Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Томоохон төслүүдийн төлөв 2017 онд...



The Mongolian Mining Journal /2017.01 -098/

Б.Төгсбилэгт

Өнгөрсөн оны хувьд жилийн эцсээр ашигт малтмалын зах зээлийн ертөнцөд таамаглаагүй  өрнөл дагуулсан, тухайлбал коксжих нүүрс, газрын тосны зах зээлд эерэг төлөв авчирсан жил байлаа. Гэхдээ 2016 он “булган сүүл”-тэй байх эсэхийг одоо хэлэхэд эрт юм. Энэ оны өнгийг тольдоход манай улсын мега төслүүд ялангуяа Тавантолгой, Гацуурт зэрэг төслийг хөдөлгөх томоохон шийдвэрүүд гаргаж, эдийн засгийн хямралыг давах итгэл найдвар хүлээлгэхээр буй ч эсрэгээр эрчмийг нь сааруулах, сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлүүд ч зэрэгцэн оршиж буйг санах нь зүйтэй.

Гацууртын ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ

Гацууртын ордыг ашиглах асуудал уул уурхайн салбарын дөрөв дэх сайдын нүүрийг үзэж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын үеэс тус ордын ашиглалтын асуудал яригдаж эхэлсэн бол Д.Ганхуяг сайдын үед ордыг ашиглахыг эсэргүүцсэн нийгмийн эсэргүүцэл илт идэвхжсэн юм. Гэсэн хэдий ч Р.Жигжид сайдын үед ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрлэх алхмууд хийгдсэн билээ. Тэрээр Гацууртын ордын ашиглалтыг гацааж байсан хамгийн том бэрхшээл болох төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж чадсан. Гацууртын ордод төрийн эзэмшлийг 34 хувь байхаар тогтоож, түүнийгээ 3 хувийн тусгай роялти руу шилжүүлсэн. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээний төслийг ч бэлэн болгоод байсан юм. Гэвч сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдон намжаад байсан Гацууртын ордын асуудал Шинэ Засгийн газрын үед дахин анхаарлын төвд орж ирлээ. Салбарын дөрөв дэх сайд Ц.Дашдорж Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хэр хурдтай, шийдэмгий ажиллаж чадах бол гэсэн хүлээлт Монголын уул уурхайн салбар хийгээд хөрөнгө оруулагчдад өндөр байгаа билээ.

Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд иргэний нийгмийн зарим байгууллагууд хуучнаар АМГ-аас /хуучнаар/ Гацууртын ордын ашиглалтын лицензийг “Сентерра Гоулд” компанид өгсөн тушаалын зарим заалтыг хүчингүй болгохоор шүүхэд хандаад байгаа. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хурал нэгдүгээр сард болохоор байсан ч  хойшилж, 2 дугаар сарын 6-нд болохоор товлогдоод байгаа аж.

Гэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр “Сентерра Гоулд Монголиа” компанитай Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийг шинэчлэн байгуулаад байна. 2015 онд байгуулагдсан Ажлын хэсгийг Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш өөрчлөөгүй байсан юм. Үүнээс гадна хоёрдугаар сард Гацууртын ордыг ашиглах шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхээр төлөвлөсөн. ЭБМЗ-өөс томилсон шинжээчийн баг дүгнэлтээ гаргачихаад байгаа. 

Гацууртын ордыг ашиглаж эхэлснээр эдийн засагт тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлнэ гэсэн тооцоолол бий. Ордын нөөцийг 17 сая 138 мянга гаруй тонн хүдэрт 50 тонн алтаар тогтоосон. Нөөцийн хэмжээ 26 тонноор өсөх боломжтой гэсэн тооцоо бий бөгөөд 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар болох төлөвтэй байна. Төслийн хугацаанд 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болно. Үүнээс татвар хураамж, төлбөр, суутгал зэргээс 432.3 сая ам.доллар Монгол улсын төсөвт төвлөрнө хэмээн 2015 онд Уул уурхайн сайд асан Р.Жигжид мэдээлж байсан билээ.

2017 онд Оюутолгойн хөрөнгийн зардалд 1 тэрбум доллар зарцуулна

Энэ оны хамгийн баталгаатай эдийн засгийн хөдөлгүүрээр нэрлэж болох төсөл бол яах аргагүй Оюутолгойн өргөтгөлийн ажил буюу далд уурхайн бүтээн байгуулалт юм. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг Turquoise Hill Resources компанийн мэдээлж буйгаар энэ оны хувьд ил уурхайд 100 сая ам.доллар, харин далд уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.долларыг хөрөнгийн зардалд (CAPEX буюу тоног төхөөрөмжийн зардал) зарцуулах төлөвтэй байгааг өнгөрсөн оны сүүлээр мэдээлсэн.

2015 оны 12 дугаар сард “Рио Тинто” компани Монголын Засгийн газрын батлан даалтаар олон улсын зэрэглэл бүхий 15 банк, 5 санхүүгийн байгууллагаас далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг авах хэлэлцээрийг амжилттай хийсэн билээ. Эдгээр санхүүгийн байгууллагаас нийтдээ 6 тэрбум долларын зээл авах боломжтой бөгөөд 1.6 тэрбум долларыг төслийн санхүүжилтэд зориулж нэмж босгох нь нээлттэй үлдсэн. Энэхүү хөрөнгийг зах зээлийн нөхцөл байдлаас хамааран Оюутолгойн өөрийн хөрөнгөөр шийдэж магадгүй юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын тухайд Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол үүссэний улмаас 2013 оны 8 дугаар сараас хойш өргөтгөлийн ажил түр хугацаанд зогсоод байсан нь тийнхүү зөвшилцөлд хүрснээр 2016 оны дундаас дахин эхэлсэн билээ. Далд уурхайн хувьд Оюутолгой ордын зэс, алт, мөнгөний нөөцийн голлох хэсэг буюу бараг 80 орчим хувийг агуулж буй гэдгээрээ ихээхэн онцлог юм. “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн мэдэгдэж буйгаар, Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2021 онд дуусч, анхны бүтээгдэхүүнээ нийлүүлэх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.

“Оюутолгой” компанийн мэдээлж буйгаар далд уурхайн бүтээн байгуулалт өнгөрсөн оны сүүл гэхэд Босоо ам 2 болон 5-тай холбоотой ажлууд, уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ налуу амын үндсэн хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн. Хөндлөн малталтын хурд нэмэгдэж байгаа бөгөөд гүний уурхайн бутлалтын хүчин чадал нэмэгдсэнээр 2017 онд хонгил гаргах ажлыг улам бүр хурдтайгаар хийх боломж бүрдэнэ.

Тавантолгой төслийг урагшлуулах эсэх нь эргэлзээтэй

С.Баярын Засгийн газар 2008 онд Тавантолгой төслийг төрийн мэдэлд  авснаас хойш үе үеийн Засгийн газар төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрмэлзэж ирсэн ч бодит ажил хэрэг болгож чадалгүй өнөөг хүрэв. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар төслийг хөдөлгөнө гэдгээ ил тод зарлаж, уухайлан ажиллах болсон нь олон нийт Тавантолгойг дахин анхаарахад хүргэсэн юм.

Эдийн засгийн хямралаас гарах алтан найдвар болон гэрэлтэж буй удаах төсөл бол яах аргагүй Тавантолгой. Уг төслийг бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах орчин бүрдлээ, сүүлийн хагас жил үргэлжилсэн коксжих нүүрсний үнийн өсөлт ихээхэн хөшүүрэг болно гэж өнгөц дүгнэх нь хэтэрхий популист тайлбар болно. Учир нь нүүрсний үнийн өсөлт нь Хятадын Засгийн газрын дотоодын нүүрсний уурхайнуудын ажиллах хоногийн тоог 330 байсныг 276 болгож бууруулахаар оны дундуур шийдсэнтэй шууд холбоотой. Төдөлгүй Хятадын төр хазаарлагдахгүйгээр өсч байсан нүүрсний ханшийн өсөлтийг “номхруулах”-ын тулд шийдвэрээ эргэн харж, ажиллах хоногийн тоог буцаан нэмж эхлээд байна. Үр дүнд нь он гарсаар хамгийн тааруу үзүүлэлттэй буй түүхий эдийн жагсаалтын тэргүүн эгнээнд коксжих нүүрс бичигдэх болсон нь салбарын мэргэжилтнүүдийн таамагласантай дүйж буй юм. Өөрөөр хэлбэл коксжих нүүрсний үнийн өсөлт нь 2008, 2011 оных шиг итгэж болохуйц, харьцангуй удаан үргэлжлэх өсөлт биш “түр зуурын” шинжтэй үзэгдэл байсан нь одоо улам бүр тодорхой болж байна. Гэхдээ коксжих нүүрсний үнэ урьд жилүүдийнх шиг ёроолын түвшиндээ хүртэл доошилчихгүй болов уу гэсэн таамаглалыг зах зээл шинжээчдийн дийлэнх нь дэвшүүлж байгаа.

Өмнөх оны сүүлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд байгуулсан Ажлын хэсэг Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөдөлж, урьд нь төслийн хөрөнгө оруулагчаар шалгарсан “хуучин танил” “Энержи Ресурс”, “Сумитомо”, “Шенхуа” компанийн хамтарсан консорциумтай хэлэлцээр хийж буй нь энэ удаад амжилттай болж магад гэсэн таамаглал хүчтэй байна. Саяхныг хүртэл Тавантолгойн төсөл гацаанд орсон, цаашид хэрэгжихээсээ өнгөрсөн гэж амтай болгон ярьж байсантай харьцуулахад ихээхэн урагшилсан үзүүлэлт боловч зах зээлийн эрсдэлт хүчин зүйл төслийг хөдөлгөх талуудын сонирхлыг бууруулж болзошгүй. Төслийн хэлэлцээрийг амжилттай явуулсан ч хөрөнгө оруулалт, судалгааны ажил болон холбогдох ажлууд тэр хэрээр удааширч мэдэх юм. Иймд энэ оны хувьд Тавантолгой мега төслөөс ихийг  хүлээх нь “их санасан газар есөн шөнө хоосон хонох”-ын үлгэр болно гэвэл хэт гутранги болохгүй. Нөгөөтэйгүүр төсөл хэрэгжихээр болсон ч бодит нөлөө нь энэ онд төдийлөн мэдрэгдэхгүй.

Тавантолгой төслийн салшгүй хэсэг болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км үргэлжлэх төмөр замын ажил энэхүү мега төслийг хөдөлгөхтэй зэрэгцэн эрчимжих болно. Тиймээс Тавантолгойн төмөр замын төсөл Тавантолгойн хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээрт орж чадах эсэхээс шууд хамаарч буй юм.
Тавантолгойн цахилгаан станц болон Тавдугаар цахилгаан станц

Тавантолгой төслөөс гадна Тавантолгойн 450МВт-ын хүчин чадалтай цахилгааны станцын төсөл Монголын эдийн засаг болон эрчим хүчний салбарт томоохон итгэл найдвар болон хүлээгдэж байгаа юм. Уг төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны 6 дугаар сард үзэглэсэн бөгөөд дотоодын хөрөнгө оруулагчаар MCS Power болон гадаадын хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпораци тодорсон билээ. Цахилгаан станцын бүтээгдэхүүн борлуулалтын үнийг Оюутолгой төслийн талтай харилцан тохиролцох яриа хэлэлцээр өрнөж буй сураг дуулдах ч төслийн үйл явц ихээхэн удаашралтай байна. Энэхүү цахилгаан станцын үйлдвэрлэх нийт цахилгааны 70 гаруй хувийг Оюутолгой төсөл хэрэглэх бол үлдсэнийг Тавантолгой, Цагаансуварга зэрэг төслүүдэд дамжуулах юм. 2014 оны наймдугаар сард Монголын Засгийн газар “Оюутолгой” компанитай “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” тухай гэрээ байгуулснаар тус станцын бүтээгдэхүүнийг зэсийн үлэмж төсөлд урт хугацаанд худалдах нөхцөлийг хангаж байсан билээ. Ингэснээр Тавантолгой цахилгаан станцын ирээдүй илүү тодорхой болсон юм. Энэ онд Тавантолгойтой холбоотой мега төслийн хэлэлцээр, цахилгаан станцын ажилд бодит ахиц гарна гэж найдаж болох ч бүх тал харилцан ашигтай нөхцөлөөр тохиролцоход хугацаа авах төлөвтэй байна.

Манай улс ТЭЦ-5-ын тухай олон жилийн турш ярьж мөрөөдсөөр ирсэн ч хөрөнгө санхүүгийн боломж, зах зээлийн таатай нөхцөл, улс төрийн зөрчилдөөний улмаас уг ажил саатсаар ирсэн.

Хэрэгжихээр яригдаж буй олон станцын өрсөлдөөн алийг нь ч хөдөлгөхгүй байна. Тиймээс Засгийн газар сонголтоо хийж, аль станцыг түрүүлж хөдөлгөх вэ гэдгээ нэн даруй шийдэх шаардлагатай байна. Ямар станцууд байна вэ? Багануурын цахилгаан станц, Бодь группын цахилгаан станц, бас Шивээ-Овоогийн дэлхийд байхгүй их том хүчин чадлыг илтгэсэн станц байна. Үүнээс Багануур, Тавантолгой, Тавдугаар цахилгаан станцын асуудлыг Засгийн газрын түвшинд шийдсэн. Гэхдээ Засгийн газрын  Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт Тавантолгойн цахилгаан станцаас бусдынх нь хувьд төслийг хэрэгжүүлэх бус, зөвхөн судалгаа хийх гэж дурдагджээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд энэ олон станцын учир начрыг олох зовлонтой хэдийнэ нүүр тулсан байх. Үүний зэрэгцээ эрчим хүчний хэрэглээ нь үлэмж нэмэгдэж буй урд хөрштэй урт хугацаанд эрчим хүч нийлүүлэх тохиролцоонд хүрэх ажил хүлээгдэж байна.

Харин өнөө маргаашийн тулгамдсан асуудал болох эрчим хүч, дулааны дутагдлаа хугацаа алдалгүй шийдэх гарц нь гуравдугаар ДЦС-ыг өргөтгөх хэмээн харсан ч байж болох юм. Засгийн газар дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250МВт-аар өргөтгөхөөр төлөвлөсөн бөгөөд уг ажлын үр дүнд эдийн засагт тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ гэж энэ оны төсвийн тайланд тодорхойлжээ. Уг төслийн жинхэнэ үр ашиг нь дотоодын цахилгаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд орших бөгөөд эрчим хүчний хэрэглээний оргил үед цахилгааны нийлүүлэлтийг тогтвортой барих, дулааны дутагдлыг хангахад чухал нөлөөтэй.

Бусад төслүүд буюу төмөр зам тавих сураг

Үүнээс гадна Эрчим хүч, зам, тээврийн салбарт энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар өнгөрсөн 12 дугаар сарын 7-ны хуралдаанаар эцэслэн тогтсон юм. Энэ дунд Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 45.3 км төмөр зам, Зүүнбаян-Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам, Чойбалсан-Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам,  Хөөтийн уурхайгаас Бичигтийн боомт хүртэлх 234 км төмөр зам барих зэрэг төсөл багтсан. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж буйг Зам, тээврийн хөгжлийн яам өнгөрсөн 12 дугаар сард Ерөнхий сайдыг Өмнөговь аймагт ажиллах үеэр дуулгасан. Уг төмөр замыг нэг жилийн дотор барьж байгуулах боломжтой бөгөөд “Саусгоби сэндс”, МАК, “Өсөх зоос” зэрэг компаниуд нүүрсээ уг төмөр замаар тээвэрлэх юм. Энэ хэсэгт хүнд даацын хатуу хучилттай зам тавигдсан ч жилийн даац нь 11 сая тонноор хэмжигдэж буй бол компаниудын олборлолтын хүчин чадал 30 гаруй сая тонноор яригдана. Экспортоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх энэхүү төмөр замыг байгуулахад шаардлагатай олон ажил хүлээгдэж буй тул бүтээн байгуулалт эхлэх хүртэл хугацаа орохоор байна.

Үүний зэрэгцээ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг өргөн царигтайгаар байгуулах ажлыг зохион байгуулах тухай тусгасан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Уг төмөр замын нийт хөрөнгө оруулалт нь тойм тооцоогоор 1 тэрбум доллар байх төлөвтэй байгаа бөгөөд ихэвчлэн төмрийн хүдэр тээвэрлэхэд ашиглах нь оновчтой төдийгүй Хятадын төмрийн гол зах зээл рүү илүү дөт замаар холбогдох нөхцөлийг бүрдүүлнэ гэдгээрээ ач холбогдолтой ажээ. Гэхдээ энэхүү төмөр зам нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулахаар яригдаж буй өнөө үед тэргүүн зэрэгт тавигдахгүй нь лавтай.

Энэ онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам газрын тосны үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр байгуулах зэрэг “амбицтай” төслүүдээ хэрхэн урагшлуулах нь сонирхол татаж буй ч бодитой мэдээлэл сонсох хугацаа нь энэ онд бас л ирэхээргүй шинжтэй. Эдгээр төслийн судалгаа шинжилгээний ажил хийгдэж буй ч санхүүжилт, бүтээн байгуулалтын явц асар их хугацаа шаардах нь тодорхой юм.

  • энхзул (202.72.245.75)
    Баярлалаа Маш цэгцтэй мэдээлэл авлаа
    2017 оны 03 сарын 09 | Хариулах