Канад
улс тунхагласны 150 жилийн ой 2017 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол
Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас уг ойг бүтэн жилийн турш тэмдэглэн
өнгөрүүлэх үйл ажиллагааны нээлтийг энэ сарын 2-ны өдөр зохион байгуулна.
Ойн
хүрээнд Канадын түүх ба соёлын өвөрмөц онцлог, нийгэм, эдийн засаг, боловсролын
салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг хуваалцахын сацуу дэлхийд
танигдсан урлагийн авьяастнуудыг таниулан сурталчлахыг ЭСЯ зорьж байна. 2017
оны турш тус ЭСЯ олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөөтэй
байна.
Канад улс тунхагласны 150 жилийн ойн нээлтэд тус улсаас Монгол улсад
суугаа Элчин сайд ноён Эд Жэйгэр оролцож үг хэлнэ. Тэрээр Канад улс дэлхий
дахинд энх тайвныг сахин хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг
хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих, дундаж давхаргын үнэт
зүйлсийг дэмжих зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтвортой
хамтран ажиллаж ирсэн түүхийн талаар, мөн эдгээр үнэт зүйлсийг Монгол улсад
таниулан сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулна.
Элчин сайд Эд
Жэйгэр үгэндээ “Долдугаар сарын 1-нд Канад улс тунхагласан өдөр болох ба бид
энэ баярыг энэ жил 6 дугаар сарын 30-ны баасан гарагт тэмдэглэнэ. Энэ өдрийг
хуанлидаа тэмдэглэнэ үү, бүгдэд урилга очно” гэдгийг онцолно. 1867 онд тусгаар
тогтносон Канад улс 9.9 сая орчим хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Газар
нутгийн хэмжээгээр дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог бөгөөд 2016 оны
байдлаар 36,443,632 сая хүн амтай.
Канад улс нь "Их долоо", "Их
хорь", НҮБ, НАТО болон АПЕК-ийн гишүүн орон бөгөөд Монгол дахь гадаадын
хөрөнгө оруулалтаараа БНХАУ болон БНСУ-ын дараа гуравдугаарт ордог.
Тус нээлтийн ёслолд УИХ дахь Монгол-Канадын Парламентын бүлгийн дэд дарга О.Баасанхүү, УИХ дахь Монгол-Канадын Парламентын бүлгийн гишүүн Лу.Болд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр, Монгол дахь Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, бусад орны Элчин сайд нар болон нийгэм, соёлын төлөөлөгчид уригдан оролцоно.