“Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Мөн Зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлолт хийж байгаа TTJVСо компанийн 64 сая долларын өрийг энэ сард барагдуулж байгаа аж. “Чалко”-гийн өр төлбөрийг барагдуулсан ч гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа юм. Урьдчилгаа төлбөр 350 сая долларыг барагдуулснаас хойш 5 жил Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний 80 хувийг “Чалко”-д борлуулах гэрээтэй байдаг. Гэхдээ үнийн индескийг шинээр тохирох боломжтой бөгөөд энэ талаарх хэлэлцээрийг хийж байгаа хэмээн Гүйцэтгэх захирал Б.Ариунболд мэдэгдэв.
2011 оны 7 дугаар сард Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, 350 сая ам.долларын урьдчилгаа авч байсан билээ. Энэхүү мөнгөний дийлэнх хэсгийг Хүний хөгжил сангийн санхүүжилтэд зарцуулж, иргэн бүрт 21 мянган төгрөг болгон тарааж байсан юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн анхны Гүйцэтгэх захирал, “Чалко”-гийн гэрээг байгуулж байсан Б.Энэбиш 3 жилийн өмнө сонинд өгсөн ярилцлагадаа, “Ингэж их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай байсантай холбоотой” хэмээн тайлбарлаж байсан юм.
Өрөө барагдуулахад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь нүүрс борлуулалтыг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулж, Цанхийн баруун уурхайгаас олборлолт хийсэн нь нөлөөлөсөн гэв. Мөн нүүрс борлуулалтын үнээ 27 ам.доллараас 33, 50, 59.3, 72.5 ам.доллар болгон үе шаттай нэмэгдүүлж чаджээ. Өнгөрсөн онд 7.5 сая тонн нүүрс олборложээ.
Өр төлбөрөө барагдуулсанаар цаашид Зүүн болон Баруун Цанхийн уурхайн нүүрсний орлого төсөвт орох боломжтой болж байгаа аж. Энэ жил тус компани 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 2.8 сая тонныг олборлож, 2.2 сая тонныг экспортлоод байна. Зах зээлийн үнэ боломжийн байвал энэ жил 550 сая долларын борлуулалтын орлого олох боломж бүрдэж байгаа хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд мэдэгдэв.
Түүнчлэн Баруун Цанхийн уурхайн гэрээт олборлогчийн
тендерт “Монгол уурхайчид” нэгдэл ялж, олборлолтын ажлаа эхлүүлжээ. Ингэснээр
жилийн олборлолтын зардал 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэх боломжтой. Баруун
цанхийн олборлолтын өртөг Зүүнээс 2 дахин хямдхан байна.
С.Болд-Эрдэнэ