2016 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр 105 үр дүнгийн тайлан ирүүлснээс 94 ордын нөөцийг бүртгэх шийдвэр гарсан байна. Үүнээс алтны 6 үндсэн ордын 33.2 тонн алт, 33 шороон ордын 5.9 тонн алт буюу нийт 39.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэжээ.
2011 оноос хойш 6 жилийн хугацаанд нийт 283.4 тонн алтны үндсэн ордын нөөц, 33.56 тонн алтны шороон ордын нөөц бүртгэжээ. Харин 2016 оны байдлаар Монгол улсын нөөцийн нэгдсэн бүртгэлийн мэдээллээр алтны 425 тонн үндсэн, 850 тонн дайвар нөөц бүртгэгдсэн байдаг байна.
2016 оны байдлаар улсын хэмжээнд 1560 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүнээс 34 хувь нь буюу 537 нь алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл юм.
Харин Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр сүүлийн 6 жилд 54.59 тонн алт олборложээ. Өнгөрсөн онд 18.51 тонн алт олборлосон бөгөөд борлуулалтын орлого нь 1 их наяд 244 тэрбум төгрөг болжээ.
С.Болд-Эрдэнэ