Австралийн нүүрсний гол бүс нутаг болох Квийнслэнд мужаас нүүрс тээвэрлэдэг төмөр замын гол оператор компани болох “Aurizon” нь хар салхинаас үүдэлтэй төмөр замын эвдрэлийг засахад 5 хүртэлх долоо хоног шаардагдах тухай өнөөдөр мэдээлжээ. Тодруулбал, Квийнслэнд дэх боомтуудтай холбогдсон төмөр замын шугамууд хүчтэй үерт багагүй эвдэрч сүйджээ. Хэдийгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр оролдсон ч зөөвөрлөх ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болжээ. Ийнхүү дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн тал хэсгийг хангадаг Квийнслэндийн нүүрс тээвэрлэлтийн дөрвөн гол төмөр замын шугамын тээвэрлэлт саатаад байна.
Зах зээл шинжээчдийн өмнө нь хийж байсан дүгнэлтээр, тухайлбал Macquarie банк Дэбби хар салхины нөлөө тийм ч ноцтой биш байхын сацуу өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхэлсэн үнийн өсөлтийн нөлөөгөөр АНУ, Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн тул нийлүүлэлт хомсдох аюул байхгүй гэж тайлбарлаж байсан юм.
Харин нүүрсний нийлүүлэлт ийм урт хугацаагаар тасалдана гэж шинжээчид таамаглаагүй байсан юм. AME группын эдийн засагч Марк Перван Австралийн нүүрсний төмөр замын тээвэрлэлт ийнхүү урт хугацаагаар зогсоход хүрвэл 12-15 сая тонн нүүрсний нийлүүлэлт саатаж болзошгүйг Ройтерс агентлагт мэдээлжээ. Энэ нь дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн 3-4%-тай тэнцэх дүн болохыг тэрбээр онцолжээ.
Нийлүүлэлтийн саатал нь шууд худалдааны үнийг өсгөж магадгүй бөгөөд цаашлаад нүүрс, гангийн томоохон компаниудын хооронд хийгддэг улирлын гэрээний үнэ тооцоолж байснаас өндөр тогтох нөхцөл болж мэдэхийг зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
Одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний шууд худалдааны үнэ нэг тонн нь 159 ам.доллар байгаа бол оны хоёрдугаар улирлын коксжих нүүрсний гэрээт үнэ мөн энэ түвшинд хийгдэх болов уу гэсэн хүлээлт зах зээл шинжээчдийн дунд байгаа юм. Гэхдээ ийнхүү Австралийн нүүрсний тээвэрлэлт тооцоолж байснаас удаан зогсох аваас зах зээлд үнийн өсөлт тохиох нь тодорхой болоод байна.
Дөрөвдүгээр зэргийн ангилалд багтах Дэбби хар салхи нь Австралийн зүүн хойд эргийг өнгөрсөн долоо хоногийн эхээр дайрч эхэлсэн бөгөөд гамшгийн улмаас нийтдээ 4 хүн нас барсан байна. Одоогоор хар салхины уршгаас болж хэдий хэмжээний хохирол учирсныг хараахан бүрэн тооцоолж амжаагүй байна.
Хэдийгээр Квийнслэнд мужийн томоохон
нүүрсний уурхайнууд үерийн эсрэг онцгой бэлэн байдалд ажиллаж, зарим нь үйл
ажиллагаагаа сэргээж эхэлсэн ч энэ удаад хүчтэй үерийн улмаас төмөр замын шугам
сүйдсэн нь нийлүүлэлтийг багагүй хугацаанд гацааж мэдэхээр байна.
Б.Төгс