Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто Австралийн нүүрсний салбарыг орхиж байна

Англо-Австралийн “Рио Тинто” групп нь Австралийн салбар “Coal & Allied Industries” компанийн хувьцаагаа 2.45 тэрбум ам.доллараар Хятадын “Yancoal Australia” компанид худалдахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Тус худалдааны гэрээнд эхний ээлжинд 1.95 тэрбум ам.доллар бэлнээр төлж, 500 сая ам.долларыг таван жилийн хугацаанд жил бүр төлөгдөхөөр заасан байна.

Гэхдээ одоогоор уг гэрээ нь Австралийн Засгийн газар, Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газраас зөвшөөрөл хүлээж байгаа юм. Өнгөрсөн онд Австралийн Хойд бүс нутгийн Засгийн газар Дарвины боомтыг 99 жилийн хугацаатайгаар Хятадын хувийн компанийн эзэмшилд өгснөөс үүдсэн маргааны улмаас тус улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа чангатгаад буй.   

Тиймээс “Рио Тинто” групп, “Yancoal Australia” компанийн худалдааны хэлэлцээр энэ оны хоёрдугаар хагаст бүрэн эцэслэгдэх төлөвтэй байна. Худалдааг эцэслэснээс хойш гурав дахь жилээс эхлэн 10 жилийн хугацаанд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 75 ам.доллараас дээш гарах нөхцөлд тонн нүүрс тутмаас 2 ам.долларын роялти авахаар гэрээнд тусгажээ. Энэхүү худалдан авалтаар “Yancoal Australia” компани нь Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Хантер Валлийн бүс нутаг дахь нүүрсний гурван уурхай болон Ньюкасл боомтын хоёр том терминалыг эзэмших “Port Waratah Coal Services” компанийн 36.5%-ийг эзэмшихээр болж байна.   


Э.Од