Үндэсний статистикийн хорооноос 2016 оны тайланг гаргажээ. Уг тайлангаар Монгол улсын гадаад худалдаа 8 тэрбум 275 сая ам.доллар болж, өнгөрсөн онтой харьцуулахад 2.3 хувиар буурчээ. Экспорт 5.3 хувиар өсч, 4 тэрбум 917 сая доллар болсон ч импорт 11.6 хувиар буурч, 3 тэрбум 358 сая доллар болсон байна. Харин гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум 559 сая долларын ашигтай гарсан нь өнгөрсөн жилээс 1.8 дахин, 2014 оноос 3 дахин өссөн үзүүлэлт юм.
Монгол улсын экспортын 70 хувийг эрдэс бүтээгдэхүүн
бүрдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил 79 орчим хувийг бүрдүүлж байв. Экспортын
голлох бүтээгдэхүүнийг өнгөрсөн жилтэй харьцуулж үзвэл,
-Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 84 мянган тонноор нэмэгдэж, 1 сая 562 мянган тонн болжээ. Харин экспортын орлого 672.5 сая доллараар буюу бараг 30 орчим хувиар буурч, 1 тэрбум 562 сая доллар болжээ. Үнийн дүн огцом буурсан нь Оюутолгой ордын зэс, алтны агуулга буурсантай шууд холбоотой юм.
-Нүүрсний экспорт огцом нэмэгдэж, 25.8 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 11 сая тонноор буюу 78 хувиар өссөн үзүүлэлт юм. Монгол улсын түүхэнд хамгийн их нүүрс экспортолсон жил болж байна. Экспортын орлого 75 хувиар өсч, 973 сая доллар болжээ. Энэ нь сүүлийн 3 жилийн хамгийн өндөр дүн болж байна. Нүүрсний экспорт нийт экспортын 20 хувийг бүрдүүлж байна. 2015 онд ердөө 12%-ийг бүрдүүлж байв.
-Алтны экспорт мөн л огцом нэмэгдэв. 19.2 тонн алт экспортолсон нь 70 хувиар буюу 7.9 тонноор өссөн дүн юм. Алтны экспортын хэмжээ 2008 оноос хойш хамгийн дээд түвшиндөө хүрээд байгаа нь энэ бөгөөд сүүлийн 5 жил дараалан өсч байна. Экспортын орлого 758.4 сая долларт хүрч, 337 сая доллар буюу 80 хувиар өсчээ. Нийт экспортын 15.4 хувийг алт бүрдүүлж байгаа бөгөөд 2015 онд дөнгөж 9 хувийг бүрдүүлж байсан юм.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
-Төмрийн хүдрийн экспортын хэмжээ 1 сая тонноор нэмэгдэж 6 сая тонн болов. Экспортын орлого 22 сая доллараар нэмэгдэж, 249.9 сая доллар болжээ.
-Газрын тосны экспортын хэмжээ 100 мянган баррелиар буурч
8 сая баррель болжээ. Экспортын орлого ч 50 сая доллараар буурч 337.2 сая
доллар болсон байна.
С.Болд-Эрдэнэ