Чили улс дахь дэлхийд зэсийн хамгийн томд тооцогдох Эскондида уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Тус уурхайн ажилчид өнгөрөгч хоёрдугаар сараас ажил хаяж 43 хоногийн турш үргэлжлээд зогссон байна. Ажиллах нөхцөл, хөдөлмөрийн хөлсний асуудал уурхайчдын ажил хаях гол шалтгаан болсон юм.
Эскондида уурхайг эзэмшигч BHP Billiton компанийн удирдлагуудын зүгээс уурхайчдын хөдөлмөрийн гэрээг 18 сараар сунгах шийдвэрийг гаргаснаас ажил хаялт зогссон байна.
Хэдийгээр дэлхийн зэсийн томоохон уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр болсон ч даваа гаригийн байдлаар түүхий эдийн зах зээл дэх зэсийн үнэ буураад буй. Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 5739,5 ам.доллартайгаар хаагдсан байна. Өнгөрсөн долоо хоногт нэг тонн зэсийн үнэ 1,42%-иар буурчээ.
Э.Од