Данийн эрчим хүчний “MHI Vestas” компани 9МВт-ын хүчин чадалтай V164 салхин турбиныг өнгөрсөн оны сүүлээр ажиллуулж эхэлсэн тухай өнгөрсөн сарын 27-нд мэдээлсэн байна. Дэлхийд хамгийн өндөр хүчин чадалтайд тооцогдох уг салхин турбин 24 цагийн дотор 216 мянган кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, дэлхийн дээд амжилтыг шинээр тогтоожээ. Энэ нь АНУ-ын 240 айлын цахилгааны сарын хэрэгцээтэй дүйхүйц юм.
Уг V164 салхин турбины далбангийн урт нь 80 метр, жин нь 38 тонн, турбины баганын өндөр нь 220 метр юм байна. Ашиглалтын хугацаа нь 25 жил бөгөөд ашиглагдаж дуусах үед турбины эд ангийн 80%-ийг дахин боловсруулах боломжтой байхаар бүтээжээ.
Данийн компани энэ турбиныг далайд суурилуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд далайн эргийн салхин турбины хэмжээ томорч, бүтээмж нь улам сайжирсаар байгаа билээ. Хойд Европын ихэнх орнууд чулуужсан түлшнээс татгалзах алхмын хүрээнд салхин сэнсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт эрчимтэй хийж байна. Европын холбооны цахилгаан хангамжид салхины эрчим хүчний эзлэх хувь 2000 онд дөнгөж 2%-тай байсан бол одоогийн байдлаар 12% болтлоо өсчээ.
Зөвхөн Европ ч гэлтгүй Канад улсын хувьд салхины эрчим хүчний эх үүсвэр хүрээгээ тэлсээр байна. Канадын Нова Скоша, Кэбэк, Онтарио зэрэг мужид нийтдээ 702 МВт-ын хүчин чадал бүхий 21 салхин станцын төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлжээ. Канад улсын хэмжээнд суурилуулаад буй салхин турбинуудын нийт хүчин чадал одоогийн байдлаар 11,898 МВт-д хүрээд байгаа нь тус улсын цахилгааны нийт хэрэглээний 6%-ийг хангахуйц болоод буй юм. Энэ онд шинээр нэмж 700МВт бүхий салхины станц байгуулах төлөвтэй байгааг тус улсын Салхины эрчим хүчний холбоо мэдээлжээ. Сүүлийн 11 жилийн турш Канад улс өөр бусад төрлийн эрчим хүчнээс илүүтэйгээр салхины эрчим хүчний төслүүд хэрэгжүүлснийг тус холбооны Ерөнхийлөгч Роберт Хорнунг онцолжээ.
Уул уурхайн салбарт ч салхины эрчим хүчний хэрэглээ дэлгэрч эхлээд байна. Тухайлбал Чили улсад хэрэгжиж буй Los Pelambres зэсийн уурхайн цахилгааны хэрэглээг залгуулахаар 115МВт-ын хүчин чадал бүхий салхины станц 2014 онд байгуулагдсан байна. Станцаас үйлдвэрлэгдэх цахилгааны 70%-ийг уурхайд, үлдсэнийг зах зээлд нийлүүлдэг ажээ.
Los Pelambres уурхай нь дэлхийд томд тооцогдох зэсийн орд бөгөөд 2016 онд 355 мянган тонн зэс, 7.1 мянган тонн молибден, 58 орчим мянган унц алт үйлдвэрлэжээ. Цаашид тус уурхай 22 жил ажиллах төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд салхин станцаас эрчим хүч тогтмол худалдаж авах юм.
Яг энэ төсөл шиг томоохон салхины төсөл уул уурхайн салбарт хэрэгжээгүй боловч бага хүчин чадалтай салхины станц юмуу салхи-дизель хосолсон эрчим хүчний төслүүд Канад, Аргентин, Мавритан болон бусад улс оронд хэрэгжсэн жишээ олон байдаг. Эдгээр нь сэргээгдэх эрчим хүчний хүрээ хурдацтай тэлж буйн тод илрэл юм.
А.Хулангоо