Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“Mongolia Mining 2017” нүүрсний салбарыг онцолно

Шинэ оны эхний улиралд зарлагддаг уул уурхайн бизнес хуанли дээр “Mongolia Mining” үзэсгэлэнгийн тов нэн тодорхой бичигддэг. Монголын уул уурхай дэлхийд “моодонд” орж эхэлсэн 2010 оноос өнөөг хүртэл гадаад, дотоодын эдийн засгийн өсөлт, уналтын алинд ч тасралтгүй зохион байгуулагдахдаа ажил хэрэгч, чансаатай арга хэмжээ болж хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Энэхүү арга хэмжээ уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техник технологийг үзэсгэлэнгээр дамжуулан танилцуулахаас гадна Монголын уул уурхайн салбар дахь онцлог сэдвийг хөндсөн семинарууд явуулдаг онцлогтой.

“Mongolia Mining” дээр Монголын зах зээлийг сонирхож буй олон улсын компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, туршлага солилцохын зэрэгцээ хөрөнгө оруулагчид болоод ханган нийлүүлэгчдийн хамтын ажиллагааны нэгэн том талбар болдог. “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын чанартай энэхүү үзэсгэлэн долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа цогцолборт болох “Mongolian Mining 2017” үзэсгэлэнгийн талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.


“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриаг анх хэрхэн зохиож, уриа болгож байсан нь сонирхолтой байна?

Үзэсгэлэн зохион байгуулагдаад 4-3 жил болсны дараа энэ уриаг гаргасан юм. Анхандаа тухайн жилийн арга хэмжээний уриа байсан боловч өнөөдөр “Mongolia Mining” үзэсгэлэнгийн гол уриа болжээ.

Уул уурхайн салбарын хувьд хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагаа өргөжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг үйл ажиллагаа нь зөвхөн нэг улсын хүрээнд хийгдэх боломжгүй юм. Бүх л үйл ажиллагаа олон улсын хэмжээнд, түвшинд явагддаг. Өөрөөр хэлбэл, Монголын уул уухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд шаардлагатай тоног төхөөрөмж, үйлчилгээ, бүтээгдэхүүн, материал хангамжийг Монголын зах зээлээс бүрэн хангах боломжгүй гэсэн үг. Тэр бүхнийг хангахын тулд дэлхийгээр нэг явах шаардлага гардаг.

Харин “Mongolia Mining” үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарынхны хувьд цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэж, эрэлт хэрэгцээ болоод ханган нийлүүлэлтийг нэг дор учруулах талбар бий болгохыг зорьдог. Дэлхийн уул уурхайн салбарт хэрэглэгддэг, сүүлийн үед гарсан техник технологийн дэвшлийг эх орондоо дуудан ирүүлдэг учраас үзэсгэлэнгийнхээ уриаг ингэж өгсөн юм.

“Mongolia Mining” үзэсгэлэн жил бүр тодорхой салбар, сэдвийг онцолдог. Энэ удаагийн онцлох салбар, сэдэв юу байх бол?

Үзэсгэлэн уул уурхайн салбарыг нийтэд нь хамардаг. Гэхдээ жил бүр тодорхой эрдсийн салбарыг гол сэдэв болгон түлхүү сурталчилдаг. Энэ жил нүүрсний салбарт төвлөрнө. Үзэсгэлэн зохион байгуулагчдын зүгээс нүүрсний салбарын бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Нүүрсний уурхайд тоног төхөөрөмж нийлүүлдэг олон компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа голлох компаниуд семинар хийнэ. Монголын нүүрсний салбар дахь бодлого зохицуулалт, зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгөхөөр ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болоод Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнүүд нүүрсний салбарын асуудлаар түлхүү мэдээлэл хүргэхээр ярилцаж байна. Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л компаниуд үзэсгэлэнд оролцоно. “Эрдэнэс Монгол”-ын охин компаниуд болох төрийн өмчит “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг аж ахуйн нэгжүүд энэ жилийн үзэсгэлэнд идэвхтэй оролцоно.

Долоо дахь жилийн үзэсгэлэн, арга хэмжээний онцлог юу байх бол?

“Mongolia Mining” үзэсгэлэнгийн хувьд уламжлалаа аль болох хадгалахыг хичээдэг. Онцлог гэвэл, сүүлийн 2-3 жил уул уурхайн салбар тогтворгүй, уналтын байдалтай байгаа ч энэ жилээс дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш өсч эхэллээ. Монголын уул уурхайн салбарын экспортын гол түүхий эдийн үнэ 20-60% өслөө. Боловсруулалт, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа.

Тийм учраас “Mongolia Mining 2017” үзэсгэлэнгийн энэ жилийн арга хэмжээнд оролцох компаниудын тоо мэдэгдэхүйц өссөн нь нэг онцлог болох байх. Бид энэ удаагийн үзэсгэлэнд оролцогчдоо хооронд нь танилцуулах, амьд харилцаа холбоо тогтоох, мэдээлэл солилцох боломжуудыг олгох зорилгоор үзэсгэлэнгийн тусгай хүлээн авалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль манай үзэсгэлэнтэй хамтран ажиллаж байгаа. Тус сургуулийн геологийн музейн гол үзмэрүүдийг үзэсгэлэнгийн үеэр дэлгэн үзүүлж, гадаад дотоодын оролцогчдод Монгол орны эрдэс баялгийн салбар, геологийн судалгааны талаар тодорхой, цогц мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэнэ. 
 
Үзэсгэлэнд ямар улс орнуудаас, ямар чиглэлийн хэчнээн компани оролцохоор бүртгүүлсэн байгаа вэ?

Энэ жилийн тухайд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Нидерланд, Швед, Казахстан, Чех, Австрали, Беларусь, Герман, Солонгос, Франц зэрэг орноос нийтдээ 130 гаруй уул уурхайн шилдэг нийлүүлэгч компаниуд оролцохоор байна. Гадаад орнуудын оролцогчдын хувьд уламжлалын дагуу павильоноо /country pavilion/ гаргана. Үзэсгэлэн гаргагчдын дотор уул уурхайн ханган нийлүүлэгчид, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик, кэйтеринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид багтсан.

Аливаа арга хэмжээг ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагын хамтын ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй?

Долоо дахь удаагийн үзэсгэлэнд “Комацу”-гийн албан ёсны борлуулагч “Трансвест Монголиа” компани анх удаа оролцох хүсэлтээ ирүүлж, энэ жилийн арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаад бид баяртай байна. Монголын зах зээл дээр 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын “Вагнер Ази” компани “Алтан ивээн тэтгэгч”-ээр ажиллаж байгаа. Мөн үзэсгэлэнгийн түнш байгууллагаар олон компани идэвхтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.   
Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компани нь “Mongolia Mining” үзэсгэлэнгээс гадна хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулдаг. Эдгээрээс танилцуулахгүй юу?

Манай компани уул уурхайн салбарт хамтын ажиллагааны цөөнгүй үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоод дахь нөхцөл байдал, түүхий эдийн үнийн өсөлт, бууралттай уялдаад хөрөнгө оруулалтын сонирхол, хандлага эрс буурсан. Гэсэн хэдий ч манай компани Тянжины уул уурхайн биржийн түншлэлийн гэрээний хүрээнд Хятадын хөрөнгө оруулагч нартай Монголын уул уурхайн хэд хэдэн төслүүдийг холбох ажил хийсэн. Цаашид яриа хэлэлцээр ямар түвшинд явагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл авдаг. Түүхий эдийн зах зээлийн уналтаас шалтгаалаад зогссон төслүүд ч бий. Амжилттай хэрэгжиж буй төслүүд ч байна.

“Майнэкс Монголиа” компани нь одоогоос гурван жилийн өмнө газрын тосны “Oil shale Mongolia” хурлыг амжилттай зохион байгуулсан. Тус хурлыг хоёр жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон юм. Гэсэн хэдий ч 2016 онд УИХ-ын сонгууль тохиож хурлын зохион байгуулалтыг хойшлуулахад хүрсэн. Харин энэ жилийн хувьд  “Oil shale Mongolia” хурлын хоёр дахь удаагийн арга хэмжээг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа.

Э.Оджаргал