Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайланг танилцууллаа

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) 2015 оны нэгтгэл тайланг өнөөдөр танилцууллаа. Эдүгээ дэлхийн 51 улс ОҮИТБС-д нэгдэн ороод байгаа бөгөөд манай улс анх 2007 онд уг санаачлагад элсэн орж байсан юм. Түүнээс хойш манай улс уул уурхайн орлогын дүн мэдээг нэгтгэсэн тайланг жил бүр тасралтгүй гаргасаар энэ жил арав дахь тайлан буюу 2015 оны нэгтгэл тайлангаа өлгийдөн авчээ.  

Нэгтгэл тайлангаар 2015 оны байдлаар олборлох салбараас нийт 1 их наяд 393 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрсөн байна. 2015 онд Засгийн газар нийтдээ 1927 компаниас хүлээн авсан орлогоо, 689 компани төлсөн төлбөрөө ОҮИТБС-ын тайлангийн маягтаар тайлагнасан. Үүнээс 202 компанийг сонгон авч нэгтгэл тайланд хамруулжээ. Хамруулах компаниудыг сонгохдоо эрсдэлд суурилсан аргачлал болон Засгийн газрын тайлагнасан гол орлогын дүнгүүдэд үндэслэжээ. Эдгээр 202 компанийн төлбөр уул уурхайгаас оруулсан нийт орлогын 97%-ийг бүрдүүлсэн бол сонгогдсон 202 компанийн төлсөн татварын орлогын 88%-ийг доорх 10 компанийн орлого эзэлжээ.

Компанийн нэр

Нэгтгэлийн дараах ЗГ-ын тайлагнасан мэдээлэл /сая.төг/

Нийт орлогод эзлэх хувь

1

Оюутолгой

515,192

37.0%

2

Эрдэнэт

358,326

25.7%

3

Петрочайна Дачин Тамсаг

189,593

13.6%

4

Монголын Алт

48,231

3.5%

5

Энержи Ресурс

39,702

2.8%

6

Цайрт минерал

34,834

2.5%

7

Доншен газрын тос

14,398

1.0%

8

Болдтөмөр Ерөө гол

13,959

1.0%

9

Саусгоби Сэндс

10,430

0.7%

10

Багануур

10,403

0.7%

 

Тайланг боловсруулах явцад Засгийн газар болон компаниудын тайлагнасан дүнгийн анхны зөрүү 304 тэрбум төгрөг байсан бол нэгтгэлийн дараах байдлаар цэвэр зөрүү 112 сая төгрөг болж буурчээ.

2015 оны нэгтгэл тайланд хамруулсан 202 компаниас 8 компани (Анхай интернэшнл, Блэйкмаунт майнинг, Галакси майнинг, Ган-Илч, Энержи-Импайр, Эс Эс Жи Пи, Эм Кэй Эм Эн майнинг, Гурванбогдын нуруу) ОҮИТБС-ын тайлангаа цахим тайлангийн систем болон Хараат бус нэгтгэгч байгууллагын явуулсан маягтуудаар ирүүлээгүй бөгөөд Засгийн газрын мэдээлснээр эдгээр компанийн төрийн байгууллагад төлсөн төлбөрийн дүн 1 тэрбум 640 төгрөг болжээ.

Хамгийн сүүлд гарч буй энэхүү 2015 оны олборлох үйлдвэрлэлийн нэгтгэл тайлангаар хэд хэдэн зөвлөмж гарч байна. Тухайлбал тусгай зөвшөөрлийн ил тод байдлыг сайжруулах шаардлагатайг сануулжээ. Тодруулбал Ашигт малтмал, газрын тосны газраас гаргаж буй тусгай зөвшөөрлийн огноо, бүртгэл, хөдөлгөөний мэдээлэл нь зөрүүтэй байх тохиолдол байгааг анхаарахыг зөвлөжээ.

Үүнээс гадна төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, санхүүгийн менежментийг сайжруулах хэрэгтэй нь ажиглагджээ. 2015 оны Засгийн газрын нэгдсэн аудитын тайланд “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой 123 тэрбум төгрөгийн зөрүүнд хязгаарлалт тавьсан байна. Өөрөөр хэлбэл тухайн төрийн компанийн мэдээлэл нь найдвартай, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байгаа учир үүнийг засч залруулах шаардлагатайг зөвлөжээ.

2015 оны нэгтгэл тайланд хамрагдсан 202 компаниас 51 компани нь тав болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийн тухай мэдээллийг ил болгоход зориулсан асуулгад хариу ирүүлж, түүнээс 26 компани нь дэлгэрэнгүй мэдээллээ ирүүлжээ. Ашиг хүртэгч эздийг ил тод болгох тухай шинэ журмыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 2016 оны шинэчилсэн стандартад 2020 оноос эхлэн мөрдөх тухай тусгасан юм. Иймд манай улсын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар Ашиг хүртэгч эздийг 2020 он гэхэд ил тод болгох ажлын төлөвлөгөөг батлаад байгаа билээ.

Нэгтгэл тайлантай зэрэгцүүлэн Монголын ОҮИТБС-ын баталгаажуулалтын тайланг (validation report) өнгөрсөн оны сүүлээр гаргасан бөгөөд Монгол улсад ОҮИТБС-ын хэрэгжилт мэдэгдэхүйц ахицтай байгаа гэсэн дүгнэлт гаргажээ. Манай улстай мөн адил мэдэгдэхүйц ахицтай байгаа орнуудаар Перу, Зүүн Тимор, Азербайжан, Нигер улсыг нэрлэсэн байна. Гэхдээ манай улсад цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил байгаа юм. Тухайлбал тусгай зөвшөөрлийн өргөдлийн огноо, бүртгэл, хөдөлгөөний мэдээллийг ил тод болгох, сонгон шалгаруулалтаар олгосон тусгай зөвшөөрлийн дүнг ил тод болгох, Бүтээгдэхүүн хуваах гэрээний ил тод байдлыг хангах, төрийн өмчийн компаниудын төсөв, нийгмийн шинжтэй зардлуудыг ил тод болгох гэх мэт ажлуудыг 2016 оны нэгтгэл тайланд сайтар анхаарч ажиллах юм байна.

Тайланг танилцуулах хуралд Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Зууннаст, ТАН эвслийн зохицуулагч Д.Эрдэнэчимэг, “Улаанбаатар аудит” компанийн Ерөнхий захирал Б.Осоргарав, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд, ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, ОҮИТБС-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрмаа болон хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Тайланг бэлтгэхэд Английн Харт Нойрс, Монголын “Улаанбаатар аудит” корпораци хамтран баталгаажуулалт хийж, өнгөрсөн оны 12 дугаар сард тайланг бэлэн болгосон байна. 2015 оны нэгтгэл тайлан нь цахим тайлагналын тогтолцоог ашигласан гэдгээрээ эд материал, цаг хугацааны хувьд хэмнэлттэй маш дэвшилтэт ажил болж чадсан юм. Өнгөрсөн онд Монгол Улсыг ОҮИТБС-ын хүрээнд мэдээллийн хангамж, хүртээмжийг бусад орноос илүү сайжруулсны төлөө ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагнасан билээ.

2017 онд Монголын ОҮИТБС-ын хэрэгжүүлэх ажлын нэг томоохон хэсэг бол 2016 онд шинэчлэгдсэн ОҮИТБС-ын стандартын хүрээнд олборлох салбарт ажиллаж буй Ашиг хүртэгч эздийг ил тод болгох зорилтын бэлтгэл ажлууд юм. Үүнээс гадна орон нутгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлүүдийг чадавхижуулах болон бусад олон ажил багтаж байна.

Монголын ОҮИТБС-ыг өмнөх жилүүдэд Дэлхийн банк санхүүжүүлж ирсэн бол цаашид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгийг авах санамж бичиг байгуулсан тухай уг санаачлагын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Энхбаяр мэдэгдлээ. Энэхүү санаачилга нь зөвхөн Гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, манай улсын нэгдэн орсон Нээлттэй засаглалын түншлэл, авлигын эсрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэх мэт олон талын ач холбогдолтойг тэрбээр хурлын үеэр мөн онцолсон юм.

Монгол улсын олборлох үйлдвэрлэлийн нэгтгэл тайланд зөвхөн төлбөр орлогыг ил тод болгох бус тусгай зөвшөөрөл, гэрээний ил тод байдал, үйлдвэрлэл, борлуулалт, хайгуулын ажил, компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах хүчний судалгаа, орон нутагтай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт зэрэг олон сэдвийг хамруулж мэдээлдгээрээ судлаачид болон ард иргэдэд салбарын талаар маш хэрэгцээтэй мэдээлэл өгсөн чухал ажил болдог юм. Харин цаашид энэхүү тайлангийн мэдээллийг хэвлэл мэдээлэл, ард иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх ажил илүү их хэрэгцээтэй байгаа билээ.  

2015 оны байдлаар олборлох салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 16.7%-ийг эзэлж, 4.1 тэрбум долларын экспортын орлоготойгоор улсын нийт экспортын 88%-ийг бүрдүүлсэн дүнтэй гарчээ.


Б.Төгсбилэгт

  • amartuvshin.y@akaliko.mn (202.21.101.214)
    Энэ тайланг файл аар яаж олох вэ байвал явуулж өгөөч
    2017 оны 09 сарын 29 | Хариулах