Засгийн газар шинээр 600 сая ам.долларын Хуралдай бонд гаргаж, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг солихоор болсноо өнгөрсөн сард зарлаж байсан билээ. Энэ хүрээнд Хөгжлийн банкны бонд эзэмшигчдэд бондоо жилийн 8.75 хувийн хүүтэй 7 жилийн хугацаатай Засгийн газрын Хуралдай бондоор солих санал тавьсан юм. Санал авах хугацаа өнөөдрөөр дуусч байгаа бөгөөд 476 сая долларын бонд солих санал ирсэн хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ.
Ингэснээр Хөгжлийн банкны 476 сая долларын бонд эзэмшигчид Засгийн газрын Хуралдай бонд эзэмшихээр болж байгаа аж. Хуралдай бондын үлдсэн 124 сая долларыг Засгийн газар шинэ хөрөнгө оруулагчдад санал болгож буй бөгөөд 8.25 хувийн хүүтэй байх гэнэ. Шинэ хөрөнгө оруулагчдад зарсан 124 сая долларын бондоос олсон мөнгийг Хөгжлийн банкны 104 сая долларын бондын төлбөрийг төлөхөөр төлөвлөж байгаа аж.
С.Болд-Эрдэнэ