Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

УИХ-ын дарга М.Энхболд гадаадын хөрөнгө оруулагчидтай анхны уулзалтаа хийлээ


Монгол дахь Америкийн Худалдааны танхим (Ам Чам) нь  Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдын гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтыг нэгдүгээр сарын 25-нд “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.  Уг уулзалтад АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт,  “Ам Чам Монгол”-ын ТУЗ-ын дарга Жэй Лиотта болон гадаадын худалдааны танхим, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Уулзалтын эхэнд “Ам Чам Монгол”-ын ТУЗ-ын дарга Жэй Лиотта Монгол Улсыг Америкийн хөрөнгө оруулалтыг татах хамгийн таатай орон болгохын төлөө чармайн ажиллахаа илэрхийлсэн бол Элчин сайд Женифер Зимдал Галт  “Бидний хамгийн чухал түнш Монгол улс хэвээр байх болно” хэмээн тодотголоо.
 
“Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрын гол томилгоонуудаа багцлаад, тэдгээр нь ажилдаа бүрэн ортол шинэ бодлогын чиглэлүүд тодорхой болохгүй ч  Америкийн Ази-Номхон далайн бүс дэх суурь ашиг сонирхол, байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг баттай хэлье. Манай худалдааны томоохон түншүүд энэ бүсэд оршдог. Нөгөөтэйгүүр, энэ бүсэд дэлхийн хүн амын тал нь амьдарч, дундаж давхаргууд хурдацтай өсөн нэмэгдэж байна” хэмээн Женифер Зимдал Галт хэлсэн үгэндээ онцолсон юм.

Монгол Улсад өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлүүдийг шийдэх, түүн дотроо УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдэд АНУ-ын зүгээс ямар хувь нэмэр оруулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаагаа ч Элчин сайд дуулгалаа. Ялангуяа “Нээлттэй ертөнц манлайллын төв”-өөс зохион байгуулж байгаа хөтөлбөрүүдэд оролцох монголчуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж чадна гэдгээ тэрээр илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр хууль тогтоох дээд байгууллагаас хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах бодлогын талаар цаг үеийн мэдээлэл хийж, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал бодлоо хуваалцан, тодорхой асуултуудад хариулт өгсөн юм.

Шинэ УИХ байгуулагдсанаас хойших зургаан сарын хугацаанд 64 хуулийн төсөл өргөн баригдаж, 89 хуулийг батлажээ. Одоогоор хэлэлцэгдэж байгаа эдийн засгийн чиглэлийн гол хуулиуд нь  Хөгжлийн банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг хуулийн төслүүд аж. Мөн  УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг баталсан талаар УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрээр  “УИХ-аар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэж байна.  Энэ хууль нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд УИХ, Засгийн газар ямар түвшинд яаж оролцож, хяналтаа тавих, хамтарч ажиллах нь тодорхой болох юм. Нөгөө талаараа энэ банк үйл ажиллагаа явуулахдаа ямар нэгэн байгууллагын хараат байдлаас ангид, өөрийн цэвэр бизнес, худалдааны зарчмаар ажиллах эрх зүйн  боломжтой болно” гэсэн юм.

Төв банкны зүгээс  Хөгжлийн банкинд ямар хэмжээний хяналт тавьж байхыг хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтөөр тогтоож өгөх аж. Нөгөөтэйгүүр, Үндэсний төлбөрийн системийн тухай  хуулийг хэлэлцэж, батласнаар төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжих, систем хоорондын уялдааг сайжруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг  хамгаалах, гадаад тооцоог шуурхай хийх зэргийг Монгол Улсад хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх аж.

Ингэснээр бизнес эрхлэгчид санхүүгийн үйл ажиллагаагаа олон улсын хэмжээнд өөрсдийн явуулахад бусад орны стандартыг хангасан арга хэрэгслүүдийг хэрэглэдэг болох юм. УИХ-ын зүгээс мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд  гадаадын хөрөнгө оруулалтын банкуудын Монгол Улсад ажиллах эрх зүйн хэм хэмжээг тодорхой болгоно гэдгээ УИХ-ын дарга хэллээ.   

“Ам Чам  Монгол” нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг  Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага бөгөөд тус байгууллага нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар  юм.

УИХ-ын дарга  М.Энхболдын гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн  анхны уулзалтад хэлсэн үгийн онцлох ишлэлүүдийг  хүргэе.

 

·  Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудлыг судалж, дүгнэлт гарган УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг би Засгийн газарт өгч байсан. Энэ асуудлыг Засгийн газар нухацтай хэлэлцээд, УИХ-д ирүүлсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр байгуулагдсан  Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулахдаа худалдан авах үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн талаар мэдээлсэн.  Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн учраас УИХ эцэслэн шийднэ.   Гэхдээ 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, ойлголцож, тохиролцсоны үндсэн дээр  төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй.  Уг  асуудалд нийгэмчлэх байдлаар хандаж болохгүй.  

 

·   Засгийн газар Тавантолгой төслийг ажлыг эхлүүлэх тал дээр анхаарч, хөрөнгө оруулагч талуудтай хэлэлцээрийг эрчимтэй хийж эхэлсэн. Энэ төсөл дээр гарсан өмнөх алдаануудыг засч, аль болох шуурхай хэрэгжүүлэхэд анхаарч байна.

 

·   Саяхан Засгийн газрын хуралдаанаар баталсан “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлье, санхүүгийн ямар дэмжлэгүүдийг хаанаас авч болох талаар судалгааны ажлууд хийгдэж байгаа.

 

·   Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын биелэлттэй эхнээс нь танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг тухай бүрт нь гаргаж байна.

 

·   Гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр нүүрсний экспортын үнийг нэг цонхны бодлогод шилжүүлж, худалдан авагчдыг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлснээр экспортын үнэ сүүлийн хагас жилийн дотор 2 дахин өслөө.

 

·   Жижиг дунд бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын дарамтыг хөнгөлөх зорилгоор жилдээ 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой үндсэн 4 салбарын бизнес эрхлэгчдийн орлогын албан татварыг хөнгөлж, 1.0 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг өргөн барьсан

 

Г.Идэр