Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Бид популист хууль хийгээгүй, мэргэжлийн хууль хийж байгаа



The Mongolian Mining Journal /2017.02 099/

Ярилцсан Н.Ариунтуяа

Уул уурхайн тухай цоо шинэ хуулийн төсөл олон нийтэд ил болж, эсэргүүцэж шүүмжилсэн, дэмжиж сайшаасан олон өнцгөөс харсан санал дүгнэлт, байр суурийн дунд Ажлын хэсэг төслөө танилцуулж, салбартаа хэлэлцүүлж эхлээд байна. Салбарт  шинэ  зохицуулалт гарч ирж, бужигнуулах вий гэх болгоомжлол давамгайлж, эргэн тойронд нь олон асуулт тавигдаж буй энэ үед хуулийн төслийн талаар цогц тайлбар үгүйлэгдэж байх шиг. Иймд MMJ сэтгүүлийн редакци тэдгээр асуултад хариулт авахаар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт салбарын мэргэжилтнүүдээ төлөөлөн ажиллаж буй SЕSMIM төслийн зөвлөх М.Дагвыг урьж ярилцсан юм.


Бид 14 бүлэгтэй, 72 хуудас нүсэр хуулийн төсөл дэх реформын чанартай өөрчлөлтүүд, төрийг шүтсэн тогтолцооноос мэргэшсэн тогтолцоо руу явж байгаа асар том реформ, мэргэшсэн байдал, ЭБМЗ тойрсон асуудал, олон нийтийн оролцоо, хаалт, уурхайн зэрэглэл зэрэг шинэ содон зохицуулалт, өөрчлөлтүүдийг хөндөж ярилцлаа. Гэхдээ энэ дугаарт хуулийн төслийн үзэл баримтлал, нийтлэг үндэслэлийн талаарх хэсгийг хүргэж байна.  

Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт Та яагаад ажиллах болсон юм бэ? Ер нь яагаад гэв гэнэт Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулах болчихов?
Хуулийн төслийн араг ясыг анх босгохоос эхлээд өнөөг хүртэл Ажлын хэсэг ажилласаар байгаа. Ажил  дуусаагүй, цаашаа ч ажиллана. Яг одоогийн байдлаар хуулийн төслийн эхний хувилбарыг оролцогч талуудад танилцуулж, санал авах үйл явц өрнөж байна. Магадгүй багагүй хугацаанд үргэлжлэх байх.

Миний хувьд өнгөрсөн жилүүдэд уурхайн хаалтыг хуулийн түвшинд зохицуулалттай болгоно гэж Салбарын хурал чуулганууд дээр нэлээд ярьж танилцуулж явсан. Тэгэхэд надад хоёр том асуулт тулгарсан юм. Нэгдүгээрт, уурхайн хаалтыг бие даасан хуулиар шийдэхэд бусад хуультай яаж зохицуулж, уялдуулах вэ? Хоёр дахь нь Ашигт малтмалын хуультай яаж уялдуулах вэ гэдэг асуудал байсан. Тэр талаасаа бэрхшээл ч нэлээд гарахаар харагдаж байлаа. Гэхдээ уурхайн хаалт нь зохицуулалт зайлшгүй шаардсан чухал асуудал төдийгүй салбарт хүлээлт үүсгэчихсэн учраас гарцаагүй хийх ёстой байсан.

Энэ явцад их ч олон хүнтэй уулзаж, санал солилцсон. Уурхайн үйл ажиллагааны хамгийн сүүлийн шат болох нөөцийг ашиглаж дууссаны дараах асуудлыг л зохицуулах гээд байгаа юм байна гэж дийлэнх хүмүүс ойлгож байлаа. Ашигт малтмалын тухай хуулийг лиценз олгодог кадастрын хууль болчихжээ, хайгуул хийх, ашигт малтмал олчихоод ашиглалт эхлэх үеийн л асуудлыг зохицуулж байна, бусад харилцаан дээр зохицуулалт алга гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүс надаас Монгол улс тэгээд уурхай эхлүүлэх, дуусгах үеийг л зохицуулдаг хуультай улс болох юм уу, дундах асуудлууд нь яах юм гэж асуудаг.   Уул уурхай өөрөө маш том салбар учраас бүхэлд нь зохицуулна гэвэл асар том асуудал руу орох болно. Би ганцаар зориглож орж чадахгүй гэдэг байлаа.

Өнгөрсөн оны 10-11 дүгээр сар дамнан хоёр долоо хоногийн хугацаатай Канад улс руу явж, олон улсын түвшин дэх хаалтын зохицуулалтын талаар туршлага судалж, судалгаа хийсэн юм. Манай ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд байсан Х.Бадамсүрэн гуай, Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр нар ахалж, дээрх хоёр яам, Хууль зүй болон Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрыг төлөөлсөн нэлээд өргөн, чанартай бүрэлдэхүүн явсан. Канадын уул уурхай түлхүү хөгжсөн хоёр том мужаар орж, улсын хэмжээний болон мужийн түвшинд асуудал шийддэг яамд, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, олон талын байр суурийг төлөөлсөн хүмүүстэй уулзсан.
Ажлын хэсгийнхэн уурхайн хаалтыг яг яаж шийддэг, тусад нь зохицуулдаг уу, эсвэл уул уурхайн салбарын гол хуулийн түвшинд шийддэг юм уу гэдгийг байнга асууж явсан. Канад улсын хувьд Mining Act буюу Уул уурхайн хуулиараа зохицуулдаг  юм байна.

Канад дахь сүүлийн өдрөө ажлаа дүгнэж хуралдахдаа бид яг яах вэ гэдгээ ярилцсан юм. Ийм том бүрэлдэхүүнээр явж, өргөн дэлгэр мэдээлэлтэй болчихоод асуудлын зөвхөн нэг хэсгийг зохицуулах гэж явснаас Уул уурхайн хууль руу орох нь зөв юм гэдэг дээр санал нэгдсэн. Миний хувьд хэтэрхий нүсэр, асар олон талын асуудал, ашиг сонирхол хөндөгдөнө, түүнийг зохицуулах ёстой,   зөвшилцөл хэрэгтэй, улсын хэмжээнд биш гэхэд салбарын хэмжээнд ойлголцлоо нэгтгэх хэрэгтэй болно. Асар урт удаан хугацааны үйл явц болчих юм биш үү гэдэг саналаа хэлсэн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өөрөө шийдвэрээ гаргана гэсэн. Ажлын хэсэг ирээд тайлангаа тавихад шийдвэр нь Уул уурхайн тухай хууль хийнэ гэж гарсан юм.

Хаалтын асуудлаар олон жил судалгаа хийж, ойлголтоо цэгцэлсний хувьд, уурхайн хаалтын асуудал бусад асуудалтайгаа яаж уялдаж, холбогдох талаар нэлээд судалсны хувьд, уурхайн хаалтаар хязгаарлагдахгүйгээр салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжилтний хувьд асуудлыг олон талаас харж байгаа. Дээрээс нь хуулийг зөвхөн яамны ажилтнууд сууж байгаад хийхгүй, салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой хийнэ, тэр оролцоог төлөөлж Ажлын хэсэгт зайлшгүй орох хэрэгтэй байна гэсэн шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс надад дуулгасан. Ингээд л Ажлын хэсэгт орсон доо.

Уурхайн хаалтын зохицуулалтаас өөр Уул уурхайн хуулийг зайлшгүй хийх тулгамдсан нөхцөл шаардлага нь юу байсан юм бэ?
Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг дээр Уул уурхайн хууль яг юуг шийдвэрлэх хууль юм бэ гэдэг асуудал хамгийн түрүүнд яригдсан.
Монголын уул уурхайн салбар сүүлийн 5-6 жилд асар олон хурал, хэлэлцүүлэг зохиолоо. Тэр бүхэнд хамгийн олон давталттай түгээмэл яригддаг хоёр гурван асуудал байдаг. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хууль салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулдаггүйгээс маш их хийдэл гарч байгаа тухай шүүмжлэл. Хоёр дахь нь уул уурхайн мөчлөгийг алхам бүрээр нь хуульчлаагүйтэй холбоотой үүсээд буй ойлгомжгүй байдлууд салбарын хөгжлийг тушиж байгаа тухай шүүмжлэл.

Уул уурхайн асуудлыг цогцоор зохицуулах хуультай байх ёстой гэдэг байр суурийг их олон хүн янз бүрийн хэлбэрээр илэрхийлсээр ирсэн. Энэ санааг хөөн, салбарын олон хүнтэй санал солилцоход их олон жишээнээс хэд хэдэн зүйл маш тодорхой харагдсан. Монгол улсын хувьд хууль бол УИХ-ын түвшинд буюу төрийн шийдвэр гаргах хамгийн өндөр түвшинд гаргадаг бичиг баримт. Хуульгүйгээс ямар нэг цоорхой үүсч байгаа бол Яамд эрх мэдлийнхээ хүрээнд журам гаргаж болдог. Гэхдээ тэр журам хаа нэгтээ ямар нэг хуультай нүүр тулахад   журам хүчгүйдэж, асуудал шийдэгддэггүй тохиолдол түгээмэл юм байна.

Уул уурхай бол анзаарахгүй байх аргагүй том салбар. Болохгүй зүйл илэрхий байхад яагаад түүнийг анзаарахгүй, эсвэл үл анзаарсан дүр эсгээд байгаа юм бэ гэх ойлголтыг илэрхийлдэг “Өрөөн дотор заан байна” гэх хэллэг англи хэлтэн ард түмнүүдэд байдаг. Монгол улсыг нэг өрөө гэж төсөөлөхөд уул уурхайн салбар бол анзаарахгүй байхын аргагүй   том заан   юм. Журам хүчгүйдэхээр хүн бүр харж байгаа талаасаа асуудлыг шийдэхийг оролддог. Өөрөөр хэлбэл, бусад салбар, чиглэлийн хуулийг хэлэлцэж байх явцдаа энэ асуудал уул уурхай дээр ингээд байдаг, тэгэхээр ингэчихье гэх байдлаар уул уурхайн бус чиглэлийн хуулиуд дээр янз бүрийн зохицуулалт оруулаад явдаг.

Эндээс харахад уул уурхайн салбарт хуулиар зохицуулагдаагүй асар их цоорхой үүсчихэж. Түүнийг эндээс нь ч нэг зүйлээр, тэндээс нь ч нэг зүйлээр,  бүтээх гэж үзээд байдаг. Гэтэл уул уурхай талаасаа харж цогцоор шийдэх гэсэн юм байдаггүй. Гэтэл тэр айлын зовлонг тэр айл л мэднэ шүү дээ. Яг ийм нөхцөл байдлын  талаар олон жишээ татаж болно. Жишээлэхэд, Ашигт малтмалын тухай хуульд палеонтологийн олдворыг хамгаалах заалт бий. Түүнийг хэзээ, хаанаас ороод ирсэн заалт вэ гээд түүхийг   хөөхөөр яг саяных шиг юм ярьдаг. Монгол улс палентологийн олдвороо хамгаалах ёстой. Гэхдээ энэ нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулиараа ч юм уу явах ёстой биз дээ.

Монгол улсад уул уурхайн зориулалтаар газрын хэвлийг хөндөхдөө палентологийн олдвор олдвол энэ хуулийг дагана  гэдгээ тэр хуульдаа тунхаглах ёстой. Тэр тунхаглал нь байхгүй учраас өөр хуулийг хийх явцдаа  далимд нь өгүүлбэр нэмчихдэг. Уул уурхайн салбар зохицуулалт муутай юм байна гэж ойлгоод аль нэг салбарын хууль хэлэлцэх явцдаа уул уурхай болохгүй байгаа жишээ хэлэнгүүт Ашигт малтмалын тухай хуульд ч юм уу, эсвэл тухайн хуульдаа ингээд оруулчихъя гээд л тухайн үеийн бодогдсон бодол, харсан өнцгөөс асуудлыг зохицуулах байдлаар явчихсан.

Системтэй хараагүй учраас энэ нь салбарын тогтвортой хөгжилд эрхзүйн дэмжлэг болж чаддаггүй, харин ч олон жил даамжирсан ужиг өвчин шиг болчихож.

Салбар хуультай байснаар салбарын яамны дотооддоо хийх ажлын хувьд ч, бусад яамтай харьцаж ажиллахад ч өндөр түвшинд зохицуулалт болно. Гэтэл манай Салбарын яаманд олон жил хуримтлагдсан нэг том зовлон нь аль нэг яамтай асуудал ярихад манай хуулиар тэгдэггүй гээд тас цохигддог тохиолдол их олон юм байна. Өөр салбарын талаасаа харвал тэр нь зөв. Гэхдээ 100 хувь уул уурхайн салбарын буруу гэж хэлэх хэцүү.
Хуулийн орон зайд хуулиуд мөр мөрөө зэрэгцэн жагсаад тус тусын орон зайгаа эзлээд байж байх ёстой гэвэл тэнд Ашигт малтмалын тухай болон Газрын хэвлийн тухай хуулиуд салбарын асуудлыг бүрэн хэмжээнд цэгцтэйгээр хуулийн түвшинд гаргаж тавиагүй. Тиймээс бусад салбарын хуулиуд шахаад ороод ирсэн. Бусад яамд уул уурхайн салбар руу орж ажилладаг болчихсон байна.
Эдгээр нөхцөл байдлын улмаас ерөөс Уул уурхайн тухай хууль зайлшгүй байх ёстой юм байна. Тэгж байж салбар асуудлаа шийдэх юм байна гэсэн ерөнхий зөвтгөл гарч ирсэн.


Уул уурхайн тухай хууль Төр дангаар тоглох уу, хувийн хэвшилтэйгээ хамтарч тоглох уу гэдэг дүрмийг зохиож байгаа

Уул уурхайн тухай хуулиар тэгвэл яг ямар асуудлуудыг зохицуулах юм бэ?
Хууль байх ёстой юм байна гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсний ар дээр, тэгвэл дотор нь юу байх вэ гэдэг асуудал Ажлын хэсгийн өмнө босч ирсэн. Ажлын хэсэг бүтэн сар зөвхөн хуулийн араг ясыг ярилцсан. Цоо шинэ хууль гарч ирэх гэж байгаа учраас Ашигт малтмалын тухай хууль цаашид байх уу, байвал Уул уурхайн тухай хууль Ашигт малтмалын хуулиас том хууль уу, жижиг хууль уу, хэн нь хэндээ заах хууль байх юм гэхчлэн нэг бүрчлэн ярилцсан. Тэгэхэд хоёр асуудал хамгийн их хөндөгдсөн. Газрын хэвлийн тухай хууль ба Уул уурхайн тухай хууль хоорондын харилцаа. Ашигт малтмалын хууль ба Уул уурхайн тухай хууль хоорондын харилцаа.
Газрын хэвлийн тухай хуулийн нэг том асуудал нь БНМАУ-ын үед 1989 онд гарсан. Шинэ хууль хийчихээд дараагийн шатны ажлаа хийж амжаагүй байтал 1990-ээд он гарч, нэг хэсэгтээ анзаараагүй орхисон шиг байгаа юм. Ашигт малтмалын тухай хуультай болоод явахад яах аргагүй газрын хэвлийтэй харьцаад байдаг, Газрын хэвлийн хууль бас байж байдаг. Гэтэл Газрын хэвлийн тухай хуулийг хэрэгжүүлдэг Засгийн газрын бүтэц нь юу юм, агентлаг байх ёстой юу, үгүй юу гэдэг их ойлгомжгүй явж иржээ.
Уул уурхай бол газрын хэвлий рүү ханддаг олон салбарын зөвхөн нэг нь. Хог хаягдал, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан гээд газрын хэвлийтэй харьцдаг салбарынхан бүгдээрээ энэ хуулийг дундаа тавьж байгаад ярилцана уу гэхээс хэдэн уурхайчин гүйж очоод Газрын хэвлийн тухай хуульд гар хүрнэ гэж байхгүй гэж уул уурхайн салбар ойлгож явсан. Тэр утгаараа Газрын хэвлийн тухай хууль руу дангаараа орж байгаагүй байдаг.
Газрын хэвлийн тухай хууль руу орохоос аргагүй болоод судлаад явахад бусад нь  салбарынхаа хуулиудаар газрын хэвлийтэй холбогдох харилцаагаа зохицуулчихсан байсан. Тиймээс Газрын хэвлийн тухай хуулийн өөрчлөлт рүү орох сонирхол байдаггүй юм билээ. Ажлын хэсэг судалгаа хийгээд, Газрын хэвлийн тухай хуульд  салбарын өнцгөөс харсан асуудал дээрээ өөрчлөлт оруулаад явах эсвэл Уул уурхайн тухай хуулиараа зохицуулаад явж болох юм байна. Бүр хэрэглэхгүй гэвэл энэ хуулийг хүчингүй болгочиход бусад салбарынхан юм ярихгүй юм байна гэдэг ойлголтод хүрсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн хувьд аль нэг хэсэг газрыг уул уурхайн зориулалтаар ашигт малтмал хайх, ашиглах зорилгоор эргэлтэд оруулах, оруулахгүй байх харилцааг л зохицуулж байгаа юм байна гэж ойлгосон. Газрыг янз бүрийн зорилгоор эргэлтэд оруулж болно. Тэгэхэд тухайн зорилгоор эргэлтэд оруулах уу, оруулахгүй юу гэсэн харилцаа үүсдэг. Тэр харилцаа уул уурхайн салбарт юугаараа онцлог гэхээр зуслангийн газар авахтай адилгүй.
Нүсэр том хэмжээний ажил хийгддэг учраас Газрын тухай хуулиар шууд шийдчихэж болохгүй байгаа юм. Тиймээс ашигт малтмалын зориулалтаар эргэлтэд оруулахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хууль юм байна. Өгнө, өгөхгүй, өгсөн хойноо байгаль орчин, газар эдэлбэр, кадастртай холбоотой үүсдэг янз бүрийн харилцааг зохицуулж байгаа хууль юм.
Гэтэл уул уурхай бол бүхэл бүтэн салбар. АПУ-д пиво хийх эрхийг өгнө, өгөхгүй гэдэг нь Ашигт малтмалын тухай хууль. u
Харин пивоо эсгэх, савлах, шошго наах, градус   хэд байх нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа. Тэгвэл уул уурхай яг л тийм технологийн үйл ажиллагаа, процесс юм. Эхлээд ашигт малтмал байгаа эсэхийг хайна. Гэхдээ хууль бол хичээл биш учраас тэгж хай, ингэж хай гэж бичихгүй. Харин хайх ажил хийхэд хайж байгаа этгээдэд төртэй харилцах харилцаа үүсдэг. Тэнд үүсч байгаа янз бүрийн харилцааг л зохицуулах ёстой. Тэр нь бас Ашигт малтмалын хуульд хангалттай биш. Хайсны дараа энд байгаа зүйлийг авч ашиглаж болох эсэхийг   үнэлэх ёстой. Үнэлэхэд мөн л зөв буруу үнэлэхээс эхлээд янз бүрийн харилцаа үүснэ. Хуулиар зохицуулах ёстой олон харилцаа мөн л зохицуулагдаагүй байна.
Дараа нь уурхай болно гэвэл бүтээн байгуулалт хийгдэнэ. Гэтэл барилга барих харилцаанууд нь Барилгын тухай хуулиар зохицуулагдаад явчихдаг. Бусад салбар ороод ирсний нэг жишээ. Барилгын яам бол газар дээрх барилгаа л мэддэг. Гэтэл уул уурхай газар дор далд уурхай гэж маш том барилга барьдаг. Цас бороо ордог, салхи шуурга шуурдаг орчинд барилга барих асуудлыг зохицуулдаг журмаас огт өөр. Газрын доорх чулууны даралт ирдэг, нурдаг, аваар осол гардаг, тийм орчинд тэсч байдаг барилгын ажлыг норм норматив талаас нь бодсон ч газар дээрх барилгаас эрс өөр зүйл. Энд бас л маш их харилцаа хоосон байна.
Дараа нь уурхай ажиллуулна. Энэ явцад мөн л маш олон харилцаа үүсдэг. Уурхай орон нутаг хоёр, уурхай салбарын  яам хоёр гээд. Тэр олон харилцаан дотор бусад салбарын хуулиар зохицуулагдах нь юу юм, яг салбартаа зохицуулагдах нь юу юм. Тэнд дахиад л асуудал байна.
Эцэст нь хаалт бол хэзээ ч зохицуулж байгаагүй ор тас хоосон   орон зай. Тэгвэл энэ бүх үе шатанд үйл ажиллагаа явуулахад гардаг төрөл бүрийн харилцааг хуульдаа оруулж зохицуулъя гэдэг нь эхний шийдэл юм.


Хоёрт, журмын асуудал хөндөгдөж байгаа. Сүүлийн жилүүдэд зайлшгүй журамлах асуудал ихээр гарч, журам хийсэн ч өнөө журмууд Хууль зүйн яам дээр очоод унасан тохиолдол манай салбарт их гарчээ. Ийм журам байх ёстой гэсэн хуулийн үндэслэл алга, үндэслэлгүй журмыг зөвшөөрөхгүй гэдэг шалтгаанаар унадаг. Тиймээс Ажлын хэсэг Уул уурхайн тухай хууль хийхдээ бүх журмыг нэгэн зэрэг авч үзэж, хуультайгаа, хоорондоо ч уялдаатайгаар салбарынхаа журмуудыг далимд нь нэг сайн цэгцлээд авъя гэж харж байгаа.
Салбарын журмуудыг энд тэндхийн хуулиудын дор аваачиж зүүхээ больё. Уул уурхайн тухай хуулийг нэг том гацуур модтой зүйрлэхэд чимэглэлүүд нь журам юм. Тэд уул уурхайн хууль гэсэн нэг л модондоо өлгөгдөнө. Энд тэндээс олж ирсэн эрээвэр хураавар чимэглэлүүд зүүчихээр өнгөний хувьд ч, дизайны хувьд ч ядруухан харагдана биз дээ. Уул уурхайн хууль гээд хамгийн сүүлийн үеийн гоё сайхан мод тавья. Модныхоо чимэглэлийг нэг дизайнтай өлгөе. Хуульд гацууртай адил үзэмж гэж юу байхав, гол нь цогц зохицуулалттай болно гэсэн санаа. Ийм байдлаар бид хуулийнхаа араг ясыг босгосон.
Араг яс боссоны дараа уул уурхай руу түрээд ороод ирсэн бусад салбарын хуулийг яах вэ гэх асуудал тулгарсан. Одоо өөрийн гэсэн хуультай болж байгаа юм чинь хашаан доторхоо өөрсдөө хийе. Танай хуультай манай шинэ хууль ингэж залгагдаж, холбогдъё гэж ярих асуудал гарч ирнэ. Энэ нь их эмзэг асуудал. Хуулиар түрий бариад уул уурхайн салбар руу ороод ирсэн салбар олон байна. Та нар зохицуулж чадахгүй учраас бид зохицуулъя гээд цоорхойгоор ороод ирсэн хэрэг. Хоёрт, уул уурхайн салбар унацтай гэж хараад орж ирсэн. Манай энэ хуулийн дагуу уул уурхайн салбарт ийм зөвшөөрөл өгнө, энэ журмын дагуу манайхаас гарын үсэг авна гэдэг.
Салбарын цогц хуульгүйг далимдуулаад маш олон салбар түрээд ороод ирсэн учраас уул уурхайн дундаж компани жил бүр 120-150 гарын үсэг цуглуулдаг. Бид энэ бүхний цаана хүнд суртал, авилга бий гэж харж байгаа. Цаана нь авилга байна гээд санаагаараа хэлчихээгүй. Өнгөрсөн жил “Хараат бус судалгааны хүрээлэн” (IRIM)-гээс уул уурхайн салбар дахь авилгын эрсдэлийн судалгаа хийж, 15 үе шатанд авилгын эрсдэл байгааг тодорхойлсон. Уг судалгааны тайланг уншаад үзэхээр салбарын зохицуулалтууд маш ойлгомжгүй, тодорхойгүй юм байна, тэр тодорхойгүй байдлыг хүмүүс хүссэнээрээ тайлбарлаад, авилга хүнд суртал үүсгэдэг юм байна гэсэн ерөнхий нэг том дүгнэлт өгсөн  нь ойлгогддог.  
Уул уурхайн салбар руу түрж орж ирсэн хуулиудыг хашаанаасаа бүрэн шахаж гаргахаасаа илүүтэй тодорхой хэмжээнд арагшлуулж түрээд, манай салбар хуулийнхаа дагуу ийм асуудлуудаа өөрсдөө шийднэ гэж хэлэхийг оролдож байна. Өөрсдөө шийднэ гэдэг нь дураараа дургина гэсэн үг биш. Хоёр хууль холбогдож байгаа учраас хоёр талаас хяналт яаж тавихаа зохицоод явах нь дангаар  хийх гэж оролдсоноос илүү үр дүнтэй, илүү авилгын эрсдэл, хүнд суртал бага. Тэр хэрээр уул уурхайн компаниудын хөгжлийг дэмжсэн, уул уурхайн салбараас Монгол улсад орох татварын орлогыг дэмжсэн өндөр түвшний зохицуулалт болно гэж тохирохгүй бол чи идэж байсан юм чинь одоо би иднэ гэж тохирохгүй. Үүнийг их бодож байна. Арай боловсронгуй, арай илүү үр ашиг авчрах зохицуулалт гаргаж тавьж байж л одоо та нар жаахан ухарчих   гэж ярина шүү дээ. Түүнийг нэлээд хэдэн хууль дээр харж ажиллаж байгаа.


Төр бүгдийг мэднэ, шийднэ гэдэг томьёолол энэ хуульд маш бага

Хуулийн нэг том өөрчлөлт нь төрийн эрх мэдэл, зохицуулалтаас нэлээд зайлсхийсэн мэт санагдсан?

Уул уурхайн хууль салбарын гол хууль юм бол салбарын тогтолцоо ямар байхыг гарцаа байхгүй тодорхойлно. Энэ нь яам дотроо тэдэн хэлтэстэй байхыг зааж байгаа хэрэг биш, илүү өргөн хүрээтэй, институцчилэгдсэн тогтолцооны тухай ойлголт юм. Улс орнууд зарим нь яагаад сөнөж мөхөөд, зарим нь яагаад хөгжиж дэгжээд байна вэ гэдэг сэдэв Монголд хоёр гурван жилийн өмнө нэлээд хүчтэй яригдсан. Хариулт нь институцчилэгдсэн тогтолцоо сайн байвал ямар ч тэнэг, ухаантай, шударга, хулгайч хүн гарч ирэхээс үл хамааран тэр улс хөгждөг. Институцчилэгдсэн тогтолцоо нь буруу байвал ерөнхийдөө тэр улс уруудаж доройтох зам руугаа явдаг юм байна.
Манайд төрийн эрх ашгийг тунхагласан хуулиуд их хийдэг. Дарга, Засаг дарга, байцаагч, мэргэжилтэн ингэнэ, шалгана, торгоно, хаана, цуцална гэдэг хэлээр бичигддэг. Уул уурхайн тухай хууль бол бидний харж байгаагаар Төр дангаар тоглох уу, хувийн хэвшилтэйгээ хамтарч тоглох уу гэдэг дүрмийг зохиож байгаа. Зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй Монгол улс даяараа Төр дангаараа тоглодог тогтолцооноос нэг алхам урагшлахыг зорьж байна. Түүнийгээ төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж томьёолсон. Гэхдээ гүйцэд хийж чадахгүй л явна. u
Ерээд онд зах зээлд шилжихэд хүн бүхэн ганзагын наймаанд явсан. Зах зээл рүү оръё гэдгээ томьёолсон, тэгээд чаддаг чаддагаараа явсан нь тэр. Өнөөдөр хүн бүр ганзагын наймаанд явахгүй байгаа нь зах зээлийн нийгмээс татгалзсан юм биш. Түүнийг илүү институцчилэгдсэн буюу компанийн түвшинд хийж чаддаг болсон гэсэн үг. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг Монголд тунхаглахад яг л ганзагын наймаа маягаар явчихсан. Уул уурхайн салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа яаж явах вэ? Ганзагын наймаачдын оронд том компаниуд гарч ирсэн шиг төр хувийн хэвшлийн түншлэлийг институцчилэх асуудлыг уул уурхайн салбарт яаж хийх вэ гэдгийг энэ хуулиар томьёолохыг оролдож байна.
Төр бүгдийг мэднэ, шийднэ гэдэг томьёолол хуульд маш бага. Гол тоглогчид яам, компаниуд, мэргэжлийн холбоо, институтууд. Уул уурхай орон нутагт хэрэгждэгийн хувьд аймаг, сум, тэнд амьдардаг иргэдийн дуу хоолой тодорхой схемээр орж ирнэ. Энэ бол Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи 27 жилд олж авсан нэг ололт юм. Даргыг хэт шүтдэг эсвэл хэт үгүйсгэдэг тогтолцооноос салж, дарга байх ёстой гэхдээ бурхан биш, би эрх чөлөөтэй гэхдээ дураараа дургиад байж болохгүй, дундаа уулзана гэдэг ойлголт уул уурхайн салбарт яаж зохицуулагдахыг бид гаргаж тавьж байгаа. Миний бодлоор, хуулийн хамгийн том реформ энэ.
Тэр харилцаан дотор орон нутгаас санал авах асуудал хөндөгдөнө. Монгол улс юу туршаад байна гэхээр яамны сайд, агентлагийн дарга гарын үсэг зураад уурхайн асуудлыг шийдсэн чинь ард түмэн эсэргүүцсэн. Тэгэхээр нь болиод ард иргэдээсээ асуудаг болъё гэлээ. Баруун хязгаарт байсныг зүүн хязгаарт аваачаад тавьчихсан. Үр дүнд нь бүгд уул уурхайг эсэргүүцсэн. Одоо асууж болдоггүй юм байна, буцаад дарга бүгдийг шийддэг болгоё гэж байна.
Бидний хувьд тэгж болохгүй, бид чинь хөгжиж байгаа ард түмэн, зөвлөлдөх янз бүрийн механизмууд Монголд ороод ирлээ, тэр механизм руу нь оруулъя гэж байгаа юм. Зөвлөлдөнө гэхээр хэдэн малчин суулгачихаад хэдэн дарга давхиж очиж баахан юм ярьчихаад явснаа зөвлөлдсөн гээд хаа нэг газар галочка тавихыг хэлээгүй. Зөвлөлдөнө гэдэг нь зөвхөн дарга малчин хоёрын асуудал биш. Яагаад салбарын яам компани хоёр зөвлөлдөж болдоггүй юм. Яагаад салбарын холбоо яам хоёр зөвлөлдөж болохгүй гэж. Яагаад салбарын мэргэжлийн холбоод компанитай зөвлөлдөж болохгүй гэж. Мэргэжлийн түвшний зөвлөлдөх асуудлууд байна шүү дээ. Түүнийг хийхийг оролдсон ч зорилгоо ойлголгүй хийчихснээс гажуудаж шүүмжлэл хүлээдэг зүйл манай салбарт хэтэрхий их байна. Энэ бүгдийг засъя л даа.
1997, 2004, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиуд бүгд л тодорхой харилцаануудыг зохицуулсаар ирсэн. Тэр хооронд салбар ч хөгжлөө. Салбар хөгжөөд нэг шатанд ирсэн юм бол салбарын зохицуулалтыг тэр шатанд нь, болж өгвөл арай дээхнэ түвшинд аваачъя. Тэгэхийн тулд ямар харилцаануудыг илүү боловсронгуй болгох, ямар аятайхан зохицуулалтууд суулгах вэ гэж ажиллаж байна.
Ажлын хэсгийн дотроо ярьж байгаа нэг зүйл нь бидний яриад байгаагийн магадгүй ихэнх нь зөв байх. Гэхдээ шууд дэмжигдээд хүн бүхэн сайшаагаад, ямар сайхан хууль вэ, ганц сайхан хуультай болчихлоо гэхгүй нь мэдээж. Зохицуулалтгүй олон жил явахаар тэр орон зайд аргаа олоод амьдраад ирсэн бүл бий болчихдог. Аягүй бол тэр бүл хоолноосоо сална. Магадгүй тэд хүчтэй байж болно. Эсэргүүцэж болно.
Тэр том давлагааг даваад гарчихвал их зүгээр юм гэж бодож байгаа. Харин давж гарахын тулд зайлшгүй хийх ёстой, хийхийг оролдож байгаа реформын шинжтэй зүйлсээ нийгэмд, бүх талуудад их сайн ойлгуулах ёстой юм байна. Нийгмийн зөвшилцөл хийж, нэгдсэн ойлголттой болж байж энэ хууль араг ясаа эвдэлгүй гарч, салбараа цааш нь авч явах юм байна гэж харж байгаа.
Ажлын хэсгийн зүгээс хууль хэзээ батлагдана, тэр хүртэл ойлгуулах, хэлэлцүүлэх ажлаа өрнүүлнэ. Хууль хэзээ батлагдахыг Ажлын хэсэг биш УИХ мэднэ.
Тэр болтол нэг ч өдөр зүгээр суухгүй ойлголтуудаа тайлбарлая, талуудын санаа оноог сонсъё гэж төлөвлөн ажиллаж байна.

Асуудлыг институцчилж өгөх гэж байхад хөрөнгө оруулагчдын нүдэнд яахаараа муухай харагдана гэж?

Уул уурхайн салбарыг цогц эрх зүйн зохицуулалттай болгох асуудал өнөөдөр л яригдаж байгаа шинэ зүйл биш. Улс орны эдийн засаг хүнд, уул уурхайн үйл ажиллагаа унасан, хөрөнгө оруулалт татарсан ийм үед энэ хуулийг яагаад хийх ёстой юм бэ? Цаг хугацааны хувьд яагаад өнөөдөр гэж?  
Би ч бас энэ асуултыг өөрөөсөө асуусан. Уурхайн хаалтын хууль хийнэ гээд явж байснаа одоо уул уурхайн хууль хийх нь зөв гээд ярьчихсан сууж байна. Энэ том зүйл рүү орохоос өмнө ихийг бодсон. Би энэ салбарт хэн билээ? Энэ хуулийг хууль болгон гаргаж чадахгүй бол миний мэргэжлийн карьер, салбарын нэр хүнд,бизнест яаж тусах вэ гэдгээс эхлээд ахуй дээрээ хүртэл бодно. Мэдээж салбартайгаа, хөгжилтэй нь холбож бодно. Ингээд бодоход энэ хуулийг хийх нь зөв юм   гэдэг итгэл үнэмшил улам батажсан.
Хоёр дахь өөрөөсөө асуусан зүйл бол цаг нь мөн үү? Бас л олон талаас бодсон. Хамгийн эхний няцаадаг зүйл нь монголчууд та нар байсхийгээд л хуулиа сольдог. Одоо дахиад л шинэ   хууль ярьж байна. Монгол руу хөрөнгө оруулалт татъя гээд зорьж ядаж байхад дахиад нэг хууль яриад эхлэхээр хөрөнгө оруулагчид эргэлзчих юм бишүү, үргээд явчих юм бишүү гэдэг. Дургүй зүйлээ дарж авдаг хамгийн том лантуу энэ болчихоод байна.
Нарийндаа ингэж ярьдаг ч Ажлын хэсэг дээр цуглуулсан баримтуудаас үзэхэд, хэтрүүлж хэлэхэд Ашигт малтмалын тухай хуульд ёстой л УИХ хуралдсан өдрийн тоогоор гар хүрч, хэрэгтэй хэрэггүй өөрчлөлт хийсэн, хийж байдаг юм байна.
Хоёрт, Монгол улсад хөрөнгө оруулагч орж ирэхдээ цөөн хэдэн зүйл л хардаг. Нэгдүгээрт энд баялаг байна уу, хоёрдугаарт энэ баялгийг олборлочихвол гаргаад зарах зах зээл байна уу? Монгол баялагтай, Хятадын хажууд байна гээд   хоёр асуултад нь хариулчихлаа. Гурав дахь асуулт нь засаглалын хувьд ямар улс вэ? Манай улс засаглалын хувьд супер улс биш, дундаас хойхнуур явдаг. Засаглал муу гэдэг нь хуульчлагдсан институцчилэгдсэн байдлаар биш хувь хүн үзэмжээрээ ажилладаг гэсэн үг. Тэгэхээр бид харин ч энэ асуудлыг институцчилж өгөх гэж байхад хөрөнгө оруулагчдын нүдэнд яахаараа муухай харагдана гэж.
Өөр нэг түгээмэл гардаг асуулт нь бас л төрийн хүнд суртлыг нэмсэн, уул уурхайн компанид учирдаг эрсдэлийг нэмсэн хууль болох юм бишүү гэдэг. Ажлын хэсэг хамгийн эхний хурал дээрээ дахиж шинээр тусгай зөвшөөрөл бий болгохгүй гэж ярилцсан. Тусгай зөвшөөрлүүд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тэгвэл Уул уурхайн хууль тэр тусгай зөвшөөрөл авсан этгээдийн үйл ажиллагаагаа явуулахад үүсч байгаа харилцааг зохицуулах юм.
Харин ч Уул уурхайн тухай хуулийг хийнгээ компаниудад учирдаг хүнд суртлыг багасгахыг Ажлын хэсэг хичээж байгаа. Уул уурхайн компаниудын хийдэг ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гээд бүгдийг жагсааж үзлээ. Уул уурхайн хуулиа зөв хийгээд, бусад хуулиуд хил давж орж ирснийг буцааж жаахан түлхэнэ гэж ярихдаа бид хоёр гурван бичиг цаасны ажлыг ганц болгох, арван хэдэн гарын үсгийг гурав болгочихыг зорьж байгаа.
Тэгэхээр бид хөрөнгө оруулагч айх хэмжээний юм хийх гээгүй байгаа биз. Хүнд суртал нэмэхгүй, одоо байгааг аль болох багасгая. Одоо мода болоод байгаа нэг цонхны үйлчилгээ шиг салбарыг нэг цонхоор зохицуулах хууль хийх гэж байгаа хүмүүс яахаараа буруутдаг юм гэж бас бодож байна.
Цаг хугацаа талаас нь бодоход, аливаа Засгийн газар гарч ирээд хийх ажлуудаа эхний хэдэн сардаа томьёолдог. 2016 онд засаг солигдлоо. УИХ дээр томоохон реформ хийчих хэмжээнд нэг нам нь суудалтай болчихлоо. Уул уурхай популистуудын гарт үрэгдчих гээд байдаг салбар. Магадгүй популистууд УИХ-аас гарчихсан дээр нь энэ хуулийг хийж авах нь хамгийн зөв цаг байх. Бид популист хууль хийгээгүй, мэргэжлийн хууль хийж байна. Гэхдээ мэргэжлийн хуулийг популистууд унагаагаад, популист хуулиар манай салбарыг зохицуулах гэж оролддог зовлон хүмүүсийн тархинаас арчигдаагүй байгаа байх.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарыг илүү мэргэшсэн, хариуцлагатай салбар болгохыг тунхаглаж байгаа юм бол тэр зохицуулалтыг бий болгосон хууль хийх нь цагаа  олсон  ажил  гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ерөөсөө цаг үе нь өнөөдөр юм байна.
Яагаад ийм хүнд үед хийх гэж байгаа юм бэ гэж асуулаа. Хүнд биш үед хийнэ гэвэл харин их хэцүү. Уул уурхайн салбараас асар их мөнгө, орлого олох үед энэ салбарт маш олон ашиг сонирхол ороод ирдэг. Бүгд маш их анхаарчихдаг учраас хуулийн заалт болгон мөнгө болж харагддаг.
Хүнд үед бол зарчим л ярьдаг. Зарчмын хувьд энэ нь зөв гэж ярьдаг. Дийлэнхийн  анхаарал суларчихсан ийм үед зарчмын асуудал илүү тодорч товойж харагдаж шийдэгддэг. Эрдсийн үнэ өсч, улсын төсөв давж байгаа  үед салбарын суурь асуудлыг хардаггүй, дээгүүр нь өөр юм хараад байдаг. Харин одоо л ийм хүнд үед асуудлыг сууриар нь гаргаж ирээд, шийдээд авчихвал тэр айхтар цаг үе ирээд савлуулахыг оролдсон ч ганхахгүй байх суурь нь энэ хууль юм.

2013 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар Ашигт малтмалын хуулийн төслийг хоёр жил боловсруулсан гэсэн нь цаанаа асар их судалгаа хийгдсэн байх гэдэг итгэл үнэмшил төрүүлж байсан. Гэтэл энэ хуулийн төслийг арваннэгдүгээр сард Ажлын хэсэг байгуулаад нэгдүгээр сарын сүүлээр анхны хувилбарыг хэлэлцүүлэгт гаргачихлаа.

Түүхий юм бишүү, цаана нь ямар суурь судалгаа байгаа юм бол гэсэн эргэлзээ төрж мэдэх юм? Хуулийн төслийн ард ямар судалгаанууд байгаа вэ?  
Саяын хэлсэн 2013 оны шинэчилсэн найруулгын төсөл өөрөө маш том суурь нь. Би ч бас тэр хуулийн төслийн хаалтын хэсэг дээр зөвлөж ажилласан. Тухайн үедээ их сайн хууль байсан, хайран юм даа гэж харамсаж байлаа. Сая Ажлын хэсэг тэр хуулийн төслийг татаж авчраад уншихад, энэ хуулийн төсөлд байгаа реформын шинжтэй том өөрчлөлтүүдийг хийхэд тэр цаг үе арай өөр байж. Бид түүнээс хойших хэдэн жилийн сургамж авсан учраас арай илүү харж байгаа юм байна гэж бодогдсон.
Хоёрт, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Монголд судалгаагүй хууль хийх боломжгүй болсон. Миний ярьсан бүхэн ямар нэг судалгаагаар хөндөгдсөн, хурал зөвлөгөөнөөс дүгнэлт болж гарсан зүйлс. 2010 оноос хойш Монголд зохиогдсон тэр бүх хурал, тэндээс гарсан бүх  зөвлөмжийг цуглуулж, энэ нь хуульд ингэж орж ирж байгаа юм байна гэх байдлаар хүртэл бид харж байгаа.
Цоо шинээр институт байгуулаад, судлаад, гурван жилийн дараа энэ хуулийг хийнэ гэвэл худлаа. Харин Ажлын хэсэг ажиллангаа цугларч болох бүх материалыг татаж авч үзээд, түүнийгээ хэлэлцээд, дотроо зөвшилцөлд хүрснээ олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж байгаа нь эрүүл саруул процесс юм.
Ажлын хэсгийн нэг сайн зүйл нь дотоод хэлэлцүүлэг их сайн хийж байгаа. Зөвхөн Канадад хийсэн туршлага судлах аялалаар хязгаарлалгүйгээр Монголд бодлогын чиглэлээр зөвлөгөө өгөх боломжтой бүх талуудаас хүмүүс ирж Ажлын хэсэг дээр танилцуулга хийж, янз бүрийн санаанууд хэлж байгаа. Тэр бүхэн бидний явж байгаа зам зөв гэдэг итгэлийг улам бүр бататгаж байна.
Ажлын хэсэг энэ хуулийг вакумжиж хийнэ гээгүй.  УУХҮЯ, АМГТГ, уул уурхайн компаниудад энэ салбарын зовлонг туулаад ирсэн маш олон хүн ажиллаж байна. Ажлын хэсэг тал тал руу явж маш олон хүнтэй уулзаж ярилцаж, судалгаа авч байна. Асуудлыг ингэж харж байгаа нь зөв үү? Шийдэл нь энэ гэж харж байгааг юу гэж бодож байна гэж асууж байгаа. Үнэхээр та нар ингээд хийчихдэг бол сайхан л байна гэж бас хүмүүс хэлж байна. Энэ бүхэн хуулийг хийх явцдаа зөвлөлдөж, судалгаагаа батжуулж байгаа хэрэг юм.
Ажлын хэсэг хуулийн төслийг, Хуулийн хэрэгцээ шаардлагын судалгаа, Хууль бий болсноор нийгэмд үзүүлэх эерэг сөрөг нөлөөллийн судалгаа, Хууль гарснаар компаниуд болон улсын төсөвт учрах зардал, нэмэлт ачааллын судалгаа зэрэг судалгаатай хамтад нь Засгийн газарт өргөн барихаар бэлдэж байгаа. Хэдэн хүн сууж байгаад санаанаасаа зохиож хууль хийчихлээ гэж болохооргүй их ажил ард нь явж байна.
Монголын хөрсөн дээр Уул уурхайн тухай хууль буугаад хэдэн жил туршигдаг. Тэр хугацаанд Ашигт малтмалын тухай хууль салбараа ганхуулахгүй байж байг

Уул уурхайн салбарын үйл ажиллагааг цогцоор нь мөчлөг тус бүрийг орхигдуулалгүй иж бүрэн зохицуулах гэж байгаа юм бол Ашигт малтмалын хуулиа дотор нь оруулчихаж болоогүй юм уу? Тусгай байх нь зөв гэж үзсэн үндэслэл нь юу юм бэ?
Ажлын хэсэгт янз бүрийн байр суурьтай хүмүүс байсан ч бид нэг зүйл дээр их ойртож санаа нэгдсэн нь Ашигт малтмалын тухай хууль биеэ даагаад лицензийн асуудлаа зохицуулах нь зөв юм байна гэдэг шийдэл. Яагаад гэвэл энэ нь их эмзэг харилцаа. Цаашдаа ч УИХ Ашигт малтмалын тухай хууль руу орсоор байх болов уу. Энэ хоёр хуулийг нийлүүлчихвэл Ашигт малтмалын тухай хуулийн шуурганд Уул уурхайн тухай хууль байнга өртөж өөрчлөгдөж байдаг хууль болчих талтай. Лавтай ойрын хэдэн жилдээ. Тэр утгаараа тусдаа байх нь зөв гэж шийдсэн. Хоёрт лиценз олгох эсэх тухай асуудлыг тусад нь зохицуулчихаад, уул уурхай доторх асуудлаа Уул уурхайн тухай хуулиар зохицуулдаг улс орны жишээнүүд байна. Тусдаа нь ч, нийлсэн нь ч байна.
Манай өнөөгийн нөхцөлд энэ олон жилийн турш чадан ядан төлөвшиж яваа Ашигт малтмалын тухай хуулийг байхгүй болгох, Уул уурхайн тухай хуульд аваачиж хийх нь харин ч салбарт тогтворгүй байдал үүсгэж магадгүй. Тийм логикоор бодоод тусдаа байх нь зөв юм гэж үзсэн.   
Ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд Уул уурхайн тухай хуулийг их сайн хууль болох байх гэж бодож байгаа. Гэхдээ сайн хууль болсон эсэхийг амьдрал харуулна. Ойрын арван жил ч юмуу харуулах байх. Магадгүй муу хууль хийсэн бол, чиний оролцож хийсэн хууль хог болжээ гээд нэг өдөр цуцаллаа гэхэд Ашигт малтмалын тухай хууль нь үлдэх юм. Бас нэг талаараа туршилт.
Уул уурхайн тухай хууль батлагдвал эхний хэдэн жилдээ ганц хоёр өөрчлөлтүүд ороод явах байх. Хууль тэгдэг биз дээ. Байнгын ажиллагаатай парламенттай байхын нэг давуу тал нь болохгүй бол хүссэн өдрөө ээлжит бус чуулган зарлаад ч хамаагүй нэг хуульд өөрчлөлт хийж болоод байна. Түүнд найдаж байна. Монголын хөрсөн дээр Уул уурхайн тухай хууль буугаад хэдэн жил туршигдаг. Тэр хугацаанд Ашигт малтмалын  тухай хууль салбараа ганхуулахгүй байж байг. Тэгээд хойч үе шийдэг. Ах нарын хийсэн эдгээр хууль салангид байх нь дэмий байна, нийлүүлэх цаг нь болжээ гэж үзвэл нийлүүлэг гэж бодоод яаран нэгтгэхийг бодоогүй.

Хууль хэрэгжих бүтцийн асуудлыг та түрүүн хальт дурдаад өнгөрлөө. Ашигт малтмал, газрын тос, цөмийн энергийн хуулийг хэрэгжүүлдэг бүтэц нь манайд байна. Тэгвэл Уул уурхайн хууль батлагдвал ямар бүтэц байх юм бэ? Эсвэл огт шаардлагагүй юм уу?
Ажлын хэсэг энэ тухайд нэлээд чөлөөтэй сэтгэж байгаа. Агентлаг маань одоогоор юу хийж байна вэ гэдэг асуултыг бид тавьсан. Уул уурхайн  тухай хууль гарснаар салбар хөгжлийн дараагийн шатанд гарах юм бол одоогийн агентлагт ажиллаж байгаа хүмүүсийн хийдэг ажил өөр болох уу? Ажлаа хийсээр байх уу? Зарим ажлыг мэргэжлийн холбоод авах юм уу? Зөвлөхүүд хийх үү? Тэр зарчмаар зарим ажлыг төсвийн бус аргаар шийддэг болчихвол төсвөөс цалинждаг ийм олон хүн байхгүй болж улсын төсөв данхайхгүй байх давуу тал гарч болох юм. Тийм өнцгөөр хуулийн бүлгүүдэд нэлээд заалт оруулж бичсэн.
Нөгөө талаар Ховдод ажилладаг уурхайн компани нэг төлөвлөгөө батлуулахын тулд 1500 км давхиж Улаанбаатарт ирэх ёстой юу. Арванхоёрдугаар сард тайлангаа өгөх, нэгдүгээр сард төлөвлөгөө батлуулах гээд Улаанбаатарын түгжрэл, утаан дунд проблем дээр проблем нэмээд байх нь зөв тогтолцоо мөн үү. Монгол улс бүсчилсэн хөгжил гэж яриад байгаа билүү, үгүй бил үү. Засаг солигдоод үлгэр болчихсон уу, эсвэл Монголын хууль гурав хоног гэдэг шиг болчихсон уу гээд Хөгжлийн хууль зэргийг  харж байгаад уул уурхайн асуудлыг шийддэг агентлаг яагаад бүсчилсэн байж болохгүй гэж. Анхан шатны асуудал яагаад орон нутагт шийдэгдэж болдоггүй юм. Яагаад заавал нэг мэргэжилтэн эндээс бүх асуудлыг шийдэх ёстой юм бэ гэж харсан. Нөгөө талаас өнөө мэргэжилтнээс Ажлын хэсэг ажлаа бардаг” эсэхийг асуусан. Монгол улсын бүх уурхай чамд төлөвлөгөөгөө аваад ирлээ. Нэг төлөвлөгөө 40 хуудас. Зуун компанийн төлөвлөгөө ирвэл хэд болох вэ, та ажлаа чанартайгаар хийж чадаж байна уу гэдэг асуудал руу хүртэл орж байна.
Одоогийн тайлан, төлөвлөгөө өгч, ТЭЗҮ хүлээж аваад байгаа энэ тогтолцоог хэн зохиосон юм, яагаад өнөөдрийн байдалд хүрчихэв. Энэ байдлаар нь үлдээх ёстой юмуу, хөгжлийн дараагийн шатанд гаргах ёстой юм уу? Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэж байгууллагыг Монголоор нэг муулсан хараасан байдалтай байна. Тэгвэл үүнийг шийдэх арга нь юу юм бэ. Яам ямар тогтолцоо, үүрэг хариуцлагатай байх юм. Яагаад заавал Улаанбаатарт энэ ажлыг хийх гээд байгаа юм. Заримыг компани дээр очоод хийж болдоггүй юм уу гэх мэт зарчмын асуудлыг ярьж байгаа.
Ийм том зарчмууд хуульд суугаад ирэнгүүт араас нь хоёр дахь алхам нь хуульд нийцүүлэн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудыг өөрчлөн шинэчлэх явдал. Гурав дахь нь ийм орчинд арай өөр дүрмээр тоглох гээд байгаа шүү гэдгээ нийгэмд ойлгуулж, сэнхрүүлж, энэ хуулийг барьж ажиллах бүх хүмүүсийн тархинд нь суулгах ажил хийгдэх юм.
Нарийндаа яривал Монголд өмнө нь хууль бичээд л, батлаад л орхичихдог явдал цөөнгүй байсан. Хуулийг бичсэн хүн л яах гэж бичсэнээ ойлгодог. Гэтэл түүнийг нь аль нэг аймаг, ямар нэг уул уурхайн компани дээр хэрэгжүүлж байгаа хүн өөрийн өнцгөөс харж, өөрт ашигтайгаар хэрэгжүүлдэг. Үүнээс болоод Монголд хууль хэрэгждэггүй, хэрэгждэггүй олон хуультай гэдэг асуудал гардаг. Хууль л хийчихвэл болно гэж бодоод байсан, гэтэл болдоггүй юм байна. Хуулийг хийхдээ хэрэгжүүлж ажиллах институцчилэгдсэн тогтолцоог бодож бичих ёстой. Одоо байгаа тогтолцоогоороо бодоод биччихвэл болохгүй юм байна гэж харж байгаа.
Үүнийгээ Салбарын яамны төлөвлөгөөтэй яаж уяж харж байгаа вэ гэхээр 2017 онд хуулиа цэгцэлнэ. 2018 онд хуулийг хэрэгжүүлэх орчин, институцчилэгдсэн бүтэц, хуулийг дагаж гарах журмууд руу анхаарна. 2019 оныг салбарын хэмжээнд хуулийг хүн бүр үзэмжээрээ тайлбарлах биш хуулийн орчноо зөв ойлгуулах жил гэж харж байгаа. Монгол улс ашигт малтмал дээрээ тулгуурлан хөгжлийн дараагийн шатанд гарах гэж байгалийн баялгаа ашиглаж байгаа болохоос турж үхэхгүйн тулд ашиглаагүй. Турж үхэхгүйн тулд 60 сая мал байгаа. Ямар ч муу цаг ирсэн биднийг үхүүлэхгүйн баталгаа. Гэвч  уул уурхайн салбарыг сүүлийн хэдэн жил турж үхэхгүйн тулд ашиглаж ирлээ.
Уул уурхай Монгол улсыг хөгжлийн дараагийн шатанд гаргах ёстой. Түүний төлөө явах хууль нь энэ байна, тогтолцоо нь ийм байна, бид ингэх юм байна гэдгийг ойлгуулахын төлөө ажиллах жилүүд бол 2018-2019 он юм гэж ойлгож байна. Тиймээс энэ хуулийг өнөөгийн тогтолцоонд тохируулж биш хөгжүүлэхийн төлөөх тогтолцоонд зориулж хийж байгаа юм.

Үргэлжлэл бий.