Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагын нэг болох Сити групп Монгол улсад Олон улсын валютын сангийн Стэндбай хөтөлбөрийн хүрээнд 500 сая ам.долларын санхүүжилт энэ сарын сүүлээр олгогдож магадгүй тухай таамаглал дэвшүүлжээ. Энэ тухай тус байгууллага өнгөрсөн сарын 26-нд мэдээлснийг Блүмбэрг нийтлэлдээ өгүүлжээ.
ОУВС-гийн төлөөлөгчид Монгол улсын Засгийн газартай манайд хэрэгжүүлэх Стэндбай хөтөлбөрийн талаар нэгдсэн шийдэлд хүрэхээр яриа хэлэлцээр өрнүүлж байгаа билээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэж буйгаар ирэх Цагаан сараас өмнө талууд тохиролцоонд хүрч хөтөлбөрийн санхүүжилт шийдэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн олон улсын хөрөнгийн менежментийн компани Alliance Bernstein-ийн Хонконг дахь салбарын эдийн засагч Винсэнт Цүйгийн тооцоолж буйгаар ОУВС-ийн тусламжийг дагалдан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад байгууллагаас нийтдээ 1 тэрбум гаруй долларын тусламжийн зээл олгогдох магадлалтай ажээ.
Дээрх тоонууд нь зөвхөн таамаг гэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монголын Засгийн газар Стэндбай хөтөлбөрийн санхүүжилтийн хувь хэмжээ, нөхцөлийн талаар мэдээлэл хийгээгүй байгаа ч Монгол улсын Засгийн газрын бондын нэр хүнд олон улсын зах зээл дээр харьцангуй сэргэх хандлагатай болж ирсэн байна.
Монголын бондын үзүүлэлт бусад ижил тэнцүү орнуудын бондын үзүүлэлттэй харьцуулахад илүү сайн байгааг JP Morgan банкны индекс харуулжээ.
Гэхдээ Монголын Засгийн газрын бондын үзүүлэлт сайжирч эхэлсэн нь ирэх гуравдугаар сард төлөгдөх 580 сая ам.долларын Евро бондын төлбөрийг төлөх тухай мэдэгдэл хийсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой байж мэдэх юм. Сангийн яам төлбөрийн хугацаа нь тулж ирээд буй уг бондын төлбөрийг яг ямар арга замаар төлөхөө албан ёсоор мэдэгдээгүй хэвээр байна. Магадгүй Стэндбай хөтөлбөрөөс орж ирэх мөнгөний зарим хэсгийг Евро бондын төлбөрт зарцуулахаар төсөөлөл харагдаж буйг шинжээчид нуухгүй байгаа юм.
Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч өнгөрсөн оны дунд үеэс эхэлсэн коксжих нүүрсний үнийн өсөлт, мөн оны сүүлээс эхэлсэн зэсийн үнийн аажим өсөлт нь манай улсыг арай өөдрөгөөр харах итгэлийг олон улсын хөрөнгө оруулагчдад төрүүлж буйг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна.
Б.Төгс