Төмрийн хүдрийн үнэ огцом буурах магадлалтай тухай Австралийн эрх баригчид мэдэгдэл тус улсын уул уурхайн компаниудын хувьцааны ханшийг унахад нөлөөлжээ. Австралийн Засгийн газраас 2018 онд төмрийн хүдрийн үнэ 46 ам.доллар хүртэл буурна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.
Мөн 2017 онд тус улсын төмрийн хүдрийн экспорт 2%-иар буурч болзошгүй аж. Австрали нь төмрийн хүдрийн экспортоор тэргүүлэгч орон бөгөөд тус улсын төмрийн хүдрийн нийлүүлэлтийн үзүүлэлт BHP Billiton, Rio Tinto болон Fortescue Metals зэрэг компанийн хувьцаанд шууд нөлөөлдөг. Австралийн Засгийн газраас дэвшүүлсэн таамаглалын дараагаар Fortescue Metals компанийн хувьцаа 3%-иар буурчээ.
Metal Bulletein-ий мэдээллээр нэгдүгээр сарын 9-ний байдлаар Хятадын Циндао боомт дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ 3,4%-иар буурч 76,25 ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн 5 долоо хоногийн хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Э.Од