2020 он гэхэд Хятад улс хийн хэрэглээгээ 374 тэрбум, олборлолтоо 220 тэрбум шоо метр тус тус хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
БНХАУ-ын “13 дугаар таван жил”-ийн төлөвлөгөөнд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нүүрсний хэрэглээгээ танахаар тусгаад байгаа билээ. Тодруулбал, тус улсын эрчим хүчний нийт хэрэглээнд нүүрсний салбарын эзлэх 64%-ийг 58% хүртэл бууруулахаар зорилт тавьсан юм. Нүүрсний хэрэглээг хийн хэрэглээгээр орлуулахдаа хийн салбарын одоогийн эзлэх 5,9%-ийг 10%-д хүргэхээр төлөвлөж байна.
Хятадын газрын тос, хийн төрийн өмчит CNPC корпораци, Оросын “Газпром” компанийн хооронд 2013 онд байгуулсан 400 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ 2017 оноос хэрэгжих учиртай. Учир нь тус гэрээ ёсоор Оросын Якутын газар нутгаар жил бүр 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятадад нийлүүлэх “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалт энэ жил дуусах төлөвлөгөөтэй.
Мөн талууд “Сибирийн хүч 2” чиглэлээр буюу Сахалины нутгаас жил бүр 30 тэрбум шоо метр байгалийн хий Хятад руу нийлүүлэх шинэ тохиролцоонд 2015 онд хүрсэн байдаг. Дэлхийн түүхий эдийн зах зээлийн таагүй байдлын улмаас түр хойшлуулаад байсан энэхүү хэлэлцээр өнгөрсөн хоёрдугаар сараас үргэлжилж эхэлснийг “Газпром” компани мэдэгдээд буй.
Э.Од