Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад төмөрлөгийн үйлдвэрүүдээ тодорхой хугацаанд хаахаар төлөвлөж байна

Хятад улс нь агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор хүнд үйлдвэрүүд рүү чиглэсэн арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус улсын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас төмөрлөгийн үйлдвэрүүдтэй холбоотой төлөвлөгөө боловсруулсан байна.

Тус төлөвлөгөөнд жил бүрийн 11 дүгээр сараас 2 дугаар сар дуусах хүртэл төмөрлөгийн үйлдвэрүүдийн гуравны нэгийг хааж байхаар тусгажээ. Тодруулбал, Хятадын таван бүс нутаг болох Тьянжин боомт хот болон Хэбэй, Шаньдун, Шаньси, Хэнань мужийн 28 хотын ган болоод хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрүүдийн 30%-ийг өвлийн улирлын үед түр зогсоох аж.

Түүнчлэн, долдугаар сараас эхлэн Тьянжины боомт дээр нүүрс нөөцлөн буулгах үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоож, нүүрсний буулгалтыг Тьяншань боомт руу шилжүүлэх гэнэ. 2016 оны байдлаар Тьянжины боомтоос Хятад улсын нүүрсний нийт хэрэглээний 17%-ийг нийлүүлсэн байна. Мөн есдүгээр сараас эхлэн Хэбэй мужийн боомтуудаас нүүрсийг ачааны машинаар тээвэрлэхийг хориглоно. Одоогоор ердөө боловсруулалтын шатандаа байгаа тус төлөвлөгөөтэй Хятадын Коммунист намын төв хороо танилцаж буй. Хэрэв энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх юм бол  Хятад улсын хөнгөн цагааны үйлдвэрлэл жилд 17%, ган хайлуулах үйлдвэрлэл 8%-иар тус тус буурах магадлалтай гэж “Ройтерс” агентлаг мэдээлж байна.

Э.Од