Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орд газрууд нээгдсэн тухай сонирхолтой баримтууд



“Oюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэрийн металлурги инженер Д.Отгонбаатар


( Al )-Хөнгөн цагааны орд нээсэн фермер

Карибын тэнгист орших Ямайка арал эрдэс түүхий эд металлын  зах зээлийг (боксит ) хөнгөн цагааны хүдрээр хангадаг томоохон нийлүүлэгч юм. Тэндээс хөнгөн цагаан гарган авах гол эх үүсвэр болсон бокситын (Al2O3 46-52%, Fe2O3 17-23%.)  хүдрийн асар их  нөөцийг 1950-иад онд нээжээ. Бараг 60 жилийн өмнө маш сонин тохиолдлоор ордыг нээж илрүүлсэн байна. Тус арлын оршин суугч, фермер Альфредом Д’Костой улаан лооль тариалахаар санаа шулуудан тариалангийнхаа талбайд үр суулгаад, ургацаа хүлээж байжээ. Гэтэл ургац авах нь байтугай бүх үрслэгч нь хатингаршин удалгүй бүгд үхжээ.   Удаах оролдлого бас л бүтэмжгүй болсон байна.

Азгүйтсэн фермер учир шалтгааныг олж мэдэхийг хүсчээ. Ингээд талбайнхаа хөрснөөс сорьц дээж авч АНУ-ын нэгэн лабораторид шинжлүүлэхээр илгээхдээ яагаад улаан лооль ургахгүй байгааг тайлбарлаж өгөхийг хүсчээ. Хариу удалгүй ирсэн байна. 99%-ийн хөнгөн цагааны хүдрээс тогтсон хөрсөнд ямар улаан лооль ургах билээ гэсэн утгатай хариу байж.
Хэдэн жилийн дараа Ямайка арлын тэрхүү газар нутагт  уул уурхайн тэргүүлэх зэргийн компани “Рио Тинто”-гийн салбар Alcan компани нэмэлт хайгуул судалгааны ажил явуулаад, хөрөнгө оруулалт хийж, хувь нийлүүлсэн хөнгөн цагааны хүдэр олборлох үйлдвэр байгуулсан байна. Ингэж улаан лоолийн оронд уулын олборлох үйлдвэр бий болжээ.

Тэнд байгуулагдсан “Kaiser Jamaica Bauxite Со.” компанийн олборлосон бокситын хүдэр өнөө хэр АНУ, Канад болон бусад орны хөнгөн цагааны үйлдвэрт түүхий эд болж очсоор байна. Ямайк арлаас 2007 оны үед жилд 14,5 сая/тн боксит олборлон дэлхийн нийт боксит олборлолтын 8,75%-ийг тэндээс хангаж байсан үе бий. Харин 2014 онд 9,8сая/тн боксит олборлосон байна.


Өнгөт металын орд нээсэн “илжиг”

XIX зуунд  АНУ-ын Калифорни мужид (золотая лихорадка)-California Gold Rush (1848-1855)  буюу “алтны төлөө өрсөлдөөн” ид өрнөж  байсан тэр үед өнгөт металын орд нээсэн нэгэн сонирхолтой явдал болжээ.

Спокэний ойролцоох уурхайнууд Кер-д Алений районд оршдог. Энд төрөл бүрийн эрдэс, металын орд газар байдгаас алт төдийгүй өнгөт металуудыг ч олборлодог байна. Олон жилийн турш энэ районд алт байдаг тухай сураг чимээ байнга чих дэлддэг байсан ч индианчуудын дайсагналаас болоод тэнд эрэл хайгуулын ажил явуулахад аюултай байжээ.

Кер-д ′ Ален районд их төлөв Монтан, Колорад, Өмнөд Дакот муж улсаас алт хайгчид олноор шаван ирж байсан бөгөөд 1880-аад оны үед тэнд “алтны төлөөх өрсөлдөөн” ид өрнөж байсан. (Өнөөгийн манай улсын алтны нинжа нарын үйл ажиллагаа шиг) Энэ районд Мюрра хотхон үлгэрийн мэт хурдан босч, алт олзворлох төв нь болжээ. Купер, Пек гэх овжин хоёр америк тэнд фирм байгуулж, тэндхийн худалдааг гартаа авчээ. Энэ фирм алт хайгчдад хоол хүнс  болон багаж хэрэгсэл зээлээр олгох ба оронд нь олсон алтныхаа тал хувийг ч амлах нь байжээ. 

Купер, Пек хоёрын гэрээлэгчдийн дунд алт хайгч Ной Келлог гэгч эр байжээ. Байгуулсан гэрээний дагуу түүнийг нийт 18 доллар 75 центийн хоол хүнсээр хангаж, нэг луус, 2.75 центийн үнэтэй хос шаахай өгчээ. Фирмтэй тохиролцсон ёсоор Ной Келлог Кер-д ′Ален голын өмнөд хэсэгт алтны хайгуул хийсэн байна. Гэвч авч явсан хүнс нь сарын дараа дууссан тул Келлог буцаж очжээ. Тэрээр алт олоогүй ч дээж болгож хар тугалгын гялтан агуулсан төмрийн хүдрийн хэлтэрхий хэд хэдийг авч очсон байна. Дээжийг Куперт үзүүлэхэд тэрбээр тэр хүдрийн талаар юу ч мэдэхгүй тул огт сонирхсонгүй.

Нэлээд сүүлд Келлог тэднийгээ хар тугалгын мөнгөлөг хүдрийн талаар бага сага гадарлах Филипп О′ Руркт гэх ирланд хүнд үзүүлжээ. Тэрээр Колорадо муж улсын Лидвилад ажиллаж байсан тул уул уурхайн туршлагатай нэгэн байж.
Купер, Пек нарын фирмийн өмнө хүлээсэн үүргээ дууссан гэж үзээд Келлог, Филипп О′ Рурктийн хамт орд газар нээсэн патент олж авахаар өргөдөл гаргажээ.

Тэгтэл Купер, Пекийн фирм хэрэг явдалд оролцож, ордын тал хувийг хүртэхийг шаардсан байна. Шүүх баян фирмийн талд шийдвэр гаргасан нь уг ордыг Келлог биш  харин фирмээс олгосон луус нээсэн гэсэн шийдвэр байв. Луус идэш хайж яваад орд газрын ил хэсэгт орчихсон байх магадлалтай гэж шүүх үзсэн байна.  

Молибденийн орд нээсэн оюутан



Их сургуулийн оюутан геологич Вера Флёрова 1934 онд Хойд Кавказ дахь молибдений хүдрийн том орд газрыг нээсэн юм.
Геологийн салбарын оюутан Вера хэсэг нөхдийн хамт  хэдэн цагийн турш гуу жалгаар тэнээд ихэд ядарчээ. Гэтэл хэлтэрсэн жижиг болорлог чулууны арзгар гадаргууг хуруугаараа илэхэд хөх саарал мөр хуруунд нь үлдэхэд молибдений хүдэр гэж танин хамаг ядаргаа нь хийсэн одох мэт хүчтэй мэдрэмж төрж, зүрх нь хурдан хурдан цохилоод иржээ. Хоёр жилийн дараа түүний илрүүлсэн Баксан голын хөндий дэх молибденийн хүдрийн орд газарт том уурхай байгуулагджээ. Уурхай болон  вольфрам-молибдений комбинат өнөө хэр ажиллаж, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсаар байна.

Үйлдвэр уурхайг дагалдан Тырныауз хот шинээр байгуулагджээ. Харамсалтай нь Вера Флёрова 1936 онд эмгэнэлтэйгээр нас барсан тул түүнийг үзэх хувь заяа дутсан юм. Түүнийг уулын хүчтэй урсгалтай Баксан голын дүүжин гүүрээр явж байхад нь голын хүчтэй ширүүн урсгал хаман авч одсон байна.

ОХУ-ын Кабардин-Балкарийн нийслэл Нальчка хотоос холгүй орших  Тырныауз хотын нэгэн талбай болон дэргэдэх уулынх нь шовх оройг Вера Флёровын нэрэмжит болгож, уулан дээр түүнд зориулан гэрэлт хөшөө босгожээ.  Кавказад молибденийн асар их нөөцүүд шинээр илэрч, олон арван Cu-Mo орд нээгдэн ажиллаж байна. Арменд гэхэд л Каджаранская, Агаракскын Cu-Mo том орд газруудыг ашиглаж байгаа бөгөөд Зангезурская Cu-Mo комбинат гэхэд л өнөөг хүртэл 60 гаруй жил ажиллаж байна. Зөвхөн Армен улсын нутагт орших орд газруудад дэлхийн нийт молибдений нөөцийн 8 хувь нь агуулагддаг.  

Торх мөнгө болж хувирсан нь



Нэг үе Шри-Ланк улсад голдуу тавт, аравтын бутархай мөнгө (цент) гүйлгээнээс алга болж эхэлжээ. Үнэ нь мэдэгдэхүйц нэмэгдсэн хадаасыг хийхэд эдгээр зэс зоос маш сайн түүхий эд болдгоос тэр. Тэдгээр зоосны тогтоосон өртгөөс хадаасны үнэ хэд дахин их байж. Хадаасанд төлөх үнээс мөнгөөр хадаас хийх нь илүү ашигтайг хүмүүс олж харсан байна. Хадаасны үйлдвэрлэл ийнхүү онцгой асуудал болж хувирчээ.Үүнийг зогсоохын тулд Колумбийн төв банк зэсээр хийсэн тавт, аравтын зоосны оронд хөнгөн цагаанаар хийсэн зоос гүйлгээнд гаргажээ. Гэвч асуудлыг шийдэж чадсангүй.

Дэлхийн зах зээлд хөнгөн цагааны үнэ тогтвортой бус байлаа. Үүнийг ашиглан шар айрагны хөнгөн цагаан торхыг хулгайлах уршиг үүсчээ. Английн шар айраг үйлдвэрлэгчид энэ зовлонг амссан байна. Самбаатай луйварчид торхыг гулдмай болгон хайлуулж, дараа нь мөнгө болгон үйлдвэрлээд гүйлгээнд гаргаж байв. Үүнээс болж шар айраг үйлдвэрлэгчид торхонд зориулж нэмж хөрөнгө гаргах болсон байна. Шар айраг үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр “таваарлаг бус сав суулганд зориулж“ зарсан жилийн алдагдал бараг хоёр сая фунт стерлинг хүрчээ. Тэр үед Шотландын нэгэн оршин суугч хулгайн 600 гаруй торх хайлуулан хөнгөн цагаан гулдмайн нөөц болгосныг цагдаагийн газар илрүүлэн хураан авчээ.
  • Сайхан түүх байна (202.9.43.192)
    Отгоо ахаа
    2017 оны 02 сарын 07 | Хариулах