Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Монголын уул уурхайн салбарт ханган нийлүүлэлтийн сүлжээ байгуулах нь чухал



“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонс,  гүний уурхай хариуцсан захирал Марко Пирэс нар The Mongolian Mining Journal, Mongolian Economy сэтгүүл “Өнөөдөр” сонин, “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлчидтэй уулзаж, Оюутолгой төслийн ханган нийлүүлэлтийн талаар ярилцсаныг хүргэе.


Стивен Жонс:


Энэ удаагийн “Ханган нийлүүлэгчдийн форум”-ын нээлтэд бид гурван компани төлөөлүүлж танилцууллаа. Хэдийгээр “Оюутолгой” компани байгуулагдаад удаагүй байгаа залуу компани ч ханган нийлүүлэлтийнхээ 80 гаруй хувийг Монголоос авч байгаа. Энэ бол богино хугацаанд хүрсэн өндөр амжилт. Өнгөрсөн хугацаанд Монголд амжилттай харилцаа, ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгож чадсан. “Ялгуун лайм” компани сайн чанарын шохойн чулуу нийлүүлж эхэлсэн. Мөн хүдэр тээвэрлэдэг том оврын машинуудын эд ангийн засварыг Улаанбаатарт хийдэг болсныг энд дурдаж болно. Ил уурхайн баяжуулах үйлдвэр, гүний уурхайн төсөл 8000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Гэрээлэгч, туслан гүйцэтгэгч компаниудыг тооцвол нийт 35 мянга орчим хүнтэй ажиллаж байна. Энэ хүмүүсийн цалин, нийгмийн даатгал гээд тооцвол эдийн засагт үзүүлэх үр нөлөө   чамгүй.

Өнгөрсөн жил бид Монгол улсад 210 гаруй сая ам.долларын татвар, роялти төлсөн. “Оюутолгой” төсөл эдийн засаг, нийгэмд өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлж байгаа гэдгийг эндээс харж болно. Нөгөө талаар мөнгөөр үнэлж боломгүй нэг зүйлийг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хэлсэн. Манай төсөлд ажиллаж байгаа 35 мянган хүний гадаад мэргэжилтнүүдээс сурсан мэдсэн зүйл, олж авсан ур чадвар, туршлагыг мөнгөөр үнэлэх аргагүй.

Энэ удаагийн форумаар бид одоо хамтран ажиллаж байгаа компаниуд, бидэнтэй хараахан хамтарч ажиллаж чадахгүй байгаа компаниудтай уулзаж, уурхайн “амьдралын” турш ямар боломж бололцоонууд гарах, тэр болгонд хэрхэн хамтран ажиллаж болох вэ гэдгийг ярилцах юм. Хэдийгээр худалдан авалтын 80 гаруй хувь нь дотоодод зарцуулагдаж буй ч үүний 50 хувь орчим нь Монголд үйлдвэрлэсэн, Монголоос гаралтай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ байна. Өөрөөр хэлбэл, бидний дотоодод зарцуулж байгаа мөнгөний тал хувь нь импортоор орж ирж буй бүтээгдэхүүний төлбөрт явж байна.  Бид энэхүү 80 хувийг бүрдүүлж  буй компаниудтай шаардлагатай бараа, үйлчилгээг Монголд үйлдвэрлэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцэж байна. Мөн 80 хувийг өсгөх тухай ч ярилцана.

Марко Пирэс:


Миний хувьд “Оюутолгой” төсөл, Монголын уул уурхайн түүхийн нэгээхэн хуудсыг бичилцэх хувь тохиосонд баяртай байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад маш олон гэрээлэгч компани уурхайн талбай дээр ажилладаг. Өнөөдрийн арга хэмжээ бол “Оюутолгой”-д ажиллаж буй компаниудтайгаа нийлж, нэгдсэн соёл, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн стандарт мөрдөж, арга зүй, удирдлагаар ханган ажиллаж байгаа. Ил уурхайн бүтээн байгуулалтын үед бий болгосон ханган нийлүүлэлтийн сүлжээн дээр түшиглэж гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлж байна. Нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалтад гадны томоохон компаниудыг авчирч, ихээхэн тоног төхөөрөмж, олон ажиллах хүчнийг гадаадаас авчирч байсан бол гүний уурхайн бүтээн байгуулалтын онцлог нь дотоодын ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниудад голлон түшиглэнэ. Мэдээж бидэнд олон улсын туршлагатай инженер бүтээн байгуулалтын зөвлөгөө өгөх компанийн дэмжлэг хэрэгтэй. Олон улсын инженеринг, бүтээн байгуулалтын зөвлөх үйлчилгээний компани газрын гадарга дээрх том тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, барилга бүтээн байгуулалтын ажил, менежментийг хариуцан ажиллаж буй ч худалдан авалтын бүх процессын хяналтыг “Оюутолгой” компани өөртөө авч үлдсэн. Ингэснээр бүтээн байгуулалтад дотоодын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд бид бодлогынхоо эрх мэдлийг авч үлдсэн гэсэн үг.

Гүний уурхайд эхний ээлжинд 50 км хөндлөн нэвтрэлт, хонгилын ажлуудыг гүйцэтгэх ёстой. Уурхайн нийт ашиглалтын хугацаанд нэмж 150 км хонгил ухаж, нэвтэрнэ. Гүний уурхайн босоо, хөндлөн нэвтрэлтийн ажлын менежментийг “Оюутолгой” компани өөрөө хариуцаж,  гэрээт,  туслан гүйцэтгэгч компанийн болон өөрийн үндсэн ажиллах хүчээр гүйцэтгэж байгаа юм. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр ханган нийлүүлэгчдэд боломж аль хэдийнэ гарч эхэлсэн. Цаашид улам өргөжиж, хөгжинө. Гүний уурхайн бүх бараа үйлчилгээг дотооддоо үйлдвэрлэх боломж бололцоог эрэлхийлэх болно.

Дотоодын ханган нийлүүлэгч компаниудад зарцуулж буй мөнгөний 50 хувь нь дотоодод үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээнд, үлдсэн нь импортоор гарч байна гэж хэллээ. Ил уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаагүй, гүний уурхайн бүтээн байгуулалтад шинээр нэмэгдсэн компани хэр олон байна вэ? Жишээ нь “Хишиг Арвин Индустриал” компани шинээр орж ирж байх шиг байна?  

Марко Пирэс: Гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явцад цөөн ханган нийлүүлэгч компанид өргөн боломж олгохоос илүүтэйгээр аль болох олон компанийг татан оролцуулахыг зорьдог. Жишээ нь, “Хишиг Арвин индустриал” нь Австралийн компанитай хамтраад амжилттай ажиллаж байна. Австралийн компани хяналт, сургалтыг хариуцаж, ноу хаугаа нэвтрүүлж байгаа бол “Хишиг Арвин Индустриал” гүйцэтгэлийг хариуцдаг. Жишээ нь налуу малтлага хийх тоног төхөөрөмж ашиглах оператор Монголд байхгүй тул Австралийн компани “Хишиг Арвин Индустриал”-ын операторуудыг сургаж бэлтгэснээр Монголын компани манай стандартын дагуу ажиллаж чадахаар болж байгаа гэсэн үг. Бидний зорилго бол ийм маягаар гадаадын түнш компани ноу хау, технологио Монголд нэвтрүүлж, дотоодын компаниуд суралцах боломж бүрдүүлэх юм.


Монголоос авч болохуйц, Монголд үйлдвэрлэж болохуйц том үнийн дүнтэй ямар бүтээгдэхүүн байж болох вэ? Шохойн чулуу, цемент зэрэг голлох бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэж байна. Үүнээс өөр юу байж болох вэ?

Стивен Жонс: Тодорхой жишээ дурдахаас илүүтэйгээр цаашид анхаарч ажиллах гол чиглэл нь Засгийн газар, ханган нийлүүлэгчид, “Оюутолгой” компанийн хамтын ажиллагаа маш чухал гэдгийг хэлмээр байна. Талуудын оролцоо, бодлогын дэмжлэг, хөрөнгө оруулалт, алсын хараа нийлж байж, Монголд үйлдвэрлэлийн нөөц чадавх бий болгоно. Ингэснээр урт хугацаанд ганц “Оюутолгой” компаниар зогсохгүй Монголын уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт, дотоодын үйлдвэрлэлийн сүлжээг бий болгох нь маш чухал.

Марко Пирэс: Гүний уурхайн бүтээн байгуулалтад маш их цемент шаардлагатай. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхдээ ил уурхайн үйл ажиллагаанаас суралцаад, ямар боломж бийг судалж байгаа юм. Ер нь цаашид гүний уурхайд шаардлагатай бараа, үйлчилгээг Монголоос авахад анхаарч ажиллана.


“Оюутолгой” компани дотоодоос эрчим хүч худалдан авах талаар гэрээнд тусгасан. Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчидтай Сингапурт уулзсан.  Ямар нэг шийдэлд хүрсэн болов уу?


Стивен Жонс:
Бид эрчим хүчний хэлэлцээрт шууд оролцдоггүй учраас хэлэх боломжгүй байна. Яриа хэлэлцээр үргэлжилж байгаа. Мэдээж дотоодоос эрчим хүч худалдан авах нь урт хугацааны бизнест маш чухал.


Уурхайд монголчуудыг ажиллуулахад хэрхэн анхаарч байна вэ? Ханган нийлүүлэгч компаниуд тань ажилтнуудаа өөрсдөө сонгон шалгаруулж авч байгаа юу? Ямар зарчмаар ажилтан авдаг вэ?

Марко Пирэс:
3000 орчим хүн ажиллана гэдэг нь бидний анхны тооцоо. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхлээд явахад өнөөдрийн байдлаар 3300 орчим хүнийг гүний уурхайн ажиллах хүч гэж тооцож, сургаж, бэлтгэж байна. Гэрээт компаниуд ногдсон ажлаа хийгээд явна. Цаашид энэ тоо 3300-3500-д хэлбэлзэнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй ажиллах хүчний 87 орчим хувийг монголчууд эзэлж байгаа нь өндөр хувь гэж бодож байна. Үлдэх хэсэг нь олон улсын туршлагатай мэргэжилтнүүд. Гүний уурхайд ажиллаж байгаа монголчуудын албан тушаалыг харвал олон тооны ахлах, нарийн мэргэшсэн, инженерийн албан тушаал дээр монголчууд ажиллаж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр гүний уурхайн шаардлагыг хангасан монголчууд бий болсон байна гэдгийг хэлэх хэрэгтэй.