Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Торгоны замын ач холбогдол” форумд Д.Ганбат сайд оролцов

“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын 4 дэх удаагийн форум энэ сарын 16-17-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Форумд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Шадар сайдын ажлын алба, Гадаад хэргийн яам болон бусад яам, агентлаг, МҮХАҮТ-ын төлөөлөгчид, бизнесийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцсон юм. Тус форумыг Монголын талаас Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ахалж, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, ач холбогдлын талаар танилцууллаа.

Тэрээр БНХАУ-ын Засгийн газар Төв болон Зүүн өмнөд Азийг бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой Торгоны зам сан байгуулсан явдал нь орчин үеийн дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, интеграцийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм.

Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүний гурав дахь удаагийн уулзалтаар дэлхийн хамгийн том хоёр тивийг холбосон Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь гурван улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хамтын ажиллагааг хамарч байгаа бөгөөд гурван улсыг холбосон зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал гол байр суурийг эзэлж байна.

“Эдийн засгийн коридор”-ийг хөгжүүлэхэд суурь үндэс болох бүс нутгийн  эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнцвэржүүлэх нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаа ийнхүү Монголын талаас илэрхийллээ.

Энэхүү форумын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Иньпан, Торгоны замын сангийн Ерөнхийлөгч Ван Янжи нартай уулзаж, санал солилцсон байна. И Иньпан захирал, сүүлийн нэг жилийн хугацаанд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 1.7 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэхээс 8 нь төмөр замтай холбоотой бөгөөд ойрын хугацаанд төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эрчимжүүлэх талаар танилцуулж, энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.