Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Зуун дугаар




Н.Ариунтуяа

The Mongolian Mining Journal-ийн 100 дугаартай хамт байгаа Уншигч таныг гүнээ хүндэтгэе. 100 дахь дугаараа Эрхэм таны  алган дээр тавилаа. Хөгжлийн зам дахь 100 сарыг бидэнтэй хамт туулж яваад баярлалаа.  

Монгол орны хөгжлийн хамгийн ээдрээтэй басхүү шилжилт өөрчлөлтийн цаг үеийн бодит түүх 100 дугаарын хуудсаар уншигч Танд хүрчээ. Сэтгүүлийнхээ дугаар бүрт бид нэг шинэ төсөл хэрэгжүүлж байна гэж ханддаг. Тэгвэл The Mongolian Mining Journal сэтгүүл маань 100 удаагийн төслөө амжилттай хэрэгжүүллээ. Энэ төслүүдийн үр дүнд редакциараа суралцаж, өсч өндийсөөр ирэв. Дугаараас дугаарт суралцаж, танин мэдсэн өдрүүд байлаа. Сэтгүүлийн хамт олон төдийгүй улсаараа суралцсаар байгаа он жилүүд билээ. Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдийн туулж яваа зам, монголчуудын хувьд орчин цагийн уул уурхайг ойлгохыг эрмэлзсэн танин мэдэхүйн он жилүүд байсныг 100 дугаарын хуудаснаа ямар асуудал хөндөгдөж ирснээс харж болох түүх бүтээжээ.

Монголын уул уурхайн эрчимтэй хөгжлийн цаг хугацааны давхцал дээр 2008 оны эцсээр MMJ анхны дугаараа гаргасан юм. “Хөгжлийг бүгд хүсдэг. Харин хэрхэн хөгжих тухайд олон байр суурь сонсогддог. Тэрхүү төрөл бүрийн үзэл бодлыг ойртуулж, ойлголцож чадвал хөгжилд хүрэх зам дөт болно. Хөгжлийн тухай хамгийн их маргаж байсан цаг үед MMJ мэндэлжээ” гэсэн үгс сэтгүүлийн тэргүүн өгүүллийн хажууд тогтмол зай эзэлдгийг байнгын уншигчид маань андахгүй. Хөгжлийн төлөө өдгөө ч маргасаар. Энэ бол зүй тогтол юм. Харин хөгжилд хүрэх замыг дөтлөхийн тул талуудын байр суурийг тэнцвэржүүлэх, ойлголцолд хүргэхэд The Mongolian Mining Journal хувь нэмрээ оруулахыг мэрийж ирлээ.

Хөгжлийн зам дахь алдаа оноо, амжилт бүтээлийн мөчлөгийг түүхчлэн үлдээсэн 100 төсөл хэрэгжүүллээ. Эрдэс баялгийн салбарын сүүлийн 9 жилийн тойм мэдээллийг сэтгүүл зүйн архивт баттай хадгалсан он жилүүд байлаа. Уул уурхайн мэдээний шилдэг сонголтыг уншигчдадаа хүргэх гэсэн бидний зорилго тэлсээр өдгөө 9 жилийн түүх хүүрнэсэн баялаг архив, мэдээлэл, лавлагааны биет санг бүтээжээ. Энэ санд мянга мянган мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжлага, ярилцлага, гэрэл зураг, төсөл, танилцуулга, судалгаанууд хадгалагдаж байна.

Тэр бүхнээс уул уурхай дагасан эдийн засгийн эрчимжилт, том төслүүд, ордуудын ашиглалт, эерэг сөрөг үр дагаврууд, ирээдүйн ажлын нүргээн, өөрчлөлтийн хандлага, уналт сэргэлт бүр ажиглагддаг. Итгэл найдвар, цөхрөл хатуужил харагддаг. Ханцуй шамласан зүтгэл мэдрэгддэг. Хямралын хүндхэн үе байсан шүү гэж ярьдаг. Он жил Монголын уул уурхайн салбарт ямархан ул мөр үлдээн одсоныг, эрдэс баялгийн салбар ямар хувьсал өөрчлөлт, ололт амжилт, өсөлт бууралтыг даван туулж ирснийг 100 төсөл эргэн сануулахад магад зарим нь шив шинэ мэт санагдаж байна.   

Одоо энэ сан уул уурхай төдийгүй сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, салбарын эрдэмтэн судлаачдын мэдээлэл, лавлагаа, эрдэм шинжилгээний ажилд тус болохуйц судалгааны ач холбогдолтой болжээ. Та бидний хамтдаа бүтээсэн энэ сан хуваалцах тусмаа өсөн нэмэгддэг мэдлэг болон өргөжиж байна. Төсөл маань булган сүүлтэй байж, энэ салбарт эхлэн бичигч, суралцагч нар шинээр төрж байна. Монголын сэтгүүл зүй үндэсний уул уурхайн салбар руу анхаарлаа хандуулж эхэлсэн нь төслийн бас нэг бодит үр дүн байлаа.

Оюутолгой, Тавантолгой бол онцгой төслүүд юм. Энэ хоёр төслийн туулж яваа зам, тойрсон үйл явдлыг бичилгүй орхигдуулсан нэг ч дугаар байсангүй. MMJ сэтгүүлийн 2008 оны хуудсыг эргүүлье. Тэртээ 9 жилийн өмнө Оюутолгой, Тавантолгой ордыг ашиглаж эхлэхээр төсөвт орлого тооцож байснаас үзвэл монголчуудын хувьд үнэхээр онцгой төслүүд. Орлогын мөрөөдөл төдийгүй эх орны хөгжилд хүний амьдралын нэгэн үеэс ч илүү цаг хугацааг туулан нөлөөллөө үзүүлэх тавилантай. Оюутолгойн гэрээ зурах мөч, уг асуудлаар нийгэм талцах бус нэгдэхийн учир, дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд албан ёсны оролцогч болсон шинэ үеийн Монгол, бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлд шилжсэн шинэ шат. Тавантолгойн тендер, шинэ ТЭЗҮ, нүүрсийг баялаг болгох зам ба улс төрийн сонирхлууд, ордод хүрэх төмөр замын “дайн”, улстөржилт ба бүтээн байгуулалт, Цогтцэцийд монгол инженерүүдийн толгойгоор, монголчуудын өөрсдөө байгуулсан нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орж бүтээн босгох эрмэлзэлд дуудсан эхлэлүүд, Монгол брэндийн коксжих нүүрс дэлхийд өрсөлдөнө хэмээн эхний шан татсан ажлууд. Төд удалгүй өмнийн говийн мөнгөн борооны урсгалыг тасалдуулсан уул уурхайн салбарын уналт тохиов. Энэ бол дэлхийн хямралаас өмнө эдийн засгаа өөрсдөө нураасан түүх юм гэж MMJ бичжээ. Өрнөсөн үйл явц, хууль эрхзүйн орчны өөрчлөлт савлагаа, эргэж буцсан зам мөрүүд байлаа. Өндөр өсөлтийн дараах Монгол улс №1 сонголтоо Оюутолгой, Тавантолгой гэж сонгосон.

Бидний өмнө цоо шинэ цаг үе ирж, хамтрагчаа сонгох, шинэ нөхцөлд түншилж сурах гэж алдаж онож, энэ хооронд чанарын том ялгаа гарсаар ирэв. Том төслүүдийн хувь тавилан, өөр зуураа хөлөө жийлцсэн талцал маргаан, эвлэж өгөөгүй ашиг сонирхлууд, нийгмийн санал хуваагдал нь Монголын уул уурхайн салбарыг үнэ ханшийн уналтаас гадна давхар цохилтод оруулсаар иржээ.   

Энэ бол Монголын уул уурхайн өнгөрсөн 9 жил, онцгой мөчүүд, туулсан зам. Түүнийг илэрхийлсэн 100 дугаарын агуулга, MMJ-ийн ковер гарчигт агуулагдсан түүх юм. Дугаараас дугаарт Монголын уул уурхайн салбар шинэ үйл явдлуудаар баяжсаар иржээ.

MMJ-ийн хуудаснаа байр суурь нь олонтаа хэвлэгддэг мэргэжлийн хүмүүс, бие даасан судлаач шинжээчид, уншигчдын оюуны эрэлтэд нэмэр болохуйц, ирээдүйн хандлагыг тодруулсан мэдээ мэдээлэл бүрийг хуваалцаж ирсэн Хүн бүхэнтэй өнөөдөр эргэн мэндчилье. 

Эхний дугаарыг уншсан Эрхэм та, анхны дугаарыг захиалсан, түүнээс хойш үргэлж  сонгосоор ирсэн байнгын Захиалагч, Mining Journal сэтгүүлийг “сайн” гэж тодотгон сурталчилгаагаа байршуулдаг Харилцагчид, байр суурийг тэнцвэртэй хүргэдэг, бодитой үндэслэлтэй ханддаг гэж үнэлдэг салбарын Мэргэжилтнүүд, зарим тусгай дугаар танин мэдэхүйн үнэ цэнтэй гарын авлага болдог гэж хэлсэн Судлаач, сэтгүүлийг он оноор нямбайлан шүүгээндээ өрсөн Инженер, санамсаргүй хийсэн алдааг уучилдаг ч доожоогүй материал нийтлэгдэхийг зөвшөөрдөггүй орчин цагийн Уншигч танд, ерөөс 100 дугаар, 100 төсөлтэй хамт байсан байгууллага, хүн болгонд дахин талархъя.

The Mongolian Mining Journal хэмээх төслийн захиалагчид, төслийн үр дүнг хүртэгсэд, төслөөс суралцагсад нь Уншигч та бүхэн билээ. Дахиад 100, 100 төслийг  хамтдаа хэрэгжүүлэх ирээдүйд итгэж байна.