“Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчдийн форум хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форум өнөөдөр Шангри Ла зочид буудалд болсон бөгөөд 675 ханган нийлүүлэгч байгууллага, 1200 төлөөлөгч оролцсон юм. Энэ жилийн форумын онцлог нь Оюутолгой уурхайн ашиглалтын хугацаанд болон гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах бараа, үйлчилгээг монгол хүн, Монгол оронд үйлдвэрлэхийг зорилго болгож буй бөгөөд дотоодын ханган нийлүүлтийн сүлжээг өргөжүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний бүтэцтэй ханган нийлүүлэлтийн сүлжээ байгуулах бололцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.
Форумын нээлтийн үеэр “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрес “Бид
хамтдаа Монгол улсад
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн тавцанд гаргаж, үндэсний компаниудын ур чадвар, өндөр чанарын бэлгэ
тэмдэг болж чадна. Тогтвортой, хүлээн зөвшөөрөгдсөн брэнд, нэр хүндийг бий
болгохын тулд бид хүндлэл, ёс зүй, хамтын зүтгэл, үүрэг хариуцлага гэсэн
үнэт зүйлсээ үйлдэл болгондоо агуулан ажиллах ёстой. Ингэснээр бид алсын
хараандаа хүрч, байгалийн баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээлцэж чадна” хэмээн хэлэв. Мөн “Эрдэнэс Монгол”
ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт
“Оюутолгой төсөл нь Монгол улсын нэрийг дэлхийд таниулах түүчээ болсон бөгөөд
уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлтээр тэргүүлж, Монгол улсад
татвар төлөгчдийн эхний байрт тогтмол орж байгаа” гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн онд “Оюутолгой” компани 371.5 сая ам.долларын
бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авснаас 279 сая ам долларыг үндэсний компаниудад
зарцуулжээ. Үүнээс Өмнөговь аймгийн аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан
бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ 70 сая ам.долларт хүрчээ. Тухайлбал, Ханбогд
сумаас ингэний сүүний үйлдвэрлэл, гурил гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл,
нэхмэл сүлжмэл, ноосон эдлэл, талх нарийн боов, оёдол эсгүүр зэрэг жижиг дунд
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ханган нийлүүлж байгаа юм. Энэхүү хэмжээг цаашид
нэмэгдүүлэх нь Ханган нийлүүлэлтийн форумын нэг зорилго аж.
“Оюутолгой”
компанид одоогоор 8000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд гэрээлэгч
компаниудаар дамжуулан 6,244 ажлын байр бий болгосноос гадна шууд бусаар 35,000 ажлын байрыг дэмжин ажиллаж байна.
А.Хулангоо