Австралийн эрэг дээрх дээд ангиллын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар нэг тонн нь 300.3 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр тохиосон Дэбби хар салхины улмаас Квийнслэнд мужийн нүүрсний төмөр замын дөрвөн гол сүлжээ их үерт багагүй хэмжээгээр эвдэрч сүйдээд байгаа юм. Тэр дундаа хамгийн гол сүлжээ болох Goonyella-г засч дуустал дахиад дөрвөн долоо хоног зарцуулагдаж болзошгүй байна. Нөгөө гурван сүлжээний тухайд энэ долоо хоногт ашиглалтад орохоор байгаа тухай мужийн төмөр замын тээврийн оператор компани Aurizon мэдэгдлээ. Гэвч нүүрсний гол томоохон уурхайнууд Goonyella сүлжээ ашиглалтад орох хүртэл тээвэрлэлтгүй зогсох тул нийлүүлэлтээ сэргээх боломжгүй гэсэн үг юм. Зах зээл шинжээчдийн таамаглаж буйгаар төмөр замын засвараас үүдэн ойролцоогоор 12-15 сая тонн нүүрс хэрэглэгчдэдээ хүрч чадалгүй саатахаар байна.
Нүүрсний үнэ богино хугацаандаа дахиад ч өсөхөөр байгааг зах зээл шинжээчид онцоллоо. Гэхдээ энэ нь зөвхөн түр зуурын шинжтэй өсөлт болохыг санууллаа. Учир нь энэ удаагийн хар салхины гамшигт нүүрсний уурхайнууд хавьгүй илүү бэлтгэлтэй байсан бөгөөд зөвхөн нүүрсний төмөр замын сүлжээ ашиглалтад орохыг хүлээж буйг тэмдэглэж байгаа юм.
Б.Төгс