаас аж ахуйн нэгжүүд байгаль орчны аудит хийлгэхийг үр дүнгүй илүүц зардал гэж үзэж байна.
• БОАЖЯ-ны аудит хариуцсан мэргэжилтнүүд байгаль орчны чиглэлээр мэргэшээгүй, мэргэжлийн бус хүн асуудлыг хариуцан ажилласаар байгаагаас гадна зөвхөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний судалгааг хийж ирсэн, уул уурхайн төсөлд ажиллаж байгаагүй мэргэжилтэнд аудиторын эрх олгож байгаа нь Монгол улсад байгаль орчны аудит нэвтэрсэн гэж дүгнэх боломжгүй болгож байна.
• БОННҮ-д нэмэлт тодотгол хийхэд аудит хийлгэсэн байх, тухайн жилийн байгаль орчны төлөвлөгөөний биелэлтийн тайланг хүлээлгэж өгөхдөө аудитын тайлан хавсаргах, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцааж авахдаа аудитын дүгнэлт гаргуулсан байх зэрэг заавал хэрэгжүүлэх журмуудын заалт, шаардлагуудыг салбарын яам нь хэрэгжүүлэхгүй байгаагаас уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд байгаль орчны аудитад ач холбогдол өгөхгүй байна.
• Байгаль орчны аудит хийх эрхийг олгохдоо байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагуудад давхцуулан олгосноор тухайн төслийн БОННҮ-г хийсэн мэргэжлийн байгууллага нь өөрийн хийсэн үнэлгээнд аудит хийсэн тохиолдол цөөнгүй гарч байна.
Тэгвэл энэхүү асуудлыг аль аль талдаа ухамсарлаж, одоогийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийн, цаашид жинхэнэ ёсоор баталгаажсан байгаль орчны аудит хийдэг, түүнийгээ хэрэгжүүлдэг болохын тулд ямар алхмууд хийж болох зарим шийдлийг жагсаая. Үүнд;
• Байгаль орчны аудит нь тухайн төслийн “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-д тулгуурлан хийгддэг. Тиймээс эхний ээлжинд үнэлгээний чанарыг сайжруулж, хэрэгжилтийг хангаж сурсны дараа байгаль орчны аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зүйтэй боловч байгаль орчны аудит хийлгэснээр эргээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний чанар сайжрах тул зэрэгцээд нэг нэгнээ хянаад хөгжөөд явах бүрэн боломжтой.
• Төрийн захиргааны төв байгууллагын болон эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын байгаль орчны аудит хариуцсан мэргэжилтнүүд мэргэжлийн шаардлага хангасан төдийгүй хуулийг бүрэн хэрэгжүүлэх мэдлэг чадвар, хариуцлагатай байх.
• Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх болон байгаль орчны аудит хийх эрхийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийг давхцуулахгүйгээр тодорхой шалгуураар олгох.
• Байгаль орчны аудит, байгаль орчны төрийн хяналт шалгалт, байгаль орчны дотоод хяналт гэсэн үйл ажиллагаануудын хамрах хүрээг зааглах, хяналтын албан тушаалтнуудын эрхийн хэм хэмжээний ялгааг тодорхой болгож, аж ахуйн нэгжүүдэд үүсдэг дарамтуудыг багасгах
• Байгаль орчны аудитын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хийдэг болж томоохон хөрөнгө оруулагчийн шаардлагад нийцүүлснээр дотоодын аудит, гадаадын аудит гэсэн давхардлыг арилгаж, зардлыг хэмнэж, аль аль талдаа хариуцлага хүлээх механизм бүрдэх юм.
• Байгаль орчны аудиторуудыг бэлтгэхдээ зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тоонд биш чанарт ач холбогдол өгөх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Зах зээлийн эрэлтээс хэтийдсэн нийлүүлэлт байх нь тухайн салбарыг чанаргүй, аргацаасан байдал руу түлхдэгийг байгаль орчны үнэлгээний жишээ бэлээхэн харуулж байна.
Манай улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр маш олон хатуу чанга хууль дүрмүүдтэй ч хэрэгжилт сайжрахгүй хэвээр байна. Иймд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх салбарын мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварын түвшинг тогтоож, байгаль орчны мэргэжилтний ёс зүйн дүрэмтэй болох нь зүйтэй. Үүнд;
• Байгаль орчны мэргэжилтэн /2-5 жил/ =>
• Байгаль орчны мэргэшсэн мэргэжилтэн/5-8 жил/ =>
• Байгаль орчны аудитор /8-11 жил/ =>
• Байгаль орчны зөвлөх /11 жилээс дээш/ гэх мэт...
Дээрх шатлалаар ур чадвараа баталгаажуулсан бүх түвшний мэргэжилтнүүд нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээх бүрэн боломжтой юм. Мөн төрийн захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн хооронд гүүр болох, хөндлөнгийн судалгаа шинжилгээг цогцоор хийж дүгнэлт, зөвлөмж гаргах бүтэц үүрэг бүхий мэргэжлийн нэгдсэн институт байгуулах нь бидэнд тулгараад байгаа энэхүү асуудлуудыг шийдвэрлэхэд хялбар болох юм.