Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн банк: 2017 онд Монголын эдийн засагт өсөлт гарахгүй

Дэлхийн банк өнөөдөр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа танилцууллаа. Уг тайланд тус бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө өсөлттэй байх боловч тодорхойгүй байдал оршсоор байгааг санууллаа. Тодруулбал макро эдийн засгийн бодлогын оновчтой байдал болон худалдааны үзүүлэлтүүд томоохон нөлөөтэй байх талаар дурджээ.

Монголын хувьд хэдийгээр түүхий эдийн үнэ сэргэж, Оюутолгой зэрэг томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр гадаад хөрөнгө оруулалтын үзүүлэлт сайжрахаар байгаа ч төсвийн алдагдлыг бууруулах, өрийн хэмжээг багасгах бодлогын үр дүнд ойрын хоёр жилд өсөлт төдийлөн их байж чадахгүй гэж үзэж байна. Түүнчлэн түүхий эдийн үнийн өсөлт нь тогтвортой бус байж мэдэх тул нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж тооцоход эрт байгааг санууллаа.

Үүнээс гадна төсвийг чангалж буй нь энэ онд хувийн хэвшлийн бизнесийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Тае Хиун Ли мэдэгдлээ. Гэхдээ ирэх жилүүдэд төсвийн алдагдал буурахын хэрээр банкуудын зээл олголт сайжирч, эргээд дотоодын бизнесийн орчин сайжирч магадгүй гэж тэрбээр тайлбарлав.

Дэлхийн банкны уг тайланд өсөлтийн төлөвийг нэлээд хашир байдлаар авч үзсэнийг онцолсон бөгөөд 2018, 2019 оноос өсөлт аажмаар гарахаар байгаа юм. Энэ тайланг Дэлхийн банк жилд хоёр удаа гаргадаг бөгөөд өнгөрсөн намрын тайланд Монгол улсын өсөлтийн төлөвийг энэ онд 2.0%, ирэх 2018 онд 3.5%-тай байна гэж тооцоолж байсан нь энэ удаагийн тайланд харьцангуй буурсан дүнтэйгээр тэмдэглэгджээ.

Гацуурт, Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдийг дагасан хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, улмаар 2018, 2019 онд эдийн засгийн өсөлт ажиглагдана гэж тооцжээ.

Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл (%-иар)

 

2015

2016

2017

2018

2019

Монгол

2.2

1.0

-0.2

1.9

8.0

 

Ийнхүү Монгол улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдлын төлөв энэ онд сул байгаа бол ирэх онд 650 сая гаруй долларын (nonconcessional) зээл төлөх асуудал тулгарахыг тайланд тусгасан байна. Эрсдэлт хүчин зүйлсийн дунд цаашид түүхий эдийн, ялангуяа нүүрс, зэсийн үнийн болзошгүй бууралт, гадаадын хөрөнгө оруулалт саатвал эдийн засагт мэдэгдэхүйц сөрөг нөлөөтэйг анхааруулжээ.

Уг бүс нутгийн хамгийн нөлөө бүхий эдийн засаг болох Хятад улсын хувьд ирэх жилүүдэд харьцангуй тогтуун өсөлтийн жимийг хадгалах бөгөөд энэ онд өсөлт 6.5%, ирэх онуудад 6.3%-тай байна гэж тооцжээ. Хятадын эдийн засгийн өсөлт ийнхүү аажим буурахаар байгаа нь хэрэглээ, үйлчилгээний салбарт хийгдэж буй бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм байна. Түүнчлэн Хятадын хувьд төрийн өмчийн компаниудын үлэмж өрийг бууруулах, бүтцийг нь өөрчлөх талаар идэвхийлэн ажиллаж буй нь аажимдаа эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлэхээр байгааг тэмдэглэжээ.

Уг бүс нутгийн орнуудад төсвийн алдагдал нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд цаашид төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай байгааг Дэлхийн банкны эдийн засагч Судхир Шэтти санууллаа.

Зүүн Ази, Номхон Далайн бүсийн ДНБ-ийн өсөлтийн төсөөлөл

(өмнөх жилээс өөрчлөлт, хувиар)

 

2015

2016

2017

2018

2019

Хятад

6.9

6.7

6.5

6.3

6.3

Индонез

4.9

5.0

5.2

5.3

5.4

Малайз

5.0

4.2

4.3

4.5

4.5

Филиппин

5.9

6.8

6.9

6.9

6.8

Тайланд

2.9

3.2

3.2

3.3

3.4

Вьетнам

6.7

6.2

6.3

6.4

6.4

Камбож

7.0

6.9

6.9

6.9

6.7

Лаос

7.4

7.0

7.0

6.8

7.2

Бирм

7.3

6.5

6.9

7.2

7.3

Монгол

2.2

1.0

-0.2

1.9

8.0

Фижи

3.6

2.0

3.7

3.5

3.3

Папуа Шинэ Гвиней

6.8

2.4

3.0

3.2

3.4

Соломон Арлууд

3.3

3.0

3.3

3.0

3.0

Зүүн Тимор

4.3

5.1

4.0

5.0

6.0

 

 Б.Төгс