Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 4 жил алдагдалтай ажиллаж, 6 жилийн хугацаанд 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал, нийт 822.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй ажиллажээ. Энэ талаарх мэдээллийг эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар өнөөдөр сэтгүүлчдэд өгөв.
“Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос Зүүн Цанхий
уурхайд олборлолт эхлүүлсэн байдаг. Үүнээс хойш Баруун болон Зүүн Цанхийн
уурхайгаас нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг олборлон экспортолж,
нэг их наяд 478 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Харин гаргасан нийт
зардал 2 их наяд төгрөг болж, 453 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Үйл
ажиллагаа эхлүүлсэн эхний 2 жилд 19 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан ч
сүүлийн 4 жилд ихээхэн алдагдалтай ажиллажээ. “Энэхүү алдагдлын дийлэнх хэсгийг
ханшийн алдагдал бүрдүүлж байна. 1 төгрөгийн борлуулалтын орлого олохын тулд
1.36 төгрөгийн зардал гаргаж байгаагаас менежментийн маш буруу үйл ажиллагаа
явуулж байгааг харж болно” хэмээн эдийн засагч Л.Наранбаатар онцлов. Тэрбээр
дээрх мэдээллүүдийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс авсан гэсэн
юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт өр төлбөр 822 тэрбум 416 сая төгрөг болжээ. Үүнээс хамгийн их өрийг Хөгжлийн банкны зээл эзэлж байна. Хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая доллар, хүүгийн хамт нийт 584 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд тус компанийн нийт өрийн 71 хувийг эзэлж байна. Харин “Чалко” компанийн өр 100.6 тэрбум төгрөг байгаа нь нийт өрийн 12.2 хувийг бүрдүүлжээ.
Үүнээс гадна “Саусгоби Сэндс” ХХК-д 5.1 тэрбум төгрөгийн өртэй гэжээ. Өнгөрсөн оны 5 дугаар сард Засгийн газар “Саусгоби Сэндс” компанийн 35 тэрбум төгрөгийн татварын өрөөс 20.3 тэрбумыг нь “Эрдэнэс Тавантолгой” компанид хөрс хуулалтын ажил гүйцэтгэх замаар төлүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу тус компани өнгөрсөн оны сүүлээр Баруун Цанхийн уурхайд ажиллах болсон.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрс хуулалтын өртөг Тавантолгойн ордод олборлолт явуулж буй бусад компаниас өндөр байгаа аж. Тухайлбал “Энержи Ресурс” компани 1м.куб хөрс хуулалт 5800 төгрөг байдаг бол “Тавантолгой” ХК-ийнх 7900 төгрөг, харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнх 11951 төгрөг байдаг байна. Энэ нь өрсөлдөгч бусад компанитай харьцуулахад 36-106 хувиар илүү зардлаар хөрс хуулдаг гэсэн үг юм.
Энэ мэтчилэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд алдагдалтай байдлаар цаашид ажиллавал ердөө 8 жилийн дараа уурхайгаа хаахад хүрч болзошгүй аж. Өөрөөр хэлбэл 120 сая орчим тонн маш сайн чанарын коксжих нүүрсийг олборлон экспортолсноор үлдсэн эрчим хүчний болон сул коксжих нүүрс нь үнэд хүрэхгүй хэмээн үзжээ. Харин төмөр зам, цахилгаан станцаа барьж, уурхайн тоног төхөөрөмжөө цахилгаанжуулж, нүүрсээ баяжуулан экспортлох юм бол 1.4 тэрбум тонн нүүрсийг эдийн засгийн үр ашигтай олборлох боломжтой юм байна.
С.Болд-Эрдэнэ