Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Ашигт малтмалын салбар 2016 онд



The Mongolian Mining Journal /2017.01 -098/


Ашигт малтмал, газрын тосны газраас анх удаа жилийн тайлан гаргаад байна.  Уг тайланг тус газрын захиалгаар The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцид бэлтгэн хэвлүүлсэн юм. 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017-2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг багтаасан баялаг агуулгатай тайлангаас өнгөрсөн оны онцлох зарим мэдээллийг тоймлон хүргэж байна.

2016 онд уул уурхайн салбарт 44.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 1992 ажлын байр шинээр бий болжээ. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар 94 ордын нөөцийг бүртгэсэн нь сүүлийн 8 жилд хамгийн өндөр тоо юм байна. Үүнээс шинээр алтны үндсэн ордын 6, шороон ордын 33, төмрийн 4, зэсийн 2, холимог металын 2, ховор металын 2, нүүрсний 8 ордын нөөцийг шинээр бүртгэсэн бөгөөд ингэснээр алтны үндсэн ордын нөөц 33.2 тонноор, шороон ордын нөөц 5.9 тонноор нэмэгдэв. 2015 онтой харьцуулахад шинээр бүртгэгдсэн алтны нөөц 4.6 тонноор буюу үл ялиг нэмэгдсэн байна.

Уул уурхайн салбараас орох орлого 2016 оны эхний 11 сарын байдлаар 638.7 тэрбум төгрөг болжээ. Уулын үйлдвэрүүдээс зэсийн баяжмал үйлдвэрлэгчид 415.8 тэрбум төгрөг, нүүрс олборлогчид 114.2 тэрбум төгрөг, алт олборлогчид 40.3 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт оруулснаараа тэргүүлсэн байна. Татварын төрлөөр авч үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 224 тэрбум төгрөг, орлогын албан татвар 213.7 тэрбум төгрөг байгаа нь дийлэнх хэсгийг бүрдүүлжээ.