Зах зээл
Эрдсийн зах зээл “идэр гурван ес”-ийн үеэ давлаа
2017-02-14
The Mongolian Mining Journal /2017.01 -098/
Б.Төгсбилэгт
Эрдсийн зах зээлд 2016 оны эхэнд тун чиг жавартай эрс хатуу уур амьсгал давамгайлж байсан бол оны хоёрдугаар хагасаас урин дулаан уур амьсгал орж эхэлсэн билээ. Энэ урин цаг түр зуур үргэлжлэх “үүлэн чөлөөний нар” шиг байх магадлал өндөр хэмээн зарим шинжээчид хаширлаж байгаа ч зах зээлд ерөнхийдөө хаврын урь орж эхлэх шинж тэмдэг харагдаж байгааг батлах нь ч байна. Ялангуяа Монголын экспортын голлох бүтээгдэхүүн болсон зэс, коксжих нүүрс, төмрийн хүдрийн хувьд тийм ч муугүй жил болно гэж голлох судалгааны байгууллагууд тэмдэглэжээ. Нэг үгээр, “үнэ буурсан ч ёроол руу аваачихгүй” гэсэн уриатай жилийн зураглал тодорно. Өнгөрсөн оны хувьд харьцангуй гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн зах зээлийн жил байлаа. Үүний хамгийн тод үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялсан болон Европын холбооноос Их Британи өрх тусгаарлах шийдвэр гаргасан нь юм.
Өнгөрсөн оны тухайд хөдөө аж ахуй болон эрдсийн 22 түүхий эдийн ханшийн багцыг илтгэдэг Блүмбэргийн түүхий эдийн индекс /Bloomberg Commodity Index/ 2010 оноос хойш анх удаагаа өнгөрсөн онд 10%-иар өссөн байна. Гутранги таамаг дэвшүүлдгээрээ алдартай Citigroup банк энэ удаад уналтын төлөв илтгэх хандлагаа өөрчлөх маягтай болж байна. Тус банкны эрдсийн багийн тэргүүн Эд Морс зах зээл эргэлтийн цэг дээр очсон гэдэг нь дамжиггүй гэж мэдэгджээ.
Зэсийг бага зэргийн өсөлт хүлээж байна
Баярлахад эрт хэдий ч зэсийн зах зээлд олонхи судалгааны байгууллага урьд урьдныхаасаа илүү өөдрөг хандах болжээ. Зах зээлийн зарим эрсдэлт хүчин зүйл хэвээр байгаа боловч эерэг шалтгаан илүү олон байгаа нь зэс зах зээлд хүчтэй тоглогч байх алсын төлөв тодруулж байна. 2016 оны эхний гурван улиралд аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ 5000 ам.долларын босгыг давж чадахгүй байсан бол сүүлийн саруудад 6000 ам.долларт дөхөж өссөн нь Хятадын зэсийн хэрэглээ өссөн болон АНУ-ын зэсийн эрэлт нэмэгдэх төлөвийн тухай мэдээлэл гарсантай шууд холбоотой юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь олонхийн хувьд урьдчилан тааварлаагүй үйл явдал болсны сацуу зэсийн зах зээлд багагүй хэмжээний эерэг хүлээлт үүсгэсэн. Учир нь Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр 500 тэрбум долларыг улсынхаа дэд бүтцийн хөгжилд төсөвлөнө гэж амласан бөгөөд түүний ялалтын дараа тэрхүү амлалтыг зах зээлд хэн бүхэн өөдрөг мэдээлэл болгон түгээж эхэлсэн. Трампын амлалт зах зээлд өчүүхэн төдий нөлөөтэй гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан ч зэсийн зах зээлд үнэ ханшийг чамгүй өсгөөд амжсан билээ. Одоо түүний энэ амлалт Ерөнхийлөгчийн хувиар гаргах бодлогод нь хэрхэн тусах нь хамгийн их анхаарал татаж байна.
Компаниудын тухайд дэлхийн уул уурхайн хамгийн том хоёр компани зэсийн “уухайлан дэмжигчид” болоод байгаа нь бас нэг эерэг дохио юм. Зэсийн хувьд богино хугацаандаа өсөхгүй байж болох ч урт хугацаандаа эрэлт нь өсч нийлүүлэлт нь хумигдах төлөвт ганцхан “Рио Тинто” бус BHP Billiton ч итгэлтэй нь аргагүй байх болов. Тус компани ирээдүйд цахилгаан машины үйлдвэрлэлийн тэсрэлт, сэргээгдэх эрчим хүчний салбарын өргөжилтийн нөлөөгөөр зэсийн эрэлт эрчимтэй нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. BHP энэ санхүүгийн жилийн хайгуулын зардлаа 29%-иар нэмэгдүүлж, 900 сая ам.доллар болгосон бөгөөд түүнийгээ Чили, Перу, АНУ, Канад, Австралийн нутагт зэс, газрын тосны шинэ орд нээж илрүүлэхэд зарцуулах юм байна. Жишээ татахад, цахилгаан машины хувьд нэгийг үйлдвэрлэхэд 80 кг бүр түүнээс ч илүү их зэс хэрэглэгддэг байна. Энэ нь жирийн дотоод шаталтат хөдөлгүүрт автомашиныг бодвол дөрөв дахин их орцтой үзүүлэлт юм.
Үнийн төлөвийн тухайд Goldman Sachs банк энэ оны дунд гэхэд зэсийн үнэ нэг тонн нь 6200 ам.долларт хүрч, улмаар ирэх хоёрдугаар хагаст үнэ 5600 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглажээ. Энэхүү тооцоолол өмнөх таамаглалаас нь хавьгүй өндөр үзүүлэлт юм.
BMI Research байгууллагын хувьд 2017 онд зэсийн үнэ дунджаар 4900 ам.доллар байна гэж тооцож байснаа 5150 ам.доллар болгож ихэсгэжээ.
Манай улсын 2017 оны батлагдсан төсөвт зэсийн үнэ дунджаар 4800 ам.доллар/тонн байна гэж тусгагдсан нь судалгааны байгууллагуудын дэвшүүлсэн төлөвөөс ямар ч байсан давчихаагүй харьцангуй бодитой төсөөлөл дэвшүүлсэн явдал боллоо.
Өмнөх онд Монгол улсын хэмжээнд зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр 1 сая 562 мянган тоннд хүрсэн нь 2015 оныхоос 84 мянган тонноор дээшилсэн боловч орлогын дүнгээр бараг 30%-иар буурч 1.6 тэрбум долларын түвшин рүү уруудсан юм. Ийнхүү зэсийн орлого буурсан нь Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга буурсан болон зэсийн үнэ зах зээлд бууралттай байсантай холбоотой.
Өсөлтийн эрчим саарсан ч коксжих нүүрсний зах зээл сэргэх замдаа оров
Коксжих нүүрсний зах зээлд огцом өсөлтийн түрлэг орж ирсэн нь 2011 оны 300 гаруй ам.долларын ханшийг дахин тогтоож чадсан явдал. Энэ бол коксжих нүүрсний тоглогчдын урам зоригийг сэргээсэн юм. Австралийн коксжих нүүрсний хувьд өнгөрсөн оны эхээр нэг тонн нь ердөө 75 ам.доллар байсан бол өнгөрсөн 11 дүгээр сард 300 гаруй ам.долларт хүрсэн нь ид шидийн мэт өсөлт байсныг энд дахин тодотгоё. Ийнхүү нүүрсний үнэ 2016 оны сүүл гэхэд мөн оны эхэн үеийн үнийн түвшинтэй харьцуулахад даруй 300%-иар ханш өссөн нь Хятадын Засгийн газрын нүүрсний дотоодын олборлолтыг хумих бодлого, тус улсын дотоодын гангийн үйлдвэрлэлийн сэргэлт, түүнчлэн гадаад, дотоодын нийлүүлэлтэд нь тодорхой хүндрэлүүд гарсантай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байсан билээ.
Австралийн коксжих нүүрсний үнийн хэлбэлзэл (2016.1-2017.1)
Гэвч энэхүү өсөлтийн эрчим өмнөх оны сүүлээс эхлэн намжсан бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сарын оргил үнээс одоо даруй 40%-иар буурч, 180 ам.доллар/тоннын цэг рүү доошлоод байгаа билээ. Коксжих нүүрсний үнийн өсөлт эрчимтэй саарч буй нь үнэндээ тийм ч гайхах зүйл биш юм. Учир нь Хятадын Засгийн газар дотоодын нүүрсний уурхайнуудын ажиллах хоногийн тоог өнгөрсөн онд 330-276 өдөр болгон бууруулснаар үнийн өсөлтийг хүч авахуулж, хэн ч барьж тогтоохын аргагүй мэтээр коксжих нүүрсний үнэлгээг ердөө хагас жилийн дотор 300 долларын босго давуулсан билээ. Өнгөрсөн 11 дүгээр сард тус улс зарим уурхайн ажлын хоногийг хуучин хэвээр нь сунгахаар болсноо мэдээлсэн юм. Энэ шийдвэр нь замбараагүй өсч мэдэх нүүрсний үнийн өсөлтийг хазаарлахаар хийсэн алхам хэмээн зах зээл шинжээчид тайлбарлаж байна. Үр дүнд нь коксжих нүүрсний үнэ буцаад буурч эхэллээ. Гэсэн ч нэгэнт өссөн нүүрсний үнэ ёроолын түвшин рүү эргээд очихгүй болов уу.
Хэдийгээр зарим байгууллага нүүрсний үнэ ирэх жилүүдэд улам буурна гэж үзэж байгаа ч нүүрсний гэрээт үнэ аль хэдийнэ тодорхой хэмжээнд өсөөд байгаа юм. Японы томоохон худалдаачин Nippon Steel компани энэ оны эхний улирлын коксжих нүүрсний гэрээт үнийг дунджаар 285 ам.доллар байхаар Glencore, Teck Resources компанитай тохирсноо зарлаж байсан. Энэ нь одоо нүүрсний шууд худалдааны үнэ 180 гаруй ам.доллар болж буураад байгаатай харьцуулахад хавьгүй дээгүүр дүн юм. Монголын нүүрсний компаниуд, тэр дундаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани зах зээлийн өсөлтийг ашиглан Зүүн Цанхийн нүүрсийг /уурхайн ам нөхцөлтэй/ 33 доллараар зарж байснаа 50-60 ам.доллар болгож чадсан билээ. Удтал сул зогсолттой байсан Баруун Цанхийн олборлолтыг эхлүүлж, нүүрсээ тонн тутмыг нь 71.5 ам.доллараар худалдаалж эхэллээ. Түүнчлэн Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа эрхэлдэг “Энержи Ресурс” компанийн хувьд нүүрсний үнээ шат дараатай өсгөснөөр 107 доллар/тонн болгож нэмэгдүүлээд байгаа билээ.
Он гарсаар үнийн хувьд хамгийн их бууралттай байгаа түүхий эдийн жагсаалтын эхэнд коксжих нүүрс бичигдэж буй хэдий ч өнгөрсөн өсөлт Монголын нүүрс экспортлогчдод тодорхой хэмжээнд өгөөжөө өгч чадсан юм.
Энэ онд дэлхийн коксжих нүүрсний эрэлт төдий л нэмэгдэхгүйн сацуу нийлүүлэлтийн эрчим нэмэгдэнэ гэж зах зээл судлаачид таамаглаж байна. Үүний зэрэгцээ Хятадын дотоодын нүүрсний олборлолт аажимдаа нэмэгдэж, импортын хэмжээ буурах төлөв нь коксжих нүүрсний ханшийн ирээдүйд эргэлзээ төрүүлж буй юм. S&P-ийн металын шинжээч Kenneth Foo-гийн үзэж буйгаар коксжих нүүрсний үнийн өсөлт тогтвортой хадгалагдахгүй бөгөөд АНУ, Австралийн нүүрс олборлолт энэ онд өсч мэднэ гэж сануулжээ. Тус банк энэ онд нүүрсний үнэ 200 ам.доллараас доогуур түвшинд хадгалагдана гэж үзэж байна.
Commonwealth банкны хувьд үнэ цаашид дахин буурч болзошгүй гэж таамаглаж байна. Тус банкны уул уурхай, эрчим хүчний түүхий эдийн шинжээч Vivek Dhar-ийн үзэж буйгаар коксжих нүүрсний үнэ урт хугацаандаа 120 ам.доллар/тонн-д тогтож магадгүй нь.
Нөгөөтэйгүүр Хятад улсын дотоодын олборлолт нь эрэлтээ гүйцэхгүйн сацуу чанар муутай, өртөг өндөртэй гэсэн асуудал тулгамдаж буй. Тус улс Хойд Солонгосоос нүүрс оруулахаа зогсоосон болон өөр бусад хүчин зүйлийн улмаас коксжих нүүрсний зах зээл харьцангуй эерэг хандлагатай байх болно гэсэн таамаг ч шинжээчдийн дунд байна.
Австралийн коксжих нүүрсний үнэ энэ сарын 18-нд нэг тонн нь 175.9 ам.долларт хүрч буурсан нь оны эхэн үетэй харьцуулахад даруй 22%-иар хямдарсан дүн юм.
Өмнөх оны эхний 11 сарын байдлаар Хятад улсын нүүрс олборлолт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10%-иар буурсан бол нүүрсний нийт импорт нь 2016 онд 255.5 сая тонн болж өмнөх оны мөн үеийнхээс 25.2%-иар өсчээ.
Эрчим хүчний нүүрсний хувьд цаашид үнийн өсөх шинж тэмдэг хязгаарлагдмал байгаа ч эрэлт буурна гэж үзэхэд дэндүү эрт байна. Хятад улсын хувьд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувийг энэ он гэхэд 60 орчим хувь болгож бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Өнгөрсөн 2015 оны хувьд энэ үзүүлэлт 64% байсан юм. Тус улс нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх чулуужмал бус түлшний хувийг энэ онд 14.3% болгож нэмэгдүүлэхээр зүтгэж байна. Өнгөрсөн онд уг үзүүлэлт 13.3%-тай байсан юм. Хятад улс 2020 оны сүүл гэхэд нүүрсний цахилгаан станцын хүчин чадлыг 1100ГВт-аас ихгүй хэмжээнд барихаар чармайж байгаа юм. Харин уг үзүүлэлт 2015 оны сүүлээр 960ГВт байсан юм.
Өнгөрсөн оны хувьд Хятадын Засгийн газар ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг 45 сая тонн, нүүрс олборлолтын хүчин чадлыг 250 сая тонноор бууруулахаар зорьсноо давуулан биелүүлж чадсан байна. Энэ онд яг хэдий хэмжээгээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулах талаар зарлаагүй байна. Хэрвээ уг дүн зарлагдвал зах зээлд тодорхой нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.
2016 он Монголын нүүрсний салбарын хувьд томоохон амжилтын жил байлаа гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн онд манай улс 25.8 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос даруй 11.3 сая тонноор өндөр үзүүлэлт болсны сацуу 19 сая тонныг экспортлох улсын төлөвлөгөөг хол давуулан биелүүлж чадсан юм. Энэ нь нүүрсний ханш дэлхийн зах зээлд мөн оны хоёрдугаар хагаст тасралтгүй өссөнтэй холбоотой бөгөөд Хятадын тал ч Монголын хямд нүүрсийг түлхүү авах сонирхол их байсан нь илэрхий. Нөгөөтэйгүүр нүүрсний ханш өссөнөөр Монголын сул зогсож байсан уурхайнууд олборлолт, экспортоо нэмэгдүүлэхээр чармайсны үр дүн байсан гэж хэлж болно. Энэ онд манай улс 23 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсөвт тусгасан бөгөөд зах зээлийн огцом ганхалт үүсчихгүй бол уг зорилт биелэх боломж бүрэн бий.
Төмрийн хүдрийн үзүүлэлт тооцоолсноос дээгүүр байж мэднэ
Судлаачид болон шинжилгээний байгууллагууд төмрийн баяжмал зах зээлд амжилттай байна гэж таамаглал дэвшүүлэхээ болиод олон сар, жилийн нүүр үзэж байна. Нийлүүлэлт халгим их, эрэлт бараг өсөлтгүй байх төлөв ямар ч судлаачдыг ийм таамаг дэвшүүлэхэд хүргэх нь тодорхой. Гэвч төмрийн хүдэр жигтэйхэн сайн тоглогч байсаар ирсэн бөгөөд тооцоолсноос илүү өндөр үнийн түвшинг харуулсаар байгаа билээ.
Төмрийн хүдрийн үнэ энэ онд Хятадын зах зээлд нэг тонн нь 60 гаруй ам.доллар/тонн (CFR нөхцөлтэй) байна гэж Хятадын төмрийн уурхайнуудын холбоо таамаглал дэвшүүлсэн байна. Гангийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнийн өсөлттэй зэрэгцэн төмрийн хүдрийн ханшийн түвшин харьцангуй сайн байгаа бөгөөд өнгөрсөн оны эхээр 40 гаруй ам.доллар байснаа оны сүүл гэхэд 80 гаруй ам.доллар болсон нь чамлахааргүй сайн үзүүлэлт юм. Хятадын гангийн хэрэглээ 2016 оны эхний 10 сарын байдлаар 0.7%-иар өсч 525.6 сая тоннд хүрсэн тухай Хятадын Ган, төмрийн холбоо мэдээллээ. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрлэл 1.1%-иар өсч 738.9 сая тоннд хүрсэн байна. Хэрэглээ, үйлдвэрлэл хоёул өссөн харагдана. Харин тус улсын гангийн хэрэглээ энэ онд нэг хувиар буурах хандлагатай байна.
Хятадын дотоодын төмрийн хүдрийн олборлолт өмнөх оны эхний 10 сарын байдлаар 3.6%-иар буурч, 1.16 тэрбум тоннд хүрсэн байна. Ийнхүү дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй төмрийн хүдрийн 70%-ийг “залгидаг” Хятадын дотоодын олборлолт буурсан бол энэ онд дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн нийлүүлэлт өсөх дүр зураг гарчээ. Хэдийгээр дэлхийд төмрийн хүдрийн тодорхой уурхайнууд хаагдахаар байгаа ч Бразилийн “Вале” компанийн S11D төсөл болон Австралийн Roy Hill компанийн шинэ төслүүдийн шинэ нийлүүлэлт ашиглалтад орж ирж байна. S11D төсөл нь жилд 90 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай бөгөөд энэ онд 20 сая тонныг нийлүүлэх төлөвтэй байна. Харин Австралийн Roy Hill компанийн төмрийн хүдрийн төсөл нь жилдээ 55 сая тоннын хүчин чадалтай бөгөөд энэ онд мөн 20-25 сая тонн хүдэр нийлүүлэхээр байгаа юм.
Ийнхүү нийлүүлэлт багагүй хэмжээгээр өсөхөөр байгаагийн улмаас Австралийн Commonwealth Bank-ны хувьд энэ оны сүүл гэхэд төмрийн хүдэр зах зээлд 45 ам.доллар болж буурна гэж таамаглажээ. Харин Goldman Sachs банкны хувьд энэ оны эхээр төмрийн хүдрийн үнэ 60 гаруй ам.доллар, харин сүүлээр 55 ам.доллар болж буурна гэсэн тооцоолол гаргалаа. Австралийн Засгийн газар ч уг түүхий эдийн үнэ буурна гэсэн төсөөлөлтэй байна. Тухайлбал төмрийн хүдрийн үнэ оны гуравдугаар улирал гэхэд 55 ам.доллар/тонн, харин коксжих нүүрсний үнэ ирэх 2018 оны эхэн үе гэхэд 120 ам.доллар/тонн болж буурсан байна гэж үзжээ.
Төмрийн хүдрийн тухайд өнгөрсөн онд Монгол улсын хэмжээнд бараг 6.1 сая тонн хүдэр экспортолж, 250 сая долларын орлого олжээ. Энэ бол биет хэмжээний хувьд 1 сая гаруй тонноор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд орлогын хувьд бага зэргийн өсөлт гарсан ч нэгж бүтээгдэхүүний үнэ буурсан дүнтэй гарлаа.
Дээрхээс үзэхэд эрдсийн зах зээлд эерэг, сөрөг олон баримт эргэлдэж байна. Тодорхой зүйл гэвэл Хятадын шийдвэрүүд одоо бүх зүйлийг шийдэгч хүчин зүйл болсон хэвээр байна. Хэрэв Хятад дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх тухай ямар нэг мэдээлэл гаргах эсвэл өөр бусад холбогдох төлөвлөлтдөө өөрчлөлт хийх аваас тухайн мэдээлэл нь зах зээлд шууд нөлөөлнө гэж шинжээчид тайлбарлаж байна. Монголын экспортын голлох бүтээгдэхүүний нэг алтны хувьд энэ жил дэлхийн зах зээлд нэг унц нь 1200 орчим ам.доллараар худалдаалагдана гэсэн байр суурь шинжээчдийн дунд түгээмэл байгаа юм.
Алтны тухайд өнгөрсөн 2016 онд манай улс 19.2 тонныг экспортолсон нь биет хэмжээгээр өмнөх 2015 оныхоос даруй 70%-иар өсч, 758 сая долларын орлогын дүнтэй гарлаа. Алтны нийлүүлэлт бидний нэрлэдгээр “нинжа” нараас маш их хэмжээгээр нийлүүлэгдэх болсон нь алтны роялтийн хэмжээг бууруулж тогтоосны ач тус гэж албаныхан тайлбарлаж буй юм. Засгийн газрын зүгээс ч цаашид алт олборлолтыг нэмэгдүүлэхээр идэвхийлэн ажиллаж байгаа билээ.
Харин газрын тосны хувьд өнгөрсөн онд Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох OPEC үйлдвэрлэлээ энэ оны эхний хагаст 1.2 сая баррел/өдөр-өөр бууруулахаар тохирсны сацуу OPEC-ийн гишүүн бус орнууд үйлдвэрлэлээ мөн хугацаанд 558 мянган баррел/өдөр-өөр бууруулахаар тогтсон нь энэ онд газрын тосны үнэ өснө гэсэн төсөөллийг өгсөн билээ. ANZ банк энэ онд газрын тосны үнэ баррел нь 67 ам.долларт хүрч мэднэ гэж таамагласан бол Goldman Sachs 60 орчим долларт хэлбэлзэнэ гэж үзжээ. Харин S&P нэлээд хаширласан таамаг гаргаж энэ онд ердөө 50 ам.долларын хавьд ханш тогтоно гэж мэдэгджээ.
Монгол улсын боловсруулаагүй түүхий газрын тосны гадаад руу хийсэн нийлүүлэлт өнгөрсөн онд 8 сая баррельд хүрсэн бөгөөд экспортын орлого нь 337 сая доллар болжээ. Энэ бол өмнөх 2015 оны дүнгээс багахан хэмжээгээр буурсан дүн боловч энэ онд газрын тосны зах зээл сайн байвал экспортын орлого өснө гэсэн найдвар байгаа юм.
2017 онд ашигт малтмалын зах зээлд ямар эерэг, сөрөг зүйл тохиохыг яг таг урьдчилан хэлэх аргагүй ч уурхайчдын хувьд зах зээлд боломжийн үнэ тогтсон зөөлөн намдуу цаг үе рүү хөтөлсөн тийм урин жил болно гэсэн итгэл байна. Зах зээлд эерэг дохио илүү их гэрэлтэх болсон нь 2016 оны нэг онцлог байсан бол 2017 оны төлөв эхэн хэсэгтээ илүү сайн, төгсгөл хэсэгтээ үнэ ханш бага зэрэг буурах маягтай байх болов уу гэсэн бодол таамаглал шинжээчдийн дунд түлхүү байгаа нь ажиглагдлаа.