Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Уул уурхайн салбар эрх зүйн шинэ харилцаанд дэвшин орно



Н.Ариунтуяа

The Mongolian Mining Journal-ийн хоёрдугаар сарын дугаар Уншигч таны өмнө байна. Уул уурхайн тухай хуулийн төслийн анхны хувилбар ил болж, хэлэлцүүлэг ид өрнөж байна. Ийм үед хууль санаачлагчид, уул уурхайн компаниуд, мэргэжлийн холбоод, мэргэжилтэн, судлаачдын илэн далангүй байр суурь, ажил хэрэгч санал, зарчмын дүгнэлтүүд бүхнээс үнэ цэнтэй билээ. Тиймээс MMJ сэтгүүл шинэ дугаартаа хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн төлөөллөөс тайлбар авч, зэрэгцүүлээд оролцогч олон талын байр суурийг хамтатган толилуулж байна.  

Уул уурхайн салбарын эрхзүйн шинэтгэлийн асуудал хөндөгдөөд цөөнгүй жилийн нүүр үзэж буй бөгөөд санаачилгыг Ерөнхийлөгч Элбэгдорж 2010 оноос л гартаа авахыг хүссэн юм. Хайгуулын лиценз олголтыг түр хугацаанд зогсоосон хуулийн төслийг Парламентаар батлуулахдаа төрийн хяналтыг чангатгаж, шууд оролцоог хумина хэмээн мэдэгдэж, 2013 онд түүний санаачилгаар Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, өргөн дэлгэр хэлэлцүүлэг өрнүүлэн, Бодлогын баримт бичгийг эхэлж гаргах ойлголцолд хүрснээр хуулийн төслөө эгүүлэн татаж, Бодлогын баримттай болсны дараа хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр амлаж байв. Уул уурхайн салбарын эрх зүйн суурь болсон Бодлогын баримт  2014 онд батлагдан гарсан ч Ц.Элбэгдоржийн шийдмэг амлалт харин чимээгүйхэн замхарсан юм.

Тохиолдлоор Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох арван долоон онд салбарын эрх зүйн шинэтгэл Уул уурхайн хуулийн төслийн үзэл санаагаар амилан босч ирэв. Энэ удаа санаачилгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өөртөө авчээ.

“Энэ хуулийг өнөөгийн тогтолцоонд тохируулж биш хөгжүүлэхийн төлөөх тогтолцоонд зориулж хийж байгаа юм” гэсэн Ажлын хэсгийн гишүүн М.Дагвын үгэнд анхаарал хандуулна уу. Ирэх жилүүдэд уул уурхайн салбарыг зөв бодлогоор хөгжүүлэхэд салбарын өөрийн зохицуулалт ахьсан түвшинд гарч ирэх нь түлхэц болох учиртай. Уул уурхайн салбарыг бүтэн зургаар харахыг хичээсэн хуулийн төсөлд салбар төдийгүй нийгэм эрүүл саруул, ажил хэрэгч уур амьсгалаар хандах ёстой юм. Түүний тулд уул уурхайн салбарынхан өөрсдөө салбарынхаа эрх ашгийн төлөө нэгдэж, үгүйсгэн мушгихаас илүүтэй зарчмын том өөрчлөлт, дагасан тодорхой зохицуулалт бүр дээр эрүүл саруул мэтгэлцээн өрнүүлж, Ажлын хэсгийн хараагүйг харж, сайжруулах санаа оноо бүрийг нухацтай ярилцаж, харилцан хүлээж авах хүртлээ яваасай.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт талууд харилцан мэдээлэл солилцох, ойлголцлоо ойртуулахад  нэгэн чухал талбар байх нь The Mongolian Mining Journal-ийн хувь нэмэр юм. Салбарын хөгжлийг хурдасгах эрүүл саруул хандлага бүрийг   сэтгүүлийн Редакци  дэмжсээр ирсэн. Эрхзүйн зөв орчин бий болгохын төлөөх үнэ цэнтэй санал бүрийг уншигч Танд хүргэхийг хичээнэ. Таны санал ч энэхүү хэлэлцүүлэгт үнэ цэнтэй  юм.

Жилийн хамгийн цөөхөн өдөртэй сард Шинэ Засгийн газрын өрийн хямралаас гарах бодлогын сонголт тодорч байна. Эдийн засгийн түүхэнд тод мөр үлдээх учиртай хөтөлбөрт хамрагдах түүхэн шийдвэр гарав. Өмнө богино хугацаанд хамрагдаж байсан Олон улсын валютын сангийн хөтөлбөр энэ удаа Монголын эдийн засагт ямар ул мөр үлдээхийг өнөөхөндөө үнэлж цэгнэх эрт. Энэ талаар MMJ-ийн  сэтгүүлч С.Болд-Эрдэнийн тоймыг энэ дугаараас уншина уу.      

Эх орны эдийн засаг сэргэж, уул уурхайн салбар төдийгүй нийгмээрээ нэгдсэн ойлголцолд хүрч, шийдвэр гаргагчид уул уурхайн салбараа дэмжсэн жил болоосой гэж Сар шинийн босгон дээр сайныг бэлгэдье.