Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, уул уурхай, газрын тосны салбарын сүүлийн үеийн мэдээлэл хүргэлээ.
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 1.6 сая га талбайн солбицлыг тодорхойлж гаргажээ. Дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажил удахгүй эхэлнэ.
Мөн хуралдаанаар Гацууртын орд дээр Орд ашиглах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа. Ажлын хэсэг ойрын хугацаанд хөрөнгө оруулагч “Сентерра Гоулд Монголиа” компанитай хэлэлцээрт орох юм.
Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) 2016 онд улсын төсөвт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 14.4 хувиар давуулан биелүүлжээ. Үүнээс газрын тосны экспортын орлого 134.2 тэрбум төгрөг, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 34.6 тэрбум, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.9 тэрбум, бусад орлогод 12.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин энэ онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Засгийн газар эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан. Тус хөтөлбөрөөр 2020 он гэхэд улсын хэмжээний алтны олборлолтыг 25 тоннд хүргэхээр зорьсон. Монгол банкинд тушаасан алтны мэдээнээс үзэхэд 2016 онд 18.51 тонн алт тушаасан үзүүлэлттэй байна. Энэ нь 2015 оноос 3.2 тонноор өссөн үзүүлэлт юм. 2010 оноос хойш Монгол банкинд тушаасан алтны хэмжээ тогтмол нэмэгдсээр иржээ.
Харин нүүрсний хувьд 2016 онд 35.8 сая тонн нүүрс олборлож, 25.8 сая тонн нүүрс экпортложээ. Манай улсын хэмжээнд хүрэн нүүрсний 21 уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байна.
Дашрамд дурьдахад, 2016 онд нийт экспортын 87%-ийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа бөгөөд ДНБ-ий 17 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн хэмээн АМГТГ-аас мэдээллээ.
А.Хулангоо