Ирэх тавдугаар сарын 14-15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Торгоны зам буюу Нэг бүс-нэг зам” олон улсын хэмжээний чуулган зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох тухай Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов мэдэгджээ. Энэ үеэр Путин тус улсад төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Си Жинпинтэй уулзахаар төлөвлөж буй аж. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээллээр “Торгоны зам буюу Нэг бүс-нэг зам” чуулганд дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүн нар оролцоно гэдгээ илэрхийлсэн байна.
2013 онд БНХАУ-ын шинэ удирдагчаар сонгогдсон Си Жинпин “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах тухай дэлхий нийтэд зарласан билээ. “Нэг бүс-нэг зам” стратегид багтах “Торгоны замын эдийн засгийн бүс” нь ӨМӨЗО-ны Шинжаан-Уйгарын автономит бүсээс эхлээд Казахстан, Узбекстан, Туркменистан, Иран, Ирак, Сири, Турк, Болгар, Румын, Чех, Герман улсаар дамжин 6500км үргэлжлэх бол далайн “XXI зууны далайн торгоны зам” нь Хятадын Гуанжоу хотоос Вьетнам, Тайланд, Малайз, Сингапур, Индонезиэр дамжин Энэтхэг улсад хүргэх төлөвлөгөөтэй.
Э.Од