Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Тэнгэр уулын тэмдэглэл

Э.Оджаргал /Киргиз, Бишкек хот 2016. 11.11/

Очиж үзээгүй ч олонтаа бичиж байсан тэрхүү орон зайд хүрч төсөөлөл, бодит байдлыг харьцуулах содон мэдрэмжид сэтгүүлчийн томилолтын хамгийн гоё “амт” байдаг. MMJ-ийн хуудаснаа хэдэнтээ бичсэн Хятадын шинэ Торгоны замын нэг хэсэг, Ази-Европ тивийг холбосон транзит тээврийн Монголтой өрсөлдөхүйц чиглэл, дэлхийн алтны гурав дахь том орд Кумторын төслийг 20 жил хэрэгжүүлж буй Киргиз орны өнөө цагийн хөгжил дунд алхаж, дэргэдээс нь тольдох завшаан тохиосон билээ.

Арваннэгдүгээр сарын жавартай хамт үдсэн Улаанбаатараас дөрвөн цаг гаруй ниссээр нар ээсэн Бишкект хөл тавьсан юм. Дөрвөн жилийн өмнө агаарын нислэгийн “Туркиш Эйрлайн” компани Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Бишкекээр дамжин Турк хүрэх шууд нислэг нээгджээ. Дэлхийн томоохон хотууд руу нислэгийн тийз хямд учир Киргизээр дамжин өнгөрөгчид цөөнгүй. Дубай, Парис руу нисэх нь 300 орчим, Москва руу 120 долларын үнэтэй. Харин Улаанбаатар руу нэг талдаа 450 доллараар нисэх нь хавьгүй үнэтэйд тооцогдох аж.

Монгол улсын иргэн гурван сар визгүй зорчих эрхтэй тул Киргиз улсын хил гаалиар саадгүй нэвтэрлээ. Онгоцны буудлаас гарч ирмэгц тал талаас “Такси авах уу”гэж киргизээр асуух нь монголчууд царай зүсээр төдий л ялгагдахгүй байсных биз. Киргиз орны соёлын “элч” их зохиолч Чингиз Айтматов нэрийг нь хайрласан “Манас” нисэх онгоцны буудал нэгэн цагт Төв Ази дахь Америкийн цорын ганц цэргийн бааз байсан юм. Жилд хэдэн сая долларын орлого оруулдаг байсан гэх цэргийн энэ аэродромыг 2009 онд киргизчүүд нутгаасаа гаргасан нь Орос, Хятадын нөлөө гэх яриа чих дэлсэв.

Бишкек хорин хэмийн дулаантай угтлаа. Гэхдээ эндэхийн цаг уур харьцангуй. Өдөр нь 20 хэмийн дулаан байснаа орой нь бороо орж, шөнө нь цасаар шуурч маргааш нь тэг хэм хүрч огцом хүйтэрнэ. Томилолтын долоо хоногт бороотой, шуургатай, цастай, нартай өдрүүд тохиож, уулын орны эрс тэс уур амьсгалыг мэдрүүлсэн. Нисэх онгоцны буудлаас хот хүрэх 30 км орчим замд таарах Оросын тосгоныг санагдуулам хашаа хороо, буйдхан суурингийн дүр зураг манайхаас хөгжлөөрөө хоцорч яваа гэх Киргизийн тухай төсөөллийг минь бататгах шиг. Харин Бишкек хоттой танилцаж, киргизчүүдтэй уулзсанаар өөрийн гэсэн түүх, ахуй соёлтой өвөрмөц өнгө төрх нь таньж мэдэхгүй шинэ ертөнцөөр аялсан юм.

“АЙРАГНЫ БҮЛҮҮР”

Фото: Э.Оджаргал

Цаг сайхан байхад Фрунзийн нэрэмжит цэргийн академийг төгссөн монголчууд цөөнгүй. Тэдний нэг нь Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуай. Зөвлөлт Орос орон салан задрах үед Киргизстан тусгаар улс болж, Фрунзе хотын нэрийг өөрчлөн Бишкек болсон түүхтэй. Бишкек нь айрагны бүлүүр гэсэн утгатай. Ядуу хүү айл айлаар айраг бүлж явсаар хүчтэй баатар эр болсон домгийн тухай Киргиз дэх Монгол улсын дэд консул Г.Сумъяа хот хүрэх замд ярьж явлаа. Сэтгүүл зүйн доктор тэрээр энэ улсад дипломат алба хашаад хоёр жил болж буй.  


Фото:Э.Оджаргал

Бишкекийн түүх соёлын дурсгалт газар, барилга байшингуудад Ленинград, Москвагийн шилдэг инженер, архитекторчдын ур ухаан шингэжээ. Фрунзе нэртэй байх үед их дээд сургуулиуд, хүүхдийн цэцэрлэг, музей, театр, хуримын ордон гээд Киргизийн ард түмнийг өнөөгийн соёлт нийгэмд хүргэх гол бүтээн байгуулалтууд хийгдсэн байна.Тэр цагаас өнөөгийн Бишкек Оросын хотуудыг санагдуулам төрхийг хадгалан үлджээ. Эндээс шинэ цагийн шилэн барилга барагтайд олж харахгүй. Баригдсан цөөн барилгууд нь европ архитектурын шийдэлтэй. “Ала-Тоо” талбай нь Бишкекийн төвд оршино. Талбайн эргэн тойрноос Киргиз улсын түүх соёлыг харуулсан гол байгууламжуудыг нэг дороос тольдож болно. Парламентын ордны хашааны гадна төмөр самбар дээр Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг огцруулсан “Алтан зулын хувьсгал”-д амь эрсэдсэн тэмцэгчдийн нэрийг мөнхөлжээ. Ордноос холгүй туульсын баатар Манасын хөшөө, Киргизийн төрийн далбааг байрлуулсан байна. Манас баатар нь манайхаар Жангар юм уу даа. Харин Түүхийн музейн чанх өөдөөс Киргизийн ард түмний соёлыг утга зохиолын ертөнцөөр дамжуулан дэлхийд таниулсан их зохиолч Чингиз Айтматовын хүрэл хөшөө дүнхийнэ.

Фото: Э.Оджаргал

Эл хотын томоос том цэцэрлэгт хүрээлэн, уртаас урт гудамжууд нь Орос орны соёлоос үлдсэн бас нэгэн “өв”. Бишкект ирсэн бол заавал очиж үзэх газрын нэг нь “Эркендик” гудамж. Энд сурч, оюутан цагаа өнгөрүүлсэн хүмүүс Дзержинскийн гудамж гэдгээр нь илүүтэй мэднэ. 100 гаруй метр урт сунайн орших эл гудамжийг гоёмсог модод чимэхээс гадна Киргизийн үе үеийн бахархал болсон алдартнуудын хөшөө байрлах нь яг л музей гэлтэй.

Хотын төв нь эрээн мяраан элдэв барилгагүй тун ч цэгцтэй, гудамж талбай нь цэмцийнэ. Хөл хөдөлгөөн ч бага. Оросын хуучны мартагдсан жигули, москвич, нива, лада, жапорожец машинууд нэлээд харагдана. Хажуугаар нь манайхны “микро” гэдэг чиглэлийн таксинд Benz-ийн автобусууд явах нь сонирхолтой. Аварга Газпромын ШТС-ын сүлжээ эндэхийг хэржээ. Шатахуун, бензиний 1 литрийн үнэ 37-41 сомын үнэтэй. Сом нь Киргизийн үндэсний мөнгөн тэмдэгт. 1 ам.доллар 68 сом-той тэнцэнэ. Валютын ханш өглөөдөө 65 сом байсан бол өдөр ид ажлын цагаар 3-5 сом-оор өсч, орой нь эргээд буух аж. 

Арваннэгдүгээр сарын намар налайж, шаргалтах навчсын өнгө хотын гудамжийг улам ч гоёмсог, хээнцэр болгожээ. Бишкек хэзээнээсээ мод ихтэйгээрээ гайхагдаж иржээ.

ЗХУ-ын үед хамгийн ногоон хот гэгддэг байж. Мод сайхан ургадгийн нууц нь цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбай, явган хүний гээд бүх л замын хажуу талаар зэрэгцүүлэн байгуулсан усны шуудууных юм. Цаг дулаарах үеэр өндөр уулсын цас хайлан өнөөх шуудуугаар урсан орж ирж моддын үндэс бүрт хүрч усалдаг. Мод усалгааны энэхүү систем анхнаасаа зөв төлөвлөж, бодлоготойгоор хот байгуулахын тод жишээ юм.


ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ БА “ДОРДОЙ”

Хотын дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулгахаар зургийн аппаратаа үүрээд гарсан болохоор өнөөх “Дордой” захыг нь үзмээр санагдаад болдоггүй. Төв Азийн хамгийн том хар зах. Манайхаар бол Нарантуул зах. Худалдаа хийхээс илүүтэй хар захын дүр төрхөөс киргизүүдийн бодит амьдралыг олж харахыг зорьсон хэрэг. Төв талбайн дэргэдээс гар өргөж таксинд суулаа. Хотын газрын зураг дээрээс байршлыг нь харснаас цаашгүй ямар ч баримжаа чиглэлгүй, таньж мэдэхгүй хүний нутагт таксинд дураараа суусныхаа дараа гэнэт эмээх сэтгэл төрөв. Тосгоны нарийн гудамжаар наагуур цаагуур орж 30 орчим минут явсаар захын үүдэнд ашгүй хүрч ирлээ. Таксины жолоочид 300 сом төллөө. “Манайд такси хямдхан, хотын төвөөс зах хүрэхэд 100 сом л гардаг юм. Хэрэгтэй бол буудлаасаа такси дуудаад яваарай” гэж “Golden Tulip”буудлын хаалгач хэлснийг санав.

Фото: Э.Оджаргал

Хар захын талаарх миний ойлголтын хэмжүүр Нарантуултай харьцуулбал “Дордой” асар том юм. Албан бус тоогоор 300 орчим чингэлэг, лангуутай Нарантуул захын дэргэд энд 30 мянга гаруй лангуу, чингэлэгт Төв Азийн бүх орны бараа бүтээгдэхүүн бөөний үнээр зарагдана. Энэтхэг, Дубай, Европын орнуудаас ч мэр сэр бараа ирэх аж. Зах доторх нэг том зах нь Хятадынх. Хамгийн хямд, өргөн сонголттой Хятад барааны зах хөл хөдөлгөөн их. “Сезоны” үе болохоор үслэг эдлэлүүд тэргүүн эгнээг эзэлжээ. Нөгөө Манжуурын шуба, хиймэл нэхий дээл төрөл бүрийн өнгө үзэмж, хийц загвараараа өлгөөтэй. Үнийн хувьд манайтай харьцуулбал 50-100 мянгаар татуу юм гэж дотроо тооцоолов. Булган малгай хамгийн хямддаа 3500 сомын үнэтэй. Энэ нь манайхаар 100 гаруй мянган төгрөг юм. Эцэг, эх нь эхлүүлснээс хойш хорин жил гэр бүлийнх нь гол бизнес болж яваа булган малгайны наймааг “өвлөсөн” ах дүү Эрлан, Руслан нар жилдээ 30-40 мянган малгай зардаг. Харин цаашид арилжаа наймаа муудах хандлагатай байгаа болохоор өөр салбарт ажиллахыг бодож байгаа гэнэ.

1990-ээд оны эхээр нээгдсэн энэ зах дээр цагийн сайханд 7 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдэж байсан тухай Хятад барааны захын худалдаачин Эркинай ярилаа. Багш мэргэжилтэй энэ эмэгтэй хар зах дээр арав гаруй жил наймаа эрхэлж байгаа. Өмнө нь Өрөмчөөс бараагаа татдаг байсан бол өнгөрсөн онд Киргиз улс Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭЗХ/ бүрэн эрхт гишүүн болсноор Хятадаас бараа зөөх ашиггүй болжээ.


Фото: Э.Оджаргал

Уг нь энэ холбоонд элсэх гэж Киргиз 14 жил хичээл зүтгэл гаргасан юм. Гэвч үр дүнд нь өнөөдөр энэ захын олон худалдаачин лангуугаа хаахад хүрчээ. Тэргүүн эгнээний чингэлгийн сарын түрээс 1000 доллар байсан бол одоо 300-400 доллараар түрээслэх хүн олдохгүй гэх. “Дордой” зүгээр ч нэг хар зах биш, Киргизийн эдийн засгийн амин чухал “судас” нь. ДНБ-ий  33%-ийг бүрдүүлдэг хар захаас 60 мянган киргиз хүн амьдралаа залгуулдаг. Хятад-Казахстаны хилийн чөлөөт худалдааны бүс болох Хоргос боомтын үйл ажиллагаа жилээс жилд идэвхжиж байгаа  үед “Дордой” захын гол худалдан авагч орос, казахстанчууд эрс цөөрч буй бололтой.

Киргизэд дундаж цалин 80 ам.доллар. Гадны компаниудад ажиллагсад 500 доллараас дээш, зарим нь 4000 хүргэж авах нь ч бий гэнэ. Узбекчуудын  28-30 долларын цалинтай харьцуулахад өндөр цалин. Киргизийн олон эрчүүд Сири, Иракт байлдаж байгаа. Дайчид өдрийн 500 ам.доллар авч, ар гэр рүүгээ явуулна. Бишкект ажлын байр ховор учир залуучууд нь Москва, Турк, Эмиратын нэгдсэн улс, овсгоотой нэг нь Герман, Америк явж ажил хийн, олсон хэдээ ар гэр рүүгээ илгээдэг. Зургаан сая дөхөж буй хүн амтай Киргиз улсын 800 мянган иргэн Орост ажил эрхэлж байна. Зөвхөн Москвад л 300 мянга нь ажиллаж амьдардаг. Тэдэнд ихэнхдээ үйлчилгээний ажил олдоно. Ямар сайндаа, “Киргиз, Таджик, Узбек гурав л Москваг угааж, цэвэрлэдэг” гэсэн онигоо хүртэл гарахав. Одоо харин ЕАЭЗХ-ны гишүүн болсноор Орост хараар биш, албан ёсоор ажиллах эрх киргизчүүдэд нээгдэж байгаа юм. 

Мөнгөтэй хүн л эхнэр авдаг гэж киргизчүүд ярина. Банкууд нь хуримын тусгай зээл олгодог. Киргизийн гурван гэр бүл тутмын нэг нь эхнэрээ “хулгайлан” авсан гэх. Жилд барагцаагаар 15 мянган бүсгүй ийм маягаар ирээдүйн нөхөртэйгээ учирдаг. Энэ уламжлал 1994 оноос хууль бусад тооцогдох болсон ч өнөө хэр байр сууриа тавьж өгөөгүй өргөн тархсан ёс заншил хэвээр байна. Романтик болзоо, сайхан хайрын түүхийг тэд олон ангит “савангийн дууль”-аас л үздэг болов уу. Исламын шашинтай учир хүүхнүүд нөхөрт гарсан хойноо ихэвчлэн гэртээ сууна. Харин 40 нас хүрээд эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй ордог байна. Хоорондоо нэгдэж мөнгөө нийлүүлэн жижиг бизнес эрхэлнэ. “Шерине” хэмээх ийм хамтрал маш түгээмэл болж байгаа. “Дордой” хар зах, Кумторын уурхайгаас өөр баталгаатай ажлын байр энд ховор. Тиймээс киргиз залуусын мөрөөдөл гадагшаа явж ажиллах.

ИССЫК-КУЛЬ НУУРЫГ ТОЙРСОН ХӨГЖИЛ

Фото: Э.Оджаргал

Бишкек хотоос Иссык-Куль нуур хүртэл машинаар зургаан цаг орчим явна. Эрэгт нь хүрээд зогсоход зах хязгаар нь үл харагдах далай мэт. Толилзох их усны тунгалаг цэнхэр өнгө тэртээ алсад тэнгэрийн хаяатай нийлэн уусчээ. Их усны зөөлөн давлагаалахаас өөр чимээ аниргүй орчин бодлыг хүртэл амраах шиг. Энэ хэсэгхэн орон зайд цаг хугацаа зогссон мэт хачин ихээр амгалан тайвныг мэдэрч зогсов. “Хөх сувд” гэдгээрээ алдартай энэ нуурын бүс нутаг Киргиз орны байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнт газар юм. Тиймдээ ч нуурыг тойрон аялал жуулчлал идэвхтэй хөгжиж, хөл хөдөлгөөнд оржээ.
Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев энд амрахаар ирдэг өөрийн эдлэнтэй. Иссык-Куль нуураас холгүй онгоцны буудал шинээр ашиглалт ороод жил ч болоогүй байна. Зуны улиралд шөнийн тэнгэрийн харж нуурын эрэг дээр амрахын зорьдог Япон, Солонгосын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр цанын спорт, баазуудын тохижилтдоо ч анхаарч эхэлжээ. Киргизийн улс төрийн тогтворгүй байдал, Афганистантай ойрын улмаас террорист халдлага гарч байсан тул баян орны жуулчид одоогоор нэг их ирэхгүй байгаа ч Тэнгэр ууланд авирахаар баян альпенистууд мэр сэр ирдгийг нутгийн иргэд ярьж байлаа. Киргиз дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлж эдийн засгийн бас нэгэн тулгуур салбараа болгохыг зорьж байна.


Киргизийн томилолтоороо очихыг хамгийн ихээр тэсэн ядан хүлээж байсан газар бол Кумторын уурхай. Канадын Эрдэс баялгийн Олон улсын хүрээлэнгээс /CIRDI/ Киргиз орны эдийн засагт сүүлийн 20 жил гол тулгуур болж байгаа Кумторын уурхайтай танилцах аялалыг санаачлан зохион байгуулсанд талархана. Энэ аялалд Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МУУҮА, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөгч зэрэг 10 хүн багтсан юм. Кумторын төслийг хэрэгжүүлэгч компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудтай танилцуулахаар хөтөлбөрт тусгажээ. Канадын “Сентерра голд”-ын Киргиз дэх “Кумтор гоулд” компанийн зүгээс орон нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор 2013 оноос Иссык-Кулийн бүс нутагт санхүүгийн гурван ч байгууллагаар дамжуулан нутгийн иргэдэд бага хүүтэй микро зээл олгодог аж. Хөдөө аж ахуй салбарт 10%, үйлдвэрлэлд 12%-ийн жилийн хүүтэйгээр 500 мянган сом хүртэлх зээл олгоно. Ердийн банкнаас ийм төрлийн зээлийг 25-50%-ийн хүүтэй авдаг гэнэ. 50%-ийн хүүтэй зээл Киргизэд байдаг байх нь. “Кумтор гоулд” компаниас орон нутгийн иргэдэд зориулсан зээлийн санхүүжилтэд жил бүр 1 сая ам.доллар хуваарилдаг. Орон нутгийн бага хүүтэй микро зээл авч шүдний эмнэлэг, тавилгын цех, ус цэвэршүүлэх байгууламж байгуулсан гурван ч иргэний аж ахуйг бид орж танилцсан юм. Хамгийн ихдээ 200-300 мянган сомын зээл авсан эдгээр аж ахуй эрхлэгчид бөглүү бүс нутгийн цөөн хүн амын эрэлт хэрэгцээнд тохирсон жижиг бизнесүүдийг амжилттай эрхэлж явна.

Киргизэд нутгийн жимс ховор. Амт, чанар сайтай тул орос, казахстанчууд бөөндөөд авчихдаг. Киргиз анар жимсээрээ алдартай. Тарьж ургуулсан бүх төрлийн жимсээрээ хийсэн компот, чанамал нь хачин сайхан амттай. Ажилгүй байлаа гээд киргиз хүн өлбөрч үхэхгүй дэг ээ. Бид хамгийн сүүлд жимсний тариалангийн аж ахуйтай танилцсан. Киргизэд иргэддээ газрыг таван жилийн хугацаанд үнэ төлбөргүй олгодог. Мөн хугацаанд хэр “ногоон” талбай болгосноос хамаарч хувийн өмч болгон шилжүүлдэг журамтай.

Жимсний тариаланч Орунбаев талбайдаа 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Эхний таван жил газраа хагалж, хөрсөө шим тэжээлтэй болгон сайжруулсан бол дараагийн таван жил өвс тарьж ногооруулахад анхаарчээ. Харин дөнгөж өөрийн өмч болгосон тус талбайдаа жимс тариалж эхэлсэн нь энэ.Тэрээр чангаанзны 700, гүйлсний 100, алимны 50 ширхэг мод тариалжээ. Тариалснаас хойш дөрөв дэх жилдээ ургацаа авна. Энэ талбайгаас эхний ээлжинд 2-3 тонн, цаашлаад 10-15 тонн хүртэл ургац хураахаар төлөвлөжээ. Ургацаа амжилттай хураахын тулд 12%-ийн хүүтэй 200 мянган сомын зээл хоёр жилийн хугацаатай авснаа талбайгаа услах гүний худаг гаргахад зарцуулсан байна. Зээлийн барьцаанд байшингаа тавьжээ. Түүний гэр бүлийнх нь гол бизнес нуурын эрэг дээрх аялал жуулчлалын бааз аж. Ургац хураагаагүй үедээ баазынхаа орлогоос зээлээ төлөхөөр тооцоолжээ. Жуулчид ямар үнэ өртгөөр амардгийг сонирхоход өдрийн гурван хоолтой 800 сом буюу 28 мянган төгрөг орчим гэнэ. Хятад, Малайз, Германаас жуулчид ирж амардаг байна. Жаран нас хүрч яваа, таван хүүхдийн эцэг Орунбаев 1983-1985 онд Монголд цэргийн алба хааж явахдаа Чойбалсан, Сайншандын төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан дурсамжаараа биднийг үдэж билээ.

ТЭНГЭР УУЛЫН “АЛТ ЭРДЭНЭС”


Фото: Э.Оджаргал

Тогтоогдсон 700 тонн алтны нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг аварга Кумторын уурхайд очихын тулд юуны өмнө эмчийн үзлэг давах шалгууртай. Нисдэг тэргээр 20 гаруй цаг нисч ОХУ-ын Алтайн хязгаар нутгийн тайгад бууж онцгой байдлын аврагчдын хээрийн бэлтгэлийг сурвалжлах томилолтоор явсан маань эмчийн үзлэгт тэнцэх давуу тал болсон юм. Даралт, зүрхний хэмнэл, нүдний хараа, хууч өвчин болоод харшилтай эсэх гээд 19 төрлийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдан сансарт нисэхийн дайтай “юм” болов. Сансар гэснээс, Тьяншин буюу Тэнгэр уулын 4000 метрийн өндөрт байрлах Кумторын уурхайгаас холгүй Иссык-Куль нуурын ойролцоо Юрий Гагарин сансарт нисэхийнхээ өмнө өндрийн бэлтгэл хийж байсан тэрхүү газар бид хоноглосон нь дурсгалтай байлаа. Үүр хаяарахаас эхлэн цас хялмаалсан жавартай өглөө жуулчны баазыг орхин Кумторын уурхайн зүг замд гарсан юм. Дэндүү сүржин гэж бодсон эмнэлгийн үзлэгийн нарийн шалгуурын учрыг замд явахдаа л ойлгож билээ. Иссык-Куль нуур далайн түвшнээс дээш 1606 метрт оршино.


Фото: Э.Оджаргал

Эндээс өндөр уулсын хавцал дундуур 100 гаруй км замыг туулан эгц дээш 4000 метрийн өндөрт гарна гэдэг уулын бараа харах төдий өссөн миний хувьд хамгийн хүнд даваа байлаа. Нар хараахан мандаагүй харанхуй орчин уулсын сүр барааг улам ч нүсэр харагдуулна. Нүдний хоёр талаас харанхуйлан нөмрөөд ороод ирэх мэт санагдан дотор давчдаад, дээшээ өгсөх тусам цээжин дээр хүнд оргих мэдрэмж сүүлдээ уурхай үзэх хүсэл сонирхлыг мохоож орхив. Байсхийн машин зогсоож гарч агаар амьсгалахдаа л туулах ёстой шороон зам яг л хавцал дундуур мөлхөж буй аварга могой мэт тахиралдан харагдахыг сая анзаарах сөхөөтэй болов. Замын хоёр талаарх уулсын энгэрт хөлдсөн хүрхрээд тэртээ холоос тансаг номин өнгөөр тодорно. Хүрхрээний хөлдсөн мөс мандах нарны туяанд ойр орчинд үлгэрийн мэт өнгө гэрэл нэмж гүн ногоон өтгөн ой, хад чулуун дундаас эрдэнэс мэт гялтганах нь гайхалтай. Байгалийн үзэмж цогцолсон энэ хавцалд ойролцоогоор 20 орчим хүрхрээ бий гэнэ. Зун цагт ус, шувуудын дуу чимээ хөг нийлэн хачин гайхалтай сонстдог бизээ.


Фото: Э.Оджаргал

Уулын орой мөнх цэвдэгтэй учир уурхайн орчин цас ихтэй, эргэн тойрон нүд гялбам цайрна. Өвөлдөө -38 хэм хүрдэг бол зундаа +23 хэмээс хэтэрдэггүй. Эрс тэс уур амьсгалтай тул уурхайд ирсэн хэн бүхэн дахин эмчийн үзлэгээр орж даралт, зүрхний хэмээ шалгуулна. Огцом өндөрт гарч ирсэн болохоор даралт их багаас хамаарч зарим маань эм ууж, зүрхний асуудалтай нь тариа хийлгэв. Мэдээж, уурхайтай танилцахын өмнө уламжлал ёсоор аюулгүй байдлын сургалтад хамрагдлаа. Сургалтаар юуны түрүүнд, мөс цас ихтэй орчинд гулгаж, халтирахаас сэргийлэхийг зөвлөв. Зэрлэг амьтад тааралдахад айж сандарч болохгүй. Ямар ч амьтан байсан ялгаагүй гараасаа хооллохгүй байхыг хатуу хориглов. Уурхайн ажилтан руу хандгай дайрсан тохиолдол гарчээ. 2013 онд галзуурсан чоно уурхайчны аминд хүрсэн талаар уншиж байснаа саналаа.


Фото: Э.Оджаргал

Тэнгэр уулын зулайд зуу зуун жил хадгалагдсан Кумторын алт эрдэнэсийн үүцийг анх 1978 онд нээсэн түүхтэй. ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Үнэт метал, алмааз эрдэнийн Ерөнхий удирдлагын газар уурхайн анхны ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Тухайн үедээ 995.4 сая рубль буюу 1.46 тэрбум ам.долларын өртөгтэй төслийг хэрэгжүүлэхэд дэндүү их хөрөнгө шаардлагатай байсан тул хойшлуулсан аж. Одоогоос 23 жилийн өмнө Канадын ураны “Cameco” компани Киргизийн бие даасан тусгаар улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэснээр Кумтор хэмээх алтны энэ том төслийг дэлхий мэдэх болсон билээ.

Аварга уурхайг дээрээс нь тольдоход шаталсан давхарга бүр цасанд тодорч, байгалийн гэрэл сүүдрийн зохицлоор нямбайлан урласан мэт харагдана. Ил уурхайн гүн 600 метрт хүрчээ. 2023 он хүртэл 800 метрийн гүнээс хэтрэхгүй олборлох зорилттой гэж Кумторын уурхай дээр ажиллаж буй цорын ганц канад инженер ярив. Гэхдээ энэ оны нэгдүгээр сард “Сентерра гоулд” компанийн Ерөнхийлөгч Френк Херберд Киргизийн Ерөнхий сайд асан Темир Сариевтай уулзах үеэр, ордын нөөцийг 2016 онд шинээр тогтоох шаардлагатайгаас гадна анхнаасаа ил уурхайг 2013 он хүртэл олборлохоор тооцоолсныг Киргизийн зүгээс Канадын талд анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, ил уурхайд цаашид олборлолт явуулах эсэхийг талууд дахин хэлэлцэж тодорхой болгоно гэсэн үг. Киргизийн зарим эх сурвалжийн мэдээллээр, хамгийн их нөөцтэй хэсэгт олборлолт явуулах тусгай зөвшөөрлийг Канадын компанид өгөхгүй байгаа гэх.

Фото: Э.Оджаргал

Алт боловсруулах үйлдвэр өдөрт 17-18 мянган тонн хүдэр боловсруулж байна. Нэг тонн хүдэр дунджаар 3%-ийн алтны агуулгатай. Уурхайгаас ирэх хүдрийг хамгийн том нь 9 метрийн диаметртэй дөрвөн тээрмээр 20 микрон хүртэл бутлах дуу чимээний их нүргээ үйлдвэрийн гаднаас үл сонстоно. Өнгөрсөн жил тээрмүүдийг анх удаа их засварт оруулах, шинэ тоног төхөөрөмж суурилуулахаар үйлдвэрийг түр хугацаанд зогсоожээ. Нэг компанийн төслүүд учир үйлдвэрийн технологи нь Монголын алтны Бороогийн үйлдвэртэй адил. Хүдрийг тээрэмдэж, боловсруулан ялгаж, “нүүрсний” технологиор хүдрээс алтыг салган авах хүртэлх олон тооны дамжлагад 5-8 өдөр зарцуулагддаг гэнэ. Алт хайлуулах цехтэй биднийг танилцуулаагүй ч зарим мэдээллийг өгсөн юм. Цехэд ердөө хоёр хүн л ажиллана. Хэвэнд цутгахаас өмнө алтны сорьц авдаг. 70-75%-ийн алт агуулсан нэг гулдмайг дээд тал нь 26 кг жинтэй цутгаж үйлдвэрээс эцсийн бүтээгдэхүүн болгон гаргана. Өнгөрөгч онд 16.1 тонн алт үйлдвэрлэж, Кумторын төслөөс улсын төсөвт 9.3 тэрбум сом буюу 134 сая ам.доллар төвлөрүүлжээ. Өнөөгийн байдлаар энэ уурхайн үйлдвэрлэл Киргиз улсын нийт экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлж байна.


Фото:Э.Оджаргал

Үйлдвэрээс гарахдаа үүдэнд цианид гэсэн бичигтэй том модон хайрцгууд өрөөтэй байхыг харав. Эл уурхай дээр цианид болоод бусад химийн бодис алдагдсан дөрвөн том осол гарч байжээ. Тэдгээрээс хамгийн их хохирол учруулсан нь 1998 онд цианид натри Барскоон гол руу алдагдаж, орон нутгийн 2500 иргэн хордсон гашуун түүх.  


Фото:Э.Оджаргал

Уурхайн гол оператор “Кумтор гоулд” компани 3000 хүрэхгүй ажилтантай. Сайт дээр ажиллагсдын  80% нь киргизчүүд. Канад, Узбек, Сингапур, Малайз, АНУ, Орос, Шинэ Зеланд зэрэг орноос ирсэн залуус энд ажиллаж байна. Гадаадын ажилчдын ихэнх нь машин техникийн Засварын төвд ажиллана. Кумторын уурхайд 12 дахь жилдээ ажиллаж буй Засварын төвийн дарга Киргизийн иргэн Кенешээс хэдий хэмжээний цалин авдгийг сонирхсон ч хэлсэнгүй. Гэхдээ нэрийг нь дурдахгүй байхыг хүссэн нэгэн ажилтны ярьснаар уурхайн ажилтнуудын дундаж цалин 40 мянган сом, дарга нарын цалин 130 мянган сом хүрдэг. Өмнө нь цалинг доллараар өгч байсан бол одоо Киргизийн үндэсний мөнгөн тэмдэгтээр олгодог болсон гэлээ. 2015 оноос Кумторын уурхайн ажилчдын цалин 16.5%-иар нэмэгджээ.

Үйлдвэрийн усны ашиглалт энд ямар ч бэрхшээл үүсгэдэггүй. Кумторын уурхайгаас долоон км зайд 89 мянган кв.м талбайг эзлэн орших Петрова нуур бий. Дулааны улиралд уулын мөнх цаст орой хайлж, урсан ирэх уснаас тогтсон 100 жилийн өмнө бий болсон нуур ажээ. Эндээс уурхайн үйлдвэрийн техникийн болоод ахуйн хэрэглээний усыг авч ашигладаг. Уурхайн нийт хэрэглээнд жилд 6-6.5 сая шоо метр ус зарцуулдаг байна.

Арваннэгдүгээр сар гарсан тул нуурын ус хөлдөж эхэлжээ. Тэртээ уулнаас зам татуулан цайрах гурван ч горхи нуур руу цутгадаг бололтой. Салхины урсгалын эсрэг талд нуур орших тул уурхай дээр хийгдэх тэсэлгээний тоос шороо усыг бохирдуулах аюулгүйг байгаль орчин, гидротехникийн инженер Дуйшенбиев тайлбарлав. Аяллын төгсгөлд бид үйлдвэрийн хаягдлын байгууламжтай танилцсан юм. Гурван км үргэлжлэх урттай энэхүү далан 10 метрийн өргөнтэй. Далангийн эзлэх нийт талбай 450 гектар. Энэ жил даланг гурван метрээр өндөрлөжээ. Далангийн 76 мянган куб.метр хаягдлын дөрвөн мянга нь ус. Хаягдлын агаарт нөлөөлөх тоос, цианидыг зургаа хоног тутамд хэмжиж, шинжилгээ хийн хянадаг гэнэ.

Фото: Э.Оджаргал

Хар цаастай тун төстэй гялгар хальс /плёнк/ далангийн ёроолд дэвссэн нь хөрс рүү хортой бодис нэвчихээс сэргийлж буйг уурхайн мэргэжилтнүүд онцолж байлаа. Гэхдээ мөс цэвдэгтэй энэ бүс нутагт дулааны улиралд ус их хэмжээгээр ялгарч үерлэдэг тухай нутгийн иргэдээс сонсож байсан тул хаягдлын байгууламж руу үерийн уснаас сэргийлсэн ямар нэгэнт хамгаалалтын байгууламж бий эсэхийг нүдээрээ хайсан ч ойр орчимд харагдсангүй.

Уурхай таван жилийн өмнөөс нөхөн сэргээлтэд бэлтгэж эхэлжээ. Нөхөн сэргээлтэд зориулан компаниас жил бүр 10 мянган ам.доллар хуваарилж, тэрхүү хөрөнгийг Англи дахь банкинд хадгалж байна. Энэ хөрөнгийг Киргизийн Засгийн газар, Канадын хөрөнгө оруулагчдын аль нь ч авах боломжгүй. Кумторын ил уурхайн нөхөн сэргээлтийг ямар компаниар хийлгэх нь хараахан тодорхойгүй  аж.

Кумторын алтны ордоо гадаадын хөрөнгө оруулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулахдаа сүүлийн хорин жил амар заяа үзээгүй Киргизийн ард түмний өнөөгийн ахуй амьдралыг хөндлөнгөөс хараад боломжийн гэж хэлэхэд хэцүү. Орон нутгийн иргэд дэндүү дорой амьдарч байгаа юм шиг санагдана. Нөгөө ертөнцөд одогсдынхоо булш бунхантай зэрэгцэн хашаа хороо гэх зүйлгүй, оромж гэмээр навтгар шавар байшинд амьдран, алгын чинээ газартаа жимс ногоохон тарьсан айл цөөн бишийг анзаарч явлаа. Энэ том төслөөс Киргиз улсын эдийн засагт оруулсан хувь нэмрийг “Кумтор гоулд” компанийн вэбсайтад тоо баримтаар тодорхой бичсэн байх ч түүний үр өгөөжөөр хүний нүдэнд торж, орон нутгийн хөгжилд өнгө зүс нэмсэн бүтээн байгуулалт лав олж харсангүй.

ЛИ КӨЦЯН БИШКЕКТ ИРСЭН Ч...

Фото:Э.Оджаргал

Бишкек хотноо томилолтоор ажиллах өдрүүдэд Киргизийн шинэ Засгийн газар бүрэлдэж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний чуулган зохиогдсоны сацуу БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар зэрэг айлчилсан үйл явдлууд тохиосон юм. Ли Көцяны өндөр хэмжээний айлчлалаар “Хятад-Киргиз” төмөр замыг бүтээн байгуулах асуудлыг хөндөх хүлээлт Киргизийн талд байсан ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Монгол улстай адил киргизчүүд дамжин өнгөрөх тээврээс чамлахааргүй ашиг хүртэхээс гадна далайд хүргэх гарц болох учиртай. Киргиз улс нь транзит тээврээс жилд 210 сая долларын орлого, шинээр 2000 ажлын байр, 250 мянган жуулчин Хятадаас ирэх боломжуудыг тооцоолж буй. “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгынхаа хуурай газрын замыг Киргизээр дайруулан Европт хүргэх сонирхол хятадуудад бий. Энэ нь Номхон далайн эргээс Хятадын хуурай газрын ачаа тээврийг Европ руу шууд хүргэх хамгийн дөт зам байх боломжтой. Үүнээс үзэхэд энэ чиглэл оросуудын Транссибирийн төмөр замтай өрсөлдөхүйц юм. Нийт 300 гаруй км үргэлжлэх төслийн өнөөгийн өртөг 6 тэрбум ам.доллар бөгөөд төслийг хэрэгжүүлэх асуудал сүүлийн 15 жил яригдаж байгаа билээ.

  • Зочин (202.179.24.68)
    сурвалжлага хийсэн юм
    2017 оны 11 сарын 07 | Хариулах
  • Г.Сумъяа (202.179.24.68)
    Сэтгүүлч ӨОджаргал газар дээр нь очсон Тэрбээр эрчүүдээс дутуугүй эрэмгий зориг гарган 4200 м өндөрт гарсан Кумторын алтны уурхай тус уурхайн ТУЗ-өөс киргизийн хоёр дүүрэг нилээд тосгоны иргэдэд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх төсөл хэрэгжүүлдэг мөн Киргизийн нийгмийн тухай бодитой сурвалжл
    2017 оны 11 сарын 07 | Хариулах
  • Кумтор (43.242.242.57)
    Рудник Кумтор является крупнейшим золоторудным предприятием Центральной Азии и одним из самых высокогорных месторождений золота в мире Оно расположено в восточной части Срединного Тянь-Шаня на высоте свыше 4000 метров над уровнем моря в зоне вечной мерзлоты
    2017 оны 01 сарын 15 | Хариулах
  • Булган (206.87.126.127)
    Маш сайхан бичсэн байна Яг л өөрөө Киргиз яваад ирэх шиг санагдлаа Нэг талыг бариагүй тал талын үзэл бодлыг оруулсан нь маш их таалагдлаа
    2017 оны 01 сарын 14 | Хариулах
  • кумтор (103.9.90.2)
    маш муу бичиж аэродромыг улсаасаа гаргасан бас уулын орой мөнх цэвдэгтэй ч гэх шиг мэдэмхийрэх гээд ядцан хүүхэн байна
    2017 оны 01 сарын 13 | Хариулах