Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“АЛТ-2” үндэсний хөтөлбөртэй танилцана уу

"Алт-2" Үндэсний хөтөлбөрийн батлагдсан хувилбарыг танилцуулж байна.




Засгийн газрын 2017 оны 20 дугаар
         тогтоолын хавсралт


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор анх баталсан “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онуудад хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд алтны олборлолт, экспорт эрчимтэй өсч, улсын төсвийн орлого болон гадаад валютын нөөц нэмэгдэж, тухайн үеийн эдийн засгийн хямралыг даван туулахад чухал хувь нэмрийг оруулсан болно.

Үндэсний статистикийн хорооны 2015 оны 10 дугаар сарын мэдээгээр алтны үйлдвэрлэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувь, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн 9.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа нь алтны үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй болохыг харуулж байна.

Хэдийгээр алт олборлолт манай улсын эдийн засагт нэг талаас эерэг нөлөө үзүүлсэн  боловч нөгөө талаас далд эдийн засаг бий болох, байгаль орчныг бохирдуулах, нөхөн сэргээлтийг хангалтгүй хийх, хууль бусаар алт олборлох зэрэг тулгамдсан асуудал бий болсон.  

Өмнө хэрэгжүүлсэн алт хөтөлбөрүүдийн эерэг үр дүн, сургамж болон уул уурхайн салбарт 2014-2015 онд бий болсон татвар, хууль эрх зүйн таатай орчинд тулгуурлан алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, алтны үйлдвэрлэлийн талаар Засгийн газраас баримтлах цаашдын зорилго, зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна. 

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар улс эх орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах зорилтууд тусгагдсан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

1.2. Хөтөлбөрийн хамрах хүрээ

““Алт-2” үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд дараах үйл ажиллагааг хамруулж хэрэгжүүлнэ:

     1.2.1. алтны чиглэлээр геологийн судалгаа, эрэл, хайгуул хийх, алт олборлох, боловсруулах, борлуулах, экспортод гаргах;

     1.2.2. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалт болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, бичил уурхай эрхлэх. 


Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын алтны үйлдвэрлэлийн ойрын болон дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангаж алт олборлох, боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулах, алтны үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг өсгөхөд энэхүү үндэсний хөтөлбөрийн гол зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор дараах зорилтыг дэвшүүлж байна:

     2.2.1. татвар, хууль эрх зүйн таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх;

     2.2.2. геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг алтны хэтийн төлөв бүхий бүсийн хэмжээнд нэмэгдүүлэх замаар Монгол Улсын ашигт малтмалын сан хөмрөгийг тогтвортой арвижуулан баяжуулах;

     2.2.3. алтны үйлдвэрлэлийг  эрчимжүүлэх, техник, технологийг сайжруулж шинэчилснээр олборлох алтны хэмжээ, металл авалтын хувь, хэмжээг өсгөх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх;

     2.2.4. алтны үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах болон үйлдвэрлэл явагдаж дууссаны дараа нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагын иж бүрэн тогтолцоог бий болгох;

     2.2.5. бичил уурхайгаар алт олборлох, борлуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагаа

Хөтөлбөрийг ойрын болон дунд хугацааны 2 үе шаттайгаар 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ: 

Нэгдүгээр үе шат буюу ойрын хугацаанд (2017-2018 он): Алтны үйлдвэрлэлтэй холбоотой харилцаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх,  аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлснээр алтны олборлолтыг нэмэгдүүлэх, бэлтгэгдсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг цэгцлэх ажлыг эхлүүлнэ.

Хоёрдугаар үе шат буюу дунд хугацаанд (2019-2020 он): Алтны эрэл хайгуул хийх болон олборлох, үйлдвэрлэхэд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж алтны олборлолт, үйлдвэрлэлийг тогтвортой өсгөх, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1. “Хөтөлбөрийн хүрээнд татвар, хууль эрх зүйн таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх” зорилтын хүрээнд:

     3.1.1. алтны үйлдвэрлэлийн татварын орчин, санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судалж, олон улсын чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх;

     3.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд орон нутгаас тавьдаг шаардлагыг хуулийн хүрээнд тодорхой болгох, алтны үйлдвэрлэлийн салбарын хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгох;

     3.1.3. алт агуулсан хүдэр, элс олборлож баяжуулах, хамгаалах, хадгалах, тээвэрлэх болон худалдахтай холбогдсон журмыг шинэчлэн боловсруулж мөрдөх;

     3.1.4. алт олборлох болон баяжуулах, боловсруулах үйл ажиллагаанд тавигдах технологийн шаардлага, олборлолтын үеийн металл авалтын нормативт хязгаарыг тогтоож, холбогдох стандартыг боловсруулж мөрдүүлэх;

     3.1.5. алтны зах зээл дэх эрэлт, хэрэгцээ, үнийн дунд хугацааны төсөөллийг тодорхойлох, алтны олборлолт, борлуулалтаас орох төсвийн болон экспортын орлогыг оновчтой төлөвлөх;

     3.1.6. алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алт олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж олборлосон алтыг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор зээл олгох хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх;

     3.1.7. алтны олборлолтын ажил төвлөрөн явагдаж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалт бүхий бүсийг тогтоон алтны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн ажлыг иж бүрэн цогцоор нь хэрэгжүүлэх ;

     3.1.8. хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг таслан зогсоохтой холбоотой эрх зүйн орчинг сайжруулах;

     3.1.9. зэс болон бусад металлын баяжмал дахь үнэт металлыг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг татварын болон хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;

     3.1.10.  “Алтны бирж” байгуулах боломжийг судалж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх;

     3.1.11. алтыг орон нутагт худалдан авах үйл ажиллагааг Монголбанкны салбар болон арилжааны банкаар гүйцэтгүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх;

     3.1.12. бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журмыг шинээр боловсруулан мөрдүүлэх.
3.2.  Геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг алтны хэтийн төлөв бүхий бүсийн хэмжээнд нэмэгдүүлэх замаар Монгол Улсын ашигт малтмалын сан хөмрөгийг тогтвортой арвижуулан баяжуулах зорилтын хүрээнд:

     3.2.1. алтны хэтийн төлөв бүхий бүс нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн болон алтны сэдэвчилсэн судалгаа, ерөнхий эрлийн ажлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгуулан хэрэгжүүлэх;

     3.2.2. улсын алтжилт бүхий өмнөд хил орчмын бүс, зарим тусгай хамгаалалттай газар нутагт геологийн судалгааг явуулж үнэлгээ өгөх, цаашдын чиглэлийг тодорхойлох;

     3.2.3. алтны эрэл хайгуулын болон геологийн зураглалын ажилд олон улсад нэвтэрсэн дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нутагшуулах, хайгуулын ажлын арга зүй, түүнд тавигдах шаардлагыг шинэчилж мөрдүүлэх;

     3.2.4. алтны хэтийн төлөв бүхий талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох  ажлыг тэргүүн ээлжинд зохион байгуулах;

     3.2.5. алтны нөөцийн бүртгэл, эрэл хайгуулын ажлын мэдээллийг тогтмол шинэчлэн, нөөц хөдөлгөөнийг жил бүр хийж баталгаажуулах.

3.3. Алтны үйлдвэрлэлийг  эрчимжүүлэх, техник, технологийг сайжруулж шинэчилснээр олборлох алтны хэмжээ, металл авалтын хувь, хэмжээг өсгөх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх зорилтын хүрээнд: 

     3.3.1. алт олборлох, боловсруулах үйл ажиллагаанд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

     3.3.2. хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх,  олон улсын туршлага, алтны эдийн засгийн үр өгөөж, орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, алтны борлуулалтаас олох орлогын зарцуулалтын талаар олон нийтэд сурталчлан ойлгуулахад чиглэсэн мэдлэг, боловсрол олгох сургалт зохион байгуулах;

     3.3.3. ойролцоо болон хил залгаа орших тусгай зөвшөөрөл бүхий алтны ордуудын ашиглалтын үеийн тосгон, дэд бүтэц, зам, цахилгаан хангамж болон алт боловсруулах үйлдвэрийг цогц байдлаар төлөвлөн байгуулах боломжийг судлан хэрэгжүүлэх;

     3.3.4. стратегийн ач холбогдол бүхий алтны ордуудын ашиглалтыг эхлүүлэх;

     3.3.5  алтны болон алт агуулсан бусад ашигт малтмалын ордуудад судалгаа хийж, үнэлгээ өгөх замаар эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай нөхцөлийг тодорхойлсны үндсэн дээр зохих дэмжлэг үзүүлэх; 

     3.3.6.  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлох, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хүрээнд шороон болон үндсэн ордыг цаашид зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

     3.3.7. Үнэт металлын сорьцын хяналтын байгууллагыг бэхжүүлж техник технологийг шинэчлэх, алт олборлолтын томоохон бүс нутагт сорьцын салбар лаборатори байгуулах нөхцөлийг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах;

     3.3.8.  алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах;

     3.3.9. алтыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

     3.3.10. дэлхийн алтны олборлолт, худалдаа, олон улсын зах зээлийн үнэ, Монголбанкны сар бүрийн алтны худалдан авалтын тухай мэдээллийн нэгдсэн сан бий болгох;

     3.3.11. алтны олборлолт, боловсруулалт, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын үйл ажиллагааг стандартын түвшинд гүйцэтгэж, Монголбанкинд алт тушаасан үндэсний компанийн үйл ажиллагаанд зохих  дэмжлэг үзүүлэх;

     3.3.12. алтны үйлдвэрлэлд ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион  байгуулах, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алт олборлогч аж ахуйн нэгж, ажиллах хүчний судалгааг хийж урамшууллын механизмыг бий болгох.  

3.4. Алтны үйлдвэрлэлийн явцад байгаль орчинг хамгаалах болон үйлдвэрлэл явагдаж дууссаны дараа нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагын иж бүрэн тогтолцоог бий болгох  зорилтын хүрээнд:

     3.4.1. алтны үйлдвэрлэлийн улмаас эвдрэлд  орсон талбайн бүртгэл тооллого болон нарийвчилсан байр зүйн зураглал хийж, хохирлын хэмжээг тогтоосны үндсэн дээр нөхөн сэргээлт хийх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан буруутай хуулийн этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх замаар алт олборлогч аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөржүүлэх, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

     3.4.2. алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг  бүртгэлжүүлж, тэдгээрт тавих хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох, төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх;

     3.4.3. алтны орд ашигласны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн үнэлгээг тодорхойлох  олон улсын туршлагыг судлан холбогдох аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх;

     3.4.4. хууль бусаар алт олборлолтод өртсөн талбайн бүртгэл  хийж, эрх бүхий төрийн байгууллагатай хамтран хууль бусаар алт олборлосон этгээдийг тогтоож, хариуцлага тооцон хохирлыг барагдуулах арга хэмжээ авах;

     3.4.5.  хууль бусаар алт олборлосон  талбайд нөхөн сэргээлт, хаалт хийх нөхцөл бүрдүүлэх;

     3.4.6. алтны үйлдвэрлэлийн улмаас тухайн уурхайн нөлөөллийн бүс нутгийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх, судлан хянах, тандах тогтолцоог бүрдүүлж алтны салбарт ажиллагсад, орон нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах;

     3.4.7. хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах;

     3.4.8. уурхайн хаалтын хүрээнд алт олборлолтын онцлогт тохирсон зохицуулалтыг бий болгох, алт олборлосны дараа уурхайн хаалт хийгдсэн талбайд хяналт шалгалт хийх, талбайг тухайн орон нутагт хүлээлгэн өгөх журмыг тодорхой болгох.

3.5. бичил уурхайгаар алт олборлох, борлуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

     3.5.1. бичил уурхайгаар алт олборлоход ашиглаж байгаа техникийн стандартыг боловсронгуй болгох, хаягдал багатай ашиглах технологийг нэвтрүүлэх, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах болон борлуулах албан ёсны сүлжээ бий болгох;

     3.5.2. бичил уурхай эрхлэх талбайг улсын хэмжээнд нарийвчлан тогтоож, бүртгэж байх;

     3.5.3. бичил уурхайгаар алт олборлогч иргэдийг албан ёсны болгох, нөхөрлөлийг чадавхижуулж бүртгэх замаар цаашид хуулийн этгээд болгон өөрчлөн зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хүн амын орлогын болон бусад татвар, төлбөр, хураамж ногдуулах оновчтой тогтолцоог бий болгох;

     3.5.4. алтны ордыг ашиглах явцад үүссэн хаягдал нөөцийг бүртгэлжүүлж, үнэлгээ  хийх;

     3.5.5  бичил уурхай эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник хангамж болон нөхөн сэргээлтийн талаар сургалт явуулах;

     3.5.6. тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж орхигдсон талбайд байгаа үүсмэл ордуудыг ашиглах үйл ажиллагаанд орон нутгийн нөхөрлөлийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт

4.1. “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна:

     4.1.1. алт олборлолт, үйлдвэрлэл болон борлуулалттай холбоотой эрх зүй, татварын тогтвортой орчин бүрдэж, алтны хайгуул болон олборлолтын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна;

     4.1.2. алтны ордуудын нөөцийн үнэлгээ, нөөцийн хөдөлгөөний бүртгэл шинэчлэгдэж, түүнийг тогтмол баяжуулан хөтөлдөг болсон байна;
     4.1.3. хөтөлбөр хэрэгжих хугацаанд гүйцэтгэсэн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны нөөц 100-150.0 тонноор нэмэгдсэн байна;

     4.1.4. алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар  2020 онд 25 тоннд хүргэсэн байна;

     4.1.5. алтны хяналт хариуцлагын  тогтолцоо төлөвшин бүрдсэн байна;

     4.1.6. алтны олборлолт, боловсруулалт, хүний эрүүл мэнд, байгаль орчин, уурхайн хаалтын менежментийн дэвшилтэт техник, технологи, аргачлал, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, алтны хаягдлыг багасган алтны уурхайн талбайг стандартын дагуу нөхөн сэргээж, уурхайн хаалтыг хийдэг болсон байна;

     4.1.7. алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулагдсанаар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд шууд борлуулах боломж бүрдэхийн зэрэгцээ үнэт металлын эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, шинээр ажлын байр бий болсон байна;

     4.1.8. Монголбанкинд тушаах алтны хэмжээ тогтвортой өсч, гадаад валютын нөөц нэмэгдсэнээр үндэсний валютын ханш тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл, төлбөрийн чадвар сайжирсан байна;

     4.1.9. бичил уурхайгаар алт олборлогч иргэдийг албан ёсны болгох,  татвар ногдуулах оновчтой тогтолцоонд шилжсэнээр  улсын болон орон нутгийн төсөвт оруулах орлого нэмэгдсэн байна.

4.2. Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:

     4.2.1. хууль тогтоомж, тогтолцоо, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт;

     4.2.2. алтны нөөцийн өсөлт;

     4.2.3. металл авалтын нэмэгдэл, алт цэвэршүүлэх нөхцөлийн бүрдэлт;

     4.2.4. алтны ордуудын иж бүрэн ашиглалт;

     4.2.5. алтны уурхайн хаалттай холбоотой эрх зүйн зохицуулалт .

Тав. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр,
шаардагдах хөрөнгийн хэмжээ

Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааг дараах хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1. аж ахуйн нэгж, бичил уурхайчдын нөхөрлөлийн өөрийн хөрөнгө оруулалт;

5.2. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт;

5.3. гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт;

5.4. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;

5.5. зээл болон бондын эх үүсвэр;

5.6. Монголбанк болон Хөгжлийн банкны эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын ажиллагаатай орон тооны бус Зөвлөлийг  уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулан байгуулна. Зөвлөл нь “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, уялдуулан зохицуулах, тайлагнах чиг үүрэгтэй байна.

6.2. “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.