Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Коксжих нүүрсний үнэ огцом өсөв

BHP Billiton, Glencore зэрэг компани худалдан авагч нартаа гэрээгээр хүлээсэн хугацаанд нүүрс нийлүүлэх боломжгүй болсноо өчигдөр албан ёсоор зарлалаа. Ингэснээр дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар ганцхан өдрийн дотор 32% буюу 58 ам.доллараар өсч дээд чанарын ангиллын коксжих нүүрсний үнэ 241 ам.долларт хүрлээ. Энэ тухай Platts түүхий эдийн зах зээл шинжилгээний байгууллагын коксжих нүүрсний ханшийн мэдээлэлд дурджээ. Мягмар гаригийн байдлаар уг ангиллын коксжих нүүрсний үнэ 15%-иар өсч, 175-180 ам.доллар болсон нь ойрын дөрвөн жилд болж байгаагүй огцом өсөлт гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Харин манай улсын нүүрстэй ойролцоо ангилалттай нүүрс буюу (HCC) стандарт ангиллын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар тонн тутамдаа 13 ам.доллараар нэмэгдэж 170 ам.доллартай тэнцжээ.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн тал хэсгийг нийлүүлдэг Австралийн Квийнслэнд мужийг Дэбби хар салхи дайрсан билээ. Хар салхинаас үүдсэн их үерийн улмаас Квийнслэнд мужийн гол нүүрсний уурхайнуудыг эргийн боомтууд руу холбосон дөрвөн гол төмөр замын сүлжээ эвдэрч, тэр дундаа хамгийн гол шугам болох Goonyella сүлжээг засахад таван долоо хоног шаардагдахаар байгаа юм. Энэ тухай өнгөрсөн долоо хоногийн сүүлээр төмөр замын тээврийн оператор компани Aurizon мэдэгдсэн билээ. Энэ долоо хоногт тус мужид ажилладаг нүүрсний компаниуд уурхайн үйл ажиллагаагаа сэргээгээд байсан ч Квийнслэндийн томоохон нүүрс олборлогч нар давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээ биелүүлэх боломжгүйгээ зарламагц коксжих нүүрсний зах зээлд ийнхүү гэнэтийн цочрол үүсээд байна.

Macquarie банкны тооцоолж буйгаар нүүрсний үнэ өсч буй ч энэ нь төдийлөн урт хугацаанд үргэлжлэхгүй гэдгийг санууллаа. Өөрөөр хэлбэл коксжих нүүрсний үнэ богино хугацаандаа өсөх ч эргээд маш хурдан буурна гэж үзэж буйгаа тайлбарлалаа.

Квийнслэндийн нүүрсний төмөр замын сүлжээг засварлаж байх зуур ойролцоогоор 15-20 сая тонны нүүрсний нийлүүлэлт саатахаар байгаа бөгөөд энэ нь Австралийн бусад мужийн нүүрс олборлогч компаниуд болон өөр бусад орны коксжих нүүрс нийлүүлэгч нарт ашигтайгаар тусна гэж шинжээчид үзэж буй юм. 


Б.Төгс